Б.Клинтон: 16 настайдаа улс төрд орохоор шийдсэн
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон "Опрагийн шоу"-нд оролцох үеэр
2016.02.05

Б.Клинтон: 16 настайдаа улс төрд орохоор шийдсэн

2004 оны наймдугаар сард "Опра" сэтгүүлд өгсөн ярицлагыг орчуулан хүргэж байна. Тэрээр 2004 онд юу гэж ярьж байсан нь таны сонирхлыг татах биз ээ.

АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Виллиам Жефферсон Билл Клинтон 2004 онд Миний амьдрал “My Life” нэртэй дурсамж номоо бичиж, дэлхий олон нийт шимтэн уншдаг номын нэг болжээ.

Энэхүү дурсамж номонд Арканзас мужид өнгөрүүлсэн хүүхэд наснаас эхлээд Цагаан ордонд байх үе, эхнэр Хиларигийн улс төрийн карьерын тухай, Америк мөрөөдлийн тухай ярьсан байна. Энэ дунд хойд эцгийн гарт гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа дурдаж, 10 насны зөрөөтэй дүүгийнхээ тухай ч ярьжээ.

Опра Винфри: Би таны “My Life” номын талаар энд ярьж байна. Гар бичмэлээ 900 гэж дугаарлаж байхад таны түүх АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үе рүүгээ ч ороогүй байсан гэдэг?

Билл Клинтон: Яг ч тийм биш. Хоёр ном байгаа юм. Миний төрснөөс эхлээд ерөнхийлөгчийн кампанит ажил хүртэлх үеийг дурсамж хэлбэрээр бичсэн. Харин Цагаан Ордонд байх үе нь ерөнхийлөгчийн өдрийн тэмдэглэл хэлбэрээр бичсэн. Эхний хэсгээ дуусгаж байтал аль хэдийн 460 хуудас болсон байсан. Тэгтэл манай редактор Боб ахиж юу ч нэмж болохгүй гэсэн!

Опра: Боб энэ ажлыг дуусгахын тулд танайд нүүж очсон гэж үнэн үү?

Клинтон: Тэр манайд хоёр өдөр байсан. Гайхалтай залуу, мундаг редактор.

Опра: 900 гаруй хуудаснаас таны юу хассаныг таашгүй юм байна?

Клинтон: Олон гайхалтай үйл явдлуудаас бичсэн. Боб хэлэхдээ “Зарим зузаан номыг маш хурдан уншиж дуусгадаг байхад зарим нимгэн номыг уншиж дуусгахад их цаг ордог. Таныхыг уншихад их амархан учраас танд тохиолдсон явдлуудыг хасахгүй үлдээж болох юм байна” гэсэн. Тэгээд би эхний 150 хуудсаа түүнд илгээтэл “Сайхан түүхүүд байна.

Гэхдээ та ямар нэгэн албан тушаалд өрсөлдөх гэж байгаа юм уу?” гэж асуулаа. Би “Үгүй ээ, одоо болсон” гэж хэлсэн. Боб хариуд нь “Сайн байна. Тэгвэл та уулзсан хүн бүрийнхээ нэрийг битгий бич. Та яаж хүмүүсийн хүүхдүүд тэр ч бүү хэл  ач хүүхдүүдэд нь тохиолдсон зүйлсийг ийм сайн санаж чаддаг байна?” гэхэд нь “Би бол Арканзас мужийн хүн. Бид нар ийм л хүмүүс” гэж хариулж билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон 2001 онд Цагаан ордныг орхисноосоо хойш 3 жилийн дараа "Миний амьдрал" номоо бичиж, 2 сая хувь хэвлүүлж нийтийн хүртээл болгожээ.

Опра: Таныг ерөнхийлөгч байсан үеийн талаар ярилцъя. Нобелийн шагналт Тони Моррисон таныг ‘анхны өнгөт арьст ерөнхийлөгч’ гэж нэрлэсэн байдаг. Та өнгөт арьст хүмүүстэй их дотно байдаг?

Клинтон: Би дөрвөн нас хүртлээ өвөө, эмээ дээрээ өссөн. Манай өвөө голдуу өнгөт арьстнууд амьдардаг жижиг хотод дэлгүүр ажиллуулдаг байв. Би хүүхдүүдтэй тоглоно, нэг бол тэднийг зүгээр харж, сонсож сууна. Миний өвөө бусад дундаж амьдралтай цагаан арьстнууд шиг хар арьстнуудад яснаасаа дургүй хүн байсангүй. Харин миний эмээ ‘бусдын дорд үздэг хүмүүсийг хүндэтгэж бай’ гэж надад зааж сургасан. Бидэнд угийн бусдаас ялгарах зүйл байхгүй.

