УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдөр эхэлж байхаар заажээ
2009.07.01

УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдөр эхэлж байхаар заажээ

УИХ-ын 2009 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй  болгох үндсэн чиглэлд Монгол Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг боловсронгуй болгох асуудал тусгагдсан.

Иймээс хуулийн зарим зүйл, заалтыг тодруулах, шинээр зохицуулах шаардлагатай асуудлууд гарч байгааг шийдвэрлэх үүднээс Ө.Энхтүвшин, Су.Батболд, Б.Батбаяр, Э.Бат-Үүл, Ц.Баярсайхан, Р.Буд, Д.Ганхуяг, Н.Ганбямба, Д.Дондог, Х.Жекей, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан байна.

Улсын Их Хурал өөрөө төсвөө боловсруулан баталж, зарцуулалтад дотоод бүтцээрээ хяналт тавих, ингэснээр төсвийн хувьд хараат бус байх зарчмыг хангасан заалтыг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт болгож оруулахаар төсөлд тусгажээ. Мөн хэлэлцэж байгаа асуудлууд хугацаандаа багтаж хэлэлцэгдэхгүй, чуулганы хуралдаан сунжирч дараагийн ээлжит чуулгантай золгодог явдлыг арилгах үүднээс УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс долдугаар сарын 1-ний хооронд хуралдаж байх. Хэрэв ээлжит чуулганыг нээх өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхцвал ажлын дараагийн өдөр нь нээж, энэ хугацааг шаардлагатай бол УИХ-ын дарга 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болохоор хуульд өөрчлөлт оруулах саналыг төсөл санаачлагчид гаргасан байна.

Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, орон нутгийн Хурлын сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын асуудлыг эрхэлсэн Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо, Улсын Их Хурал, гишүүнд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хянан шийдвэрлэх асуудлыг эрхэлсэн Өргөдөл, гомдлын дэд хороог Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяалалд шинээр байгуулахаар төсөлд тусгажээ. Түүнчлэн цөмийн энерги ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого, газрын сангийн нэгдсэн бодлого, зохицуулалт, газрын кадастр, зураглал, жендерийн тэгш байдлыг хангах бодлого, газрын эдийн засгийн үр ашгийн бодлого зэрэг асуудлыг УИХ-ын зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд шинээр тусгахаар нэмж оруулсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.