Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан
2016.02.04

Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ танилцуулсан юм.

Тэрбээр, Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлд төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох төрийн бус байгууллагаас ирүүлсэн саналыг тусган хуулийн төслийг эцэслэн боловсрууллаа хэмээсэн.

Хуулийн төсөлд барилга байгууламжийг төвөгшлөөс нь шалтгаалан таван ангилалд хуваасан бөгөөд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, тухайн барилга байгууламжийн барилгын ажилд зөвшөөрөл олгох асуудлыг ангиллалтай холбож өгсөн. Барилгын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн байх бөгөөд бүртгэлийг цахим хэлбэрээр гүйцэтгэж нийтэд нээлттэй байлгахаар зохицуулжээ.

Мөн хуулийн төсөлд хүнд суртлыг зогсоох зорилгоор барилгын ажлын зөвшөөрөл олгох процессыг хуульд нарийвчлан зохицуулсан бөгөөд тодорхой хугацаа тогтоож өгсөн болно. Төсөлд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах, барилгын ашиглалтад хяналт тавих үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хэрэгжүүлэхээр тусгасан байна. Хууль батлагдсанаар барилгын салбарын эрх зүйн орчинд тодорхой ахиц гарах бөгөөд барилгын ажлын зөвшөөрөл олгох процессыг хуульд нарийвчлан зохицуулснаар барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хугацаа одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуультай харьцуулбал бараг 9 дахин, гарын үсгийн тоог 3.5 дахин багасгасан нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх нэг алхам болно гэж хууль санаачлагч үзэж байгаа юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганхуяг, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.