Намууд дур зоргоороо  амладаг байдалд цэг тавина
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2016.02.04

Намууд дур зоргоороо амладаг байдалд цэг тавина

УИХ дахь намын бүлгийн удирдлагуудын зүгээс Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийгээд байгаа юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

-Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын гол зорилго юу вэ?

-Монгол Улсын төрийн бодлого нь оновчтой, алсын хараатай, залгамж чанартай, уялдаа холбоо нь хангагдсан байх ёстой. Мөн хууль тогтоомжид нийцсэн, стратегийн ач холбогдолтой байх нь зүйтэй гэсэн үндэслэлээр Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулсан. Аливаа улс орон хөгжлийнхөө урт хугацааны зорилтыг зөв оновчтой тодорхойлох ёстой. Монгол Улс 1990 оноос өмнө хөгжлийн зорилтоо дунд хугацааны буюу таван жилийн төлөвлөгөөгөөр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг байсан.

Харин 1990 оноос хойш олон намын тогтолцоотой болсон. Ингэснээр дөрвөн жилийн хугацаатай сонгуулиар засгийн эрх солигдон, хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт алдагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулиар юу хүссэнээ амладаг. Гэвч засгийн эрхэнд гарсан улс төрийн хүчин өмнөх явуулж байсан төрийн бодлогуудыг зогсоодог байдал бий болж, хөгжлийн алсын хараа, урт хугацааны зорилго маань тодорхойгүй болсон. Иймд бид урт хугацаандаа яаж хөгжих юм, бидний хүрэх цэг, зорилго юу байх вэ, түүнд хүрэхийн тулд ямар бодлого дэвшүүлж, хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна. Үүнийг аль ч улс төрийн хүчин засгийн эрхэнд гарсан тууштай мөрддөг болохын тулд УИХ-д суудалтай улс төрийн намууд нэгдэж, дээрх үзэл баримтлалыг боловсруулсан. 

-Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг мөрөөдлийн жагсаалт гэж шүүмжлэх хүмүүс байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Улс орон хөгжихийн тулд тодорхой зорилго дэвшүүлэх ёстой. Тодорхой мөрөөдөл, тэмүүлэл, итгэл байх ёстой. Энэ бүхэн байхгүйгээр зөвхөн өгөгдсөн нөхцөл байдалд тааруулж ажиллаад байж болохгүй. Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулахдаа УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн бүлгүүд хамтарч, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдынхаа хамтаар нэлээд хугацаанд боловсруулж ажилласан.

Тодорхой хэмжих нэгжтэй, хэрэгжих үндэслэлтэй баримт бичиг боловсруулсан. Одоо өргөн баригдсан төслийг УИХ хэлэлцүүлгийн явцад илүү сайжруулж, чамбайруулах боломж бий.

-Уг үзэл баримтлалд 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 17,500 ам.долларт хүргэнэ хэмээн тусгасан байна. Ийм боломж байгаа юу?

-Хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Өмнө нь гарсан бодлогын баримт бичгүүд эдийн засгийн өсөлт 17 хувь хүрсэн, хөрөнгө оруулалт 3-4 тэрбум төгрөг болчихсон үед хэт өөдрөг төсөөллөөр гарсан байдаг. Олон улсын байгууллагууд ч манай эдийн засгийг жилд 10 хувиар өснө, 2015 онд нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрч, 2030 он гэхэд 60 мянгад хүрэх боломжтой гэсэн хэт өөдрөг төсөөллийг дэвшүүлээд  байсан.

Тэгвэл энэ удаад бид хэт өөдрөг төсөөллөөр биш, бодитой тооцоо судалгаагаар олон улсад ашигладаг Т21 загварыг ашиглаж баримт бичгийг боловсруулсан байгаа. Монгол Улсын өнгөрсөн 25 жилийн эдийн засгийн дундаж өсөлт, ирээдүйн чиг хандлага, учирч болох сорилтуудыг тооцож эдийн засгийн бодит өсөлт дунджаар 6.6 хувьтай байна. нэг хүнд ногдох ДНБ 2030 он гэхэд 17,500 орчим ам.доллар байна. Хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд 35-40 их наяд төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй болно гэдгийг манай мэргэжлийн байгууллага. эрдэмтэн судлаачид тооцож гаргасан.

-2008 онд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг баталж, хэрэгжүүлсэн. Өнгөрсөн онд 40 гаруй хувь буюу хангалтгүй хэрэгжсэн гэсэн дүгнэлт гарсан байна билээ. Тэгэхээр урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх баталгааг хэрхэн харж байна?

-Нэгдүгээрт, урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг аль нэг нам дангаараа санаачилж, боловсруулаагүй. УИХ дахь МАН, Ардчилсан нам болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга нар Ажлын хэсгийг ахалж, хамтарч боловсруулсан. Тийм болохоор улс төрийн хувьд нэгдмэл эрх ашгаар өргөн мэдүүлсэн. Аль нэг нам дангаараа өөрчлөөд, өмчлөх гээд байхгүй учраас улс төрийн баталгаа нь хангагдаж байна гэсэн үг. Хоёрдугаарт, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг батлахаас өмнө хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай процессийн хуулийг УИХ-аар баталсан.

Өмнө нь хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд хэн, ямар үүрэг хүлээх, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрхэн уялдуулах гэх мэт зүйлс тодорхойгүй байсан. Тиймдээ ч хэрэгжиж чадахгүй амьгүй баримт бичиг болон орхигдсон тал бий. Тухайлбал, УИХ дунд хугацааны бодлогуудыг батлах бол Засгийн газар хоёр жил тутам хэрэгжилтийг дүгнэж ажиллана гэдгийг хуульчилж байгаа. Мөн сонгуульд оролцож байгаа намуудын мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон хөгжлийн үзэл баримтлалд нийцэж байна уу гэдэгт дүн шинжилгээ хийж, шаардлага хангаагүй мөрийн хөтөлбөрийг бүртгэхгүй байх зэрэг зохицуулалтыг хийж байгаа. Ингэснээр улс төрийн намууд зөвхөн хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж, дур зоргоороо амладаг байдалд цэг тавина гэж үзэж байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.