АН өөрийн хүмүүсээ хүртэл ад үзэж, хууль сахиулсных нь төлөө татах ажиллагаа эхлүүллээ
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2016.02.15

АН өөрийн хүмүүсээ хүртэл ад үзэж, хууль сахиулсных нь төлөө татах ажиллагаа эхлүүллээ

УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй ярилцлаа. 

-Та Сар шинэдээ сайхан шинэлэв үү? 

-Сайхан шинэллээ. Энэ жилийн сар шинэ их сайхан боллоо. Юуны өмнө “Монголын Үнэн” сониныхоо уншигчдад Сар шинийн мэнд дэвшүүлье. 

-Намрын чуулган хаалтаа хийсэн. Энэ долоо хоногт ээлжит бусаар хуралдана. Намрын чуулганыг та хэр үр дүнтэй болсон гэж дүгнэх вэ? 

-Энэ удаагийн чуулган хамгийн гол асуудал буюу улсын төсвөө хэлэлцэж, хуулиа баталсан. Энэ бол намрын чуулганы шийдэх гол асуудлын нэг. Нөгөөтэйгүүр, Сонгуулийн хуулиа баталлаа. Ирэх сонгуульд ямар хууль, дүрэм журмаар явахыг хэлэлцэж шийдлээ. Түүнчлэн бусад олон асуудлыг шийдсэн. Харин хэлэлцэж амжаагүй асуудлаа энэ сарын 15-наас эхлэх ээлжит бус чуулган руу шилжүүлсэн. Тэгэхээр намрын чуулган хэлэлцэхээр төлөвлөсөн ажлуудаа бүрэн эцэслээгүй гэсэн үг л дээ. 

-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлаа эцэслэж амжаагүй шалтгааныг та хэрхэн тайлбарлах вэ. Хараад байхад энэ чуулганд УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн завсарлага багагүй ажил уях шиг боллоо? 

-Мэдээж бүлгүүдийн авсан завсарлага хэлэлцэх асуудалд нөлөөлөлгүй яахав. Гэхдээ завсарлагыг тухайлсан нэг асуудлаар авдаг учраас бусад хэлэлцэх асуудлыг зогсоох эсвэл хэлэлцэхгүй байх шалтгаан болохгүй. Ер нь УИХ яагаад ийм гацааны байдалтай явааг хэдхэн шалтгаанаар тайлбарлаж болохоор байгаа юм.

 -Тухайлбал? 

-УИХ-ын дарга ажлаа сайн хийж чадахгүй байгааг гишүүд хэлж, шүүмжилж байсан. Цөөнхийнхөө дуу хоолойг энэ хүн сонсдоггүй. Уг нь манайхны яриад байгаа Үндсэн хууль, ардчиллын гол зарчим нь цөөнхөө сонсч байж олонхиороо асуудлаа шийддэг байх учиртай. Гэтэл эрх баригчид өнөөдөр “Бид МАН-тай МАН-гүй асуудлаа шийдвэрлээд явна” гэдэг болчихсон. Тиймээс бидний оролцоогүйгээр өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналын оролцоогүйгээр асуудлыг явуулах нь өрөөсгөл. Нэгдүгээрт, эрх баригчдын зүгээс байнгын хороодынхоо ирцийг бүрдүүлдэггүй. Бүр чуулганы ирцийг хүртэл цөөнх бүрдүүлж байж явуулдаг. Улс оронд хэрэгтэй хүүхдийн ч юмуу эсвэл хөгжлийн бодлого, утаа зэрэг чухал асуудлыг хэлэлцэхэд эрх баригчид чуулгандаа орж ирж суудаггүй. Ингэхээр асуудлыг цааш нь яаж явуулах юм бэ. Эхнээс нь ингэж оролцоогүй атлаа дараа дараагийн хэлэлцүүлэг дундуур орж ирээд үймүүлчихдэг болохоор цаг маш их алдаж байна. УИХ-ын үйл ажиллагааг иргэд сонгогчид бүгд харж байгаа байх. Асуудлыг оруулж ирэхээсээ өмнө бүлгүүд УИХ-ын удирдлагатайгаа ярилцаж тохиролцдог.

Ганцхан жишээ хэлэхэд өмнө нь УИХ-д байсан гишүүдийн үгийг сонсч байхад манай Д.Дэмбэрэл гишүүн УИХ-ын дарга байхдаа аливаа асуудлыг оруулж ирэхээс өмнө цөөнхөө хүлээж авч бодол санааг нь сонсдог байсан юм билээ. Тэр бүү хэл, тухайн асуудалтай холбоотойгоор яамны дарга нар биш мэргэжилтнүүдийг нь дуудаж авчирч асуудлыг бүрэн гүйцэд ойлгуулсны дараагаар чуулган руу оруулдаг байсан юм билээ. Гэтэл өнөөдөр Засгийн газраас эсвэл гишүүдийн бэлтгэж оруулж ирсэн хуулийн төслүүд үнэхээр түүхий байдаг. Тийм түүхий зүйлийг чуулганд оруулж ирэхээр гишүүдийн шүүмжлэлд өртдөг. Эсвэл гишүүд бүрэн мэдээлэлгүй учраас өөрсдийнхөөрөө асуудалд хандаад гуйвуулаад явчихдаг байдал харагдаад байна. Нэг үгээр бол өнөөдрийн болон өмнөх УИХ-ын үйл ажиллагаа тэс ондоо байгаа биз. 

-АН засгийн эрх барьж байгаа үед цөөнх болон эрх баригчдын харилцаа алдагдаад төрийн ажлын залгамж чанар байхгүй болчихлоо гэсэн үг үү? 

-АН-ынхан төр, засаг барьж буй энэ үед ардчиллын зарчим алдагдчихсан гэж хэлж болно. 

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх Цэцийн асуудал голлох байр эзэлж таарна Ер нь УИХ, Цэц хоёрын хооронд үүсээд буй асуудлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ? 

-Үүсээд буй асуудлыг би хувьдаа Цэц болон УИХ хоёрын хоорондынх гэж харахгүй байна Энэ бол УИХ-ын дарга Үндсэн хуулийн Цэц хоёрын хооронд үүссэн асуудал. УИХ-ын даргыг Дэгийн хууль зөрчсөн гэх гомдол Үндсэн хуулийн Цэцэд очоод маргаан үүсчихсэн явна. Мөн Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд оруулсан өөрчлөлтүүд хууль бус юм гэдэг гомдол Цэцэд оччихоод байгаа. Энэ хоёроос улбаалаад эрх баригч намын болон УИХ-ын дарга төрийн ажлыг хувийн асуудал мэт болгож хандаад байгаа юм. Ингэснээр Цэцэд өөрчлөлт оруулах хуулиуд нь “Хууль зөрчсөн” гэх дүгнэлтийг гаргуулахгүй байх үүднээс энэ шийдвэрийг гаргах Цэцийн гишүүдийг урьтаж татах арга хэмжээ авахаар дайрч байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг зургаан жилээр сонгодог. Гэтэл одоо татах гээд байгаа Ж.Амарсанаа даргын томилгооны хуулийнх нь хугацаа удахгүй дуусна.

Гэтэл үүний наана ихэд яарч, төрийн ажлыг хувийн асуудал болгон зүтгэж байгааг хэн хүнгүй харж байгаа шүү дээ Бид УИХ-ын даргын энэ үйлдлийг эсэргүүцэж байгаа. Угтаа Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хэн байх, хэн даргалах нь тийм ч чухал биш Гагцхүү бүх зүйл хуулийн дагуу л явах ёстой. Үндсэн хуулийн Цэц бол тусгай үүрэгтэй, Үндсэн хуулийн манаач гэгддэг бие даасан байгууллага. Тэгэхээр УИХ аль нэг намын юмуу эсвэл эрх баригч талын давуугаар Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр гаргавал Цэц нь буруу байна гэж шийдвэр гаргаж тэр хуулийг хүчингүй болгох бүрэн эрхтэй шүү дээ. Цэц ч гэсэн Үндсэн хуулийн байгууллага. Тиймээс энэ бол УИХ, Цэц хоорондын биш эрх баригчид Цэц хоорондын асуудал гэж л харж байна. 

-Тэгэхээр АН засгийн эрх барьж байгаа энэ хугацаандаа Цэцийг эрхшээлдээ оруулах оролдлого хийж байна гэдэг шүүмжлэлийг та үгүйсгэхгүй нь ээ? 

-Үндсэн хуулийн Цэцээ үгүй хийж, сул болгоод Төрийн ордноос өгсөн дохиогоор ажилладаг бай- гууллага болгож хэрхэвч болохгүй. Үндсэн хуулийг анх баталж байсан хүмүүсийн санаанд ч ийм ойлголт байгаагүй байж таарна. Мэдээж санаа зөрөлдөх зүйлүүд гарна. Гэхдээ өнөөдрийнх шиг УИХ- аа нэг намын дарга нь удирдаад өөрийн намынхаа хүсэл сонирхол, өнгө аясаар залуурдаад өөрсдийнх нь гаргасан шийдвэр буруу байна гэхээр Цэцийг татан буулгана гэж буй нь тоталитар чиглэл рүү яваа хэрэг. 

-Энэ процесс цаашаа хэрхэн өрнөх бол. Танай намын бүлэг эсэргүүцэж байгаа ч эрх баригчид кнопны олноор асуудлыг цааш явуулах магадлал өндөр шүү дээ?

 -Энэ зөвхөн Цэцийн асуудал биш. Ерөөсөө 2012 оны УИХ- ын сонгуульд АН олон болж энэ намаас Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш нийгмийн бүхий л давхарга руу халдах бол сон. Өөрөөр хэлбэл бүгдийг хүч түрж шийддэг хандлага газар авчихсан. Ерөөсөө зүгээр л нэг цэцэрлэгийн багш, үйлчлэгчийг хүртэл намчирхаж сольж, халж байх жишээтэй. Тийм учраас эрх баригчдын авирыг зөвхөн Цэцээр хязгаарлаж болохгүй, нийгмийн бүхий л салбарт хүч түрж, Монголын ард түмнийг хагаралдуулж, хүмүүсийн мэргэжил боловсрол, хийж бүтээж ирснийг нь үл хүндэтгэж байгааг хэн хүнгүй харж, дургүйцэж байна шүү дээ. 

-Цэцийн даргыг сольж, насны хязгаараар гурван ч гишүүнийг чөлөөлөх асуудал үүсэхтэй зэрэгцээд Р.Гончигдорж гишүүнийг Цэцийн даргаар Х.Тэмүүжинг гишүүнээр нь очих нь гэх яриа гараад эхэлсэн. Үүнээс харахад АН эрх барих хугацаандаа хуулиар бүгдийг баталгаажуулж аваад Цэц рүү өөрийнхөө хүмүүсийг аваачих нь гэсэн хардлага яваад байна л даа? 

-Би цэцэрлэгийн багш, үйлч лэгчийн жишээг хэлсэн. Ямар нэгэн орон тоо гарвал өөрийнхөө намын хүмүүсийг зүтгүүлэх бодлого, үйлдэл АН-аас байнга гардаг. Тэгэхээр Цэц рүү хүмүүсээ явуулах оролдлого байж болохыг үгүйсгэхгүй. АН-ынхны жишээлж ярих дуртай АНУ-д ч гэсэн Үндсэн хуулийнх нь дээд байгууллага Дээд шүүхийн гишүүдийг нь насаар нь томилдог. 80-90 настай ч бий. Тэгэхээр насны хязгаар гэдэг тийм ч зөв ойлголт биш. Цэц өөрөө онцгой байгууллага шүү дээ, энгийн төрийн албан хаагчтай адилтгаж ерөөсөө болохгүй. Салбар бүрийн туршлага, мэргэжил мэдлэгтэй хүмүүс тэнд байдаг. Өөрөөр хэлбэл, аливаа асуудлыг зөв хөн хуулийн өнцгөөс биш улс төр, нийгмийн талаас нь буюу асуудлыг тал бүрээс нь харж шийдвэр гаргаж чаддаг хүмүүс байсан цагт Үндсэн хуулиа манах учиртай юм. Тиймээс насны хяз- гаараар нь энэ хүмүүсийг халж солих юм уу “Бидний үгээр явахгүй байна” гэдэг шалтгаанаар эгүүлэн татах гээд байгаа нь маш буруу. Энд бас нэг зүйл бий. Тэр нь эгүүлж татах гэдэг нь Ж.Амарсанаа дарга, П.Очирбат гуай бол АН- аас л томилогдож байсан хүмүүс. Ж.Амарсанаа даргын хувьд АН-аас Хууль зүйн сайдаар ажиллаж байсан бол П.Очирбат гуай тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж, ард түмний саналыг авч байсан хүн шүү дээ. 

-Тэгэхээр АН-ынхан эрх ашигт нь нийцэхгүй л бол өөрийн намын угшилтай хүмүүсийг ч түлхэж чадах улс гэж та хэлэх гээд байна уу? 

-Өөрсдийнхөө хүмүү сийг хүр- тэл ад үзэж, хууль сахиулсных нь төлөө татан буулгах ажиллагаа эхлүүлж байгааг бүгдээрээ л харж байна шүү дээ. 

-Тэгвэл таны хэлж байгаачлан Цэцийн дарга гишүүдийг солих ажиллагаа цаашид “амжилттай” өрнөж магадгүй нь. АН-ынхан олонхиороо кнопдоход л асуудал шуудрах нь байна шүү дээ. Үүнээс өөр ямар гарц байна вэ? 

-Одоо Ерөнхийлөгч л чухал үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийг сахиж, дагаж мөрдөх үүрэгтэй. Мөн Монгол Улсын эв нэгдлийг сахих нь энэ хүний гол үүрэг. Тэгэхээр төрийн хууль тогтоох болон Үндсэн хуулиа сахих байгууллага хооронд Ерөнхийлөгч “эрүүл”-ээр хандах үүрэгтэй гэж би хараад байгаа юм. Гэхдээ Ерөнхийлөгч маань одоохондоо чимээгүй л хараад суугаад байна. 

-Та дээр хэлэхдээ Цэц, УИХ-ын дарга хоёрын хоорондын асуудал болчихсон гэсэн. Гэтэл УИХ-ын дарга Ерөнхийлөгч хоёр угшил нэгтэй улс. Ийм байхад Ерөнхийлөгч “эрүүл”-ээр улстөржихгүйгээр хандах боломж байгаа юм уу? 

-Тэр төрийн хүний мэргэн ухаан юм даа. Нэг намаас нэр дэвшиж Ерөн хийлөгч болсон ч гэлээ Төрийн тэргүүн болонгуутаа улс төрийн намаа- саа түдгэлзчихсэн хүн шүү дээ, хууль нь тийм юм. Тэгэхээр Ерөнхийлөгчид аль нэг намын биш Монгол Улсын эрх ашиг гэдэг ганцхан л “нам” байх учиртай. Харин Монгол Улсын эрх ашиг гэж юу юм гэхээр Үндсэн хуулийг хүн бүр хэлбэртгүй мөрдөх. Энэ үүргийг нь Цэц хэрэгжүүлж байгаа юм. 

-Цагаан сарын чимээнд дарагдсаныг эс тооцвол сүүлийн өдрүүдэд МАХН- ын Ерөнхий нарийн бичгийн даргын яриа олны анхаарлыг ихээхэн татлаа. Намынхаа санхүүжилтийг босгох гэж байгаад баригдаж, хоригдсон гэдгээ хэлсэн. Хэдийгээр үнэн, худлыг хуулийнхан тогтоох ч намын санхүүжилтийг хурцаар ярихаас аргагүй болсон нь харагдлаа. Таны хувьд намуудын санхүүжилтийг хэрхэн шийдэх ёстой гэж хардаг вэ. Өнгөрсөн чуулганд Ерөнхийлөгч хууль оруулж ирсэн ч унасан шүү дээ? 

-Бусад орны жишгийг харсан ч намын санхүүжилтийг аль болох ил байлгах нь зөв. Улс төрийн намын үүрэг ямах байх талаар Ерөнхийлөгч намрын чуулганаар хууль санаачилж өргөн барьсан ч унасан. Үүний шалтгаан нь УИХ- ын сонгууль болох гэж байна. Бид сая Сонгуулийн хуулиа баталсан. Харин сонгуульд орох нэг субьект нь улс төрийн нам. Гэтэл сонгууль болохоос хэдхэн сарын өмнө намуудаа өөрчлөх хууль оруулах нь зохимжгүй. Харин Улс төрийн намын хуулийг шинээр сонгогдсон парламент хэлэлцэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн хурц улс төргүй үед хэлэлцэж, асуудлыг “эрүүл”-ээр харж, шийдэх нь зүйтэй. Цаг хугацааны хувьд энэ хуулийг хэлэлцэх боломжгүй гэсэн үг л дээ. Бүх улс төрийн нам, нэр дэвшигчид сонгуульдаа бэлтгэж эхэлсэн үед тоглоомын дүрмийг нь өөрчилчихвөл сонгууль ойлгомжгүй болно шүү дээ.