Газрын тос боловсруулах үйлдвэр барьснаар импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурна
2016.02.16

Газрын тос боловсруулах үйлдвэр барьснаар импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурна

Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд /2016.02.14/-нд ажиллалаа. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх болон Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих бэлтгэл ажлын хүрээнд “Техникийн зөвлөлдөх уулзалт”-ыг Аж үйлдвэрийн яамны санаачлагаар зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын  гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар,  Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, БОАЖЯ, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, “Монголросцветмет”, Газрын харилцаа, геодиз зурагзүйн газар, Бор-Өндөр сумын удирдлагууд болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, шаардлагатай дэд бүтэц, хүний нөөцийн асуудлуудаар санал солилцсон.

“Техникийн зөвлөлдөх уулзалт”-ын үеэр Аж үйлдвэрийн  сайд үйлдвэрүүдийг барьж байгуулах боломжит байршлуудтай газар дээр нь танилцсан бөгөөд газрын тос боловсруулах үйлдвэр барихад 200 га, зэс цэвэршүүлэх, хайлуулах үйлдвэр барихад 120 га талбай төлөвлөөд байгааг орон нутгийнхан танилцууллаа. Энэ удаагийн уулзалт эхнийх нь бөгөөд цаашид уулзалтуудыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн энэ үеэр Аж үйлдвэрийн сайд Бор-Өндөрийн баяжуулах фабрикийн үйл ажиллагаатай танилцсан юм.

4 жилийн хугацаанд нийт  1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ

Энэ сарын 1-нд Засгийн газрын 75 дугаар тогтоол гарч,  Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд  жилд 2.3 сая хүртэлх газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихаар шийдвэрлэсэн юм. Урьдчилсан ТЭЗҮ-ээр боловсруулах үйлдвэрийг Чойр, Сайншанд, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг байршлуудад газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүнийн ложистик, зах зээлд ойр байх гэсэн үзүүлэлтээр харьцуулан судалж, тус суманд байгуулахаар сонгосон байна.

Газрын тос боловсруулах, дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын хугацаа 2020 оныг хүртэл дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.6 тэрбум ам.доллар байхаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү үйлдвэр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий байгаль орчинд ээлтэй,  100 хувь хаягдалгүй, Евро 5 стандартад нийцсэн дизель шатахуун үйлдвэрлэнэ. Боловсруулах үйлдвэрийг дагалдаж цаашид Монгол Улсад химийн үйлдвэр хөгжих үндэс тавигдах чухал ач холбогдолтой. Үүнээс гадна орон нутагт боловсруулах үйлдвэрийг дагалдаж  хөнгөн болон жижиг, дунд  үйлдвэрлэл хөгжиж, эдийн засгийн болон дэд бүтцийн дэвшил авчрах юм.

Өнгөрсөн онд Дорнод аймгийн Тамсагийн сав газраас 1.1 сая тонн газрын тос олборложээ. Олборлолтын хэмжээ 2018 он гэхэд ойролцоогоор 1.6 – 1.7 сая тоннд хүрэх төлөвтэй аж. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галба 11, Дорнод аймгийн Хөхнуур 18 дугаар талбайнуудад туршилтын олборлолт хийгдэж, газрын тос илэрсэн мэдээлэл байна. Газрын тосны дамжуулах хоолойн тээвэрлэлт нь  түүхий тосыг төмөр замаар  тээвэрлэснээс тав дахин бага зардалтай байдаг олон улсын туршлага бий. Тиймээс ч Дорнод аймгийн Тамсагаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум хүртлэх дамжуулах хоолой барих ажил үйлдвэрийн бүтээн байгуулалттай зэрэгцэн явагдана. Монгол Улс жилд 1.2 -1.5 тэрбум ам.долларын шатахуун импортлодог. Тэгвэл боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор энэ мөнгөний урсгал дотооддоо үлдэх боломж бүрдэх юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор:

  • Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 15 хүртэл хувиар нэмэгдэнэ.

  • Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 40 орчим хувиар, боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл 2.5 дахин нэмэгдэнэ.

  • Бүтээн байгуулалтын 4 жилийн хугацаанд нийт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ.

  • Үйлдвэр ашиглалтад орсноор импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурна.

  • Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 350 сая ам.доллар төвлөрүүлнэ.

  • Орон нутагт 600 гаруй шууд ажлын байр шинээр бий болно.

  • Газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарсанаар Үндэсний аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлнэ.

Дэд бүтцийн хувьд төмөр зам, эрчим хүчний асуудлыг өргөтгөл хийснээр үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжтой. Цаашид зэс хайлуулах болон газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор хэвийн үйл ажиллагааг хангахын тулд зөрлөг, замуудыг нэмж, шилэн кабелиар холбох шаардлагатай гэв. Харин тус сумын эрчим хүчний хувьд одоогийн суурилагдсан хүчин чадал 32 мВт. Боловсруулах үйлдвэрүүдийн найдвартай үйл ажиллагааг хангахын тулд ойролцоогоор нэмж 60 орчим мВт-ын хүчин чадал шаардлагатай.  Үүнийг шийдвэрлэхийн тулд шугамын болон дэд станцын өргөтгөл хийх талаар энэ үеэр мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.

Жилд 530.000 тн зэсийн баяжмал хайлуулж, цэвэршүүлэх хүчин чадал бүхий үйлдвэр барина

Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх  үйлдвэр нь жилд 530 мянган тонн зэсийн баяжмалыг хайлуулж, цэвэршүүлэх хүчин чадалтай. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барихаар сонгосон нь байршлын хувьд дараах хэд, хэдэн давуу талтай. Тодруулбал:

  • Дэд бүтэц сайн хөгжсөн

  • Зэсийн томоохон гол ордуудын дунд оршдог

  • Хүхрийн хүчлийн менежментийг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэх боломжтой

  • Жоншны тархалтын бүс нутгийн  төв хэсэгт,  баяжуулах үйлдвэрүүдийн дунд оршдог