Нэгэн удаа надтай сайн харилцаатай байдаг Бүгд Найрамдах намын консерватив үзэлтэй конгрессийн гишүүн надаас: “Чам яагаад өнгөт арьстнууд дуртай байдаг юм бэ?” гэж асууж байсан. Би хариуд нь “Би тэдэнд дуртай болохоор тэд надад дуртай байгаа юм” гэж хариулсан.

Опра: Та ээж, хойд эцэгтэйгээ Хот Спринг рүү нүүхдээ өөрийгөө ‘хайрлагдсан хүүхэд болсон’ гэсэн байдаг. Бас дэлхий дээр чамайг нэг л хүн хайрлаж байхад бусад хүн ч чамайг бусад ч бас хайрлана гэж хэлсэн байдаг?

Клинтон: Би хотын захирагч байхдаа маш хүнд нөхцөлд өсөж торниосн хэдий ч амжилтанд хүрсэн 10 хүний талаарх судалгааг уншиж байсан юм. Нэг залуу нь багадаа хаягдаж, түүний 4 ах нь шоронгийн хаалга татсан боловч эмч болж чадсан. Тэр залуу багадаа эмээтэйгээ амьдардаг байсан ба хааяа орон сууцны шатан доогуур унтдаг байж. Тэгтэл тэдний гэрийн гадаа сонин зардаг залуу тэр хүүхэдтэй өдөр бүр ярилцдаг байжээ. Сонин зардаг залуугийн байнга хэлдэг зүйл бол: ”Чи юуг ч хийж чадна. Чи бол үнэхээр ухаантай хүүхэд”.

Судалгаагаар бол энэ хүүхэд болон бусад есөн хүнд нэг ижил зүйл байсан нь тэдний хажууд байсан томчууд тэр хүүхдүүдийг дэлхийн хамгийн чухал хүмүүс мэт бодогдуулж чадсанд байгаа юм.

Хилариг  Йелийн Их сургуулийн "Хүүхэд судлалын төв"-д ажилладаг байхад бид анх танилцаж байсан. Би түүний ажлаар дамжуулан хүүхдийн хөгжлийн талаарх асуудлыг судалсан. Тэгэхэд л би анх удаагаа “Надад юуг ч хийж чадна гэж бодогдуулсан хүн миний дэргэд байсан учраас би одоо энд зогсож байна. Энэ бол засгийн газрын хөтөлбөрийн өгч чадахгүй зүйл” гэж бодсон.

Билл, Хилари нар 1975 онд гэрлэж, тэр цагаас хойш 41 дэх жилдээ хамт амьдарч байна.

Опра: Та дотроо царайг нь хэзээ ч харж байгаагүй эцгийнхээ талаар боддог уу?

Клинтон: Цаг үргэлжид. Тиймээс би номоо эхлэхдээ л түүний талаар бичсэн. Миний бодлын гүнд түүний талаарх бүдэг бадаг дүрс байсаар байдаг. Одоо хүртэл түүнийг мартаж чадаагүй л байна.

Би 12 орчим настай байхдаа Хопе хотод амьдардаг авга Баддигийн гэрт очсон юм. Тэгтэл нэг залуу хаалгаар орж ирээд, над руу харангуутаа “Чи Билл Блитегийн хүү мөн үү?” гэж асуухад миний биеэр цахилгаан гүйх шиг болсон.

Опра: Таны ээж, нөхөр Рожертой асуудалтай байгааг үл харгалзан та шүүхэд овгоо солиулах хүсэлт гаргасан байсан.

Клинтон: Дүүгээсээ болж тийм үйлдэл гаргасан юм. Миний дүү 5 настай харин би 15 настай байсан. Би олон жилийн туршид Клинтон гэсэн нэрээр амьдарсан байлаа. Өөрт байхгүй нэрийг тээж амьдрах надад их сонин санагдсан. Тэгээд л нэрээ сольсон. Нэг талаар өөрийнхөө төлөө, нөгөө талдаа тэр хүний төлөө. Би хойд эцгийгээ хэзээ ч үзэн ядаж байгаагүй. Архидалт бол өвчин гэдгийг би мэддэг байсан.

Опра: Таныг 5 настай байхад таны хойд аав, таны ээж рүү буудсан гэж бичсэн байсан.

Клинтон: Тийм ээ. Үнэхээр аймшигтай байсан. Архи уудаг хүмүүсийн ихэнх нь сайн хүмүүс байдаг. Тэд төрөлхийн тийм өөдгүй хүмүүс биш байдаг. Тэд хийсэн үйлдлийнхээ төлөө өөрсдийгөө үзэн яддаг.

Опра: Таны хойд эцэг ээжийн тань хоолойнд хайч тулгаж, дүү чин таныг гэртээ ир гэж дуудахад ч үзэн ядаагүй гэж үү?

Клинтон: Үгүй. Түүний хамгийн сүүлчийн тэсрэлт нь энэ байсан байх. Тэр өдрийн өмнөхөн хорт хавдартай гэдгээ мэдсэн байсан юм. Тэд угаалгын өрөөнд байсан. Би хойд эцгийгээ угаалгын өрөөнөөс гаргаж, зочны өрөөнд оруулсан. Дараагаар нь ээж дээрээ очиж, зүгээр байгаа эсэхийг нь шалгасан. Тухайн үед би олон жилийн турш хойд эцгийнхээ архидалттай тэмцэж байсан. Тэр өдөр миний дүүд ямар хэцүү байсныг би ер ойлгоогүй байж.

Миний дүү 8 настай байсан. Над руу утсаар ярих гэж гэрээс гүйж гарахдаа, хувцасаа ч бүрэн өмсөөгүй байсан. Бид энэ талаар ярилцах гэтэл аль хэдийн 30 жил өнгөрчихөж. Би хэзээ ч дүүтэйгээ хамт суугаад, энэ явдлын баатар нь би биш чи байсан гэж хэлээгүй. Хэрэв би тэр үед дүүтэйгээ ярилцах хэрэгтэй гэдгийг мэдэж байсан бол миний дүү амьдралдаа хамаагүй цөөн асуудлуудтай тулгарах байсан байх. Энэ явдал надад ухаарлын шанаа өгөх шиг болсон. Дүү минь дахиж аавдаа зүрх сэтгэлээ нээх чадваргүй болсон. Надад маш олиггүй гэмээр мэдрэмж төрсөн. Коллежид сурахаар хол байхдаа цаг үргэлж тэр асуудлын талаар санаа зовнидог байлаа. 

Билл Клинтон, ээж, дүүгийн хамт, 1960-аад оны эхэн бололтой

Опра: Та Родесийн тэтгэлэгт өргөдөл гаргахдаа улс төрийн дарамт шахалтыг дааж чадах оюун ухаантай болмоор байна гэж бичсэн байсан?

Клинтон: Тийм ээ. 16 настайдаа улс төрд орохоор шийдсэн юм.

Опра: Таныг 1963 онд Вашингтон хотноо болсон Boys Nation (Үндэсний Хөвгүүдэд арга хэмжээ) оролцох үеэрээ Ж.Ф.Кеннедитэй гар барьсны дараа өөрийгөө ерөнхийлөгч болно гэдгээ мэдсэн гэх яриа байдаг?

Клинтон: Би ерөнхийлөгч Кеннедитэй уулзсандаа их баярладаг. Энэ бол гайхалтай дурсамж. Гэхдээ үнэн биш. Тэр үед би Сенатын танхимын гишүүн болохыг хүсч байсан юм. Магадгүй хэзээ нэг өдөр ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж бодож байсан байх л даа. Гэхдээ над шиг хүнийг тухайн үед хэн ч сонгохгүй байсан.

Тэрээр АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедитэй 1963 онд буюу 16 настай байхдаа уулзаж, гар барих завшаан тохиожээ. Энэ мөчөөс тэр улс төрд орохоор шийдсэн бололтой.

Опра: Та өөрийн намтартаа 16 настай байхдаа бичсэн эссэгээ оруулсан байдаг. Та бичихдээ “Надад асар олон зүйл урам өгч, мөн нөлөөлж ирсэн. Заримдаа миний оршин байгаа нь зөв эсэхийг би өөрөөсөө асуудаг.

Би бол амьд парадокс, гүн шүтлэгтэй. Тийм атлаа миний үнэн итгэл юу болохыг гүйцэд ойлгоогүй. Би үнэнч байх гэж оролдох тул хоёр нүүртэн хэрхэвч болохгүй. жинхэнэ эр хүн болохоор хамаг бүхнээрээ хичээнэ”. Гэтэл би 16 настай байхдаа хөвгүүдэдтэй хэрхэн болзох талаар л боддог байсан!

Клинтон: Их харанхуй эссэ.

Опра: Их гүн утгатай эссэ.

Клинтон: Би чин үнэнээ л бичихийг оролдсон юм.

Опра: Сайн хүн мөн эсэхийг зөвхөн бурхан шүүнэ гэж бичсэн байдаг. Та өөрийгөө ямар хүн гэж дүгнэх вэ?

