Ганхуяг.Д Баярсайхан.Ц Энх-Амгалан.Л 2016.02.04 | Сайт: Vip76.mn

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гишүүдэд танилцуулав.

Монгол Улсын хэмжээнд өнөөг хүртэл 600 гаруй ашигт малтмалын ордын нөөц тогтоож, үүнээс 200 гаруй ордыг ашиглаж байна. Олон жил ашиглагдсан уурхайн дэргэдэх ашигт малтмалын овоолго, хаягдлыг дахин ашиглах үйл ажиллагааг төрөөс хөхиүлэн дэмжих шаардлагатай байна хэмээн сайд Д.Эрдэнэбат танилцуулгын эхэнд дурдсан.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүдрийн ил уурхайн ашиглалтын хугацаанд ихээхэн хэмжээний хүдрийн овоолго үүсэн ба нүүрс, алт болон бусад төрлийн ашигт малтмал олборлодог уурхайнуудын ашиглалтын явцад ч ихээхэн хэмжээний хаягдал, овоолго хуримтлагддаг байна. Алт, газон шар зэрэг ашигт малтмалын зарим ордыг нэлээд олон жилийн өмнө ашиглахдаа техник, технологийн хүчин чадлаас хамааран үүсмэл орд бий болдог бөгөөд ийм нөхцөлд түүнийг дахин ашиглах, үнийн өсөлттэй байгаа үед нь аж ахуйн эргэлтэд яаралтай оруулах асуудал зүй ёсоор тавигдаж байгаа аж.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д заасан овоолго, хаягдлаас ашигт малтмалыг ялган авч, ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ. Хуулийн төслийг боловсруулахдаа хоёрдогч ашигт малтмал боловсруулж буй гадаад орнуудын туршлагыг судалсан бөгөөд Канад Улс зэсийн үйлдвэрлэлээс үүссэн 0.45 хувийн зэсийн агуулгатай овоолгын хаягдлаас баяжуулалтын шинэ аргаар боловсруулалт хийж нийт хаягдал зэсийн 40 хүртэл хувийг авдаг байна.

Ашигт малтмалын овоолго, хаягдлыг дахин боловсруулснаар нөөц ашиглалтыг сайжруулж, шинээр болон нэмэлт хайгуул хийх зардлыг бууруулан эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлдэг аж. Түүнчлэн улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээмж, ашиг орлого өсч, ажлын байр бий болох, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн хууль санаачлагч үзэж буй юм байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийгхэлэлцэхийг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо