ХҮН-ынхан цэвэрлэгээ хийж эхлэв
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.02.16

ХҮН-ынхан цэвэрлэгээ хийж эхлэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-ын дарга болсоноор хагарч бутрах дээрээ тулсан мэт ойлголтыг төрүүлхүйц мэдээ мэдээлэл явуулаад эхлэв. Хэн явуулаад эхлэв гэхээр тавагтай хоолоо булаалгах гэж байгаа бэлтрэг шиг хялайсан улс төрийн бүлэглэлүүд, тэдний гар хөл гээд хэлчихэд буруудахгүй болов уу. 

Мөн “ХҮН хагарч эхэлсэн үү” сониуч асуултанд “Улс төрийн ашиг хонжоо хайгч нөхдийг цэвэрлээд эхэлжээ” гэмээр. Учир юу гэвээс улс төр хэмээн уухилан давхиж буй галт тэргэнд үсрэн суух сонирхолтой цөөнгүй залуус байдаг. Тийм ч учраас нам болгоны хаалга үүдийг онголзуулан сандал ширээ хайж явдаг билээ. Тэдгээр залуусын төлөөлөл тараа таниулж ХҮН-аас жийгдэв бололтой. Өөрөөр хэлбэл ХҮН-ынхан шинэхэн гэрээ цэвэрлэж байгаа аж.

 Ер нь улс төрийн намууд элдэв хачиг хувалз, цүнх баригч нараасаа эртхэн салж байвал боловсон хүчний бодлого нь тунгалагших магадлалтай. Нам дагавал баяждаг, албан тушаалд хүрдэг гэсэн ойлголтыг тас цохих, гишүүн л гэвэл луйварчин, хулгайчийг ч орогнуулдаг сав бишийг ХҮН харуулав биш үү. Мянган удаа муу хэлсэн ч С.Ганбаатар ирэх улс төр, нийгмийн өнгийг тодорхойлох улс төрч. Ирж буй улс төрчийг муулдаг, доромжилдог, хаалга үүдээ түгждэг зан улс төрийн намуудад бий. Энэ жишгээр доромжилж гутааж л байна. ХҮН-ынхан С.Ганбаатарыг даргаараа тавьснаар рейтэнг нь тодорхой хувиар өссөн юм билээ. Энэ бол зөв сонголт гэдэг хоёр тал хүлээн зөвшөөрөх биз.