Клинтон: Намайг дэмжигчдийн боддог шиг би тийм ч сайн хүн биш. Мөн миний дайснуудын боддог шиг тийм муу хүн биш гэж бодож байна. Би өөрийгөө сайхан сэтгэлтэй гэж боддог. Учир нь алхам тутамдаа эерэгээр өөрчлөгдөхийг хүсдэг.

Билл Клинтон, Цагаан ордонд

Опра: Та өөрийн амьдралын бүхий л үеийн талаар тод томруун бичдэг. Тэр дундаа Цагаан Ордоныг яагаад орхисон ч талаараа өгүүлсэн?

Клинтон: Би энэ ажилдаа үнэхээр дуртай байсан. Хоёроос олон удаа сонгогдож болдог байсан бол хүмүүс намайг хөөж гаргах хүртэл Цагаан Ордонд амьдрах байсан байх. Түүх маш хачирхалтайгаар эргэж бас эргэлддэг.

Миний өсөж торнисон замнал, өнгөт арьстнуудын талаарх нээлттэй байдал, ядуу хүмүүсийг гэсэн нигүүлсэнгүй сэтгэл, ажилчин ангийнхны бэрхшээлтэй асуудлыг сайн мэддэг, мөн хувийн асуудлууд, хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн зэргээс улбаалан би өөрийгөө түүхийн хамгийн зөв үедээ, сэтгэл санааны бүрэн бэлтгэлтэйгээр АНУ-д хүчин зүтгэсэн гэж үздэг.

Опра: Цагаан ордоныг орхино гэдэг бол бие махбод болоод сэтгэл санааны хувьд том уналт биз дээ?

Клинтон: Мэдээж тийм. Эхний нэг, хоёр сар учраа олохгүй байсан. Учир нь намайг өрөөнд ороход хэн ч хөгжим тавьж өгөхгүй. Одоо би Нью-Йорк хотын замын түгжээн дунд түгжрээд л явж байна. Ийм үед л чи огт хамаагүй нэгэн болсоноо ойлгох шиг болдог.

Нью-Хемпширийн их сургуульд лекц унших үеэр, 2007 он

Клинтон: Хэрэв Хилари өрсөлдөөд, ялах юм бол хамгийн сайн нь болно. Тэр бол гайхалтай сенатч. Хилари бол олон нийтэд хамааралтай асуудлыг өргөн мэдлэгээ хүмүүстэй ойлголцох, зөв шийдвэр гаргах, удирдах, зохион байгуулах чадварыг төгс хослуулж чаддаг эмэгтэй. Тэр үргэлжид надаас хавьгүй илүү зохион байгуулалттай хүн байсан. Түүнд надад байхгүй чадварууд бий.

Опра: Хилари Клинтон сайн ерөнхийлөгч болж чадах болов уу?

Опра: Одоо таныг гэртээ байхад хатагтай Х.Клинтон гадуур ажилтай байна. Энэ нь танд ямар санагдаж байна?

Клинтон: Гайхалтай санагдаж байна

Опра: Үнэн үү?

Клинтон: Нэг л зүйлийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Би амьдралдаа хэн нэгний амжилтад атаархаж байсан удаа байхгүй. Хэн нэгнийг татаж чангааснаар миний амьдрал амжилттай байна гэж огтоос бодож байгаагүй.

Опра: Та эх орноо ямар байгаасай гэж хүсч байна?

Клинтон: Улс төрийн энэхүү сунжирсан сөргөлдөөнийг эцэслэж, засгийн газар нэгдсэн эвсэл болоосой гэж хүсч байна. Энэ их ойлгомжтой: Бид хамтдаа байхыг илүүтэй эрмэлзэж, зөвхөн одоо цагийн тухай биш ирээдүйн тухай сайн бодолцох хэрэгтэй. Мөн бид дэлхийн бусад орнуудтай холбоотой байх нь чухал. Энэ сонгуулийн дүн ямар байхаас үл хамааран ийм зүйл тохиолдох нь зайлшгүй.

Бидэнд өөр хувилбар байхгүй. Африкийн Саваннад хүн анх хөл дээрээ зогссоноос хойшхи хүн төрөлхтний түүх бол ганцаарлагдмал байдлаас эхэлсэн бие биеэс хамааралтай нийгэм. Нэг нэгнээ устгах гэсэн хүслийн эсрэг тууштай зогсож байна. АНУ-д энэхүү хөдөлгөөнийг 50 гаруй жил удирдах азтай хувь тохиосон бөгөөд бид цааш үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. Энэ бол бидний төлөө гэсэн миний мөрөөдөл.

Тэд хамтдаа насыг элээж байна, амьдрал туршид хамтдаа, 2014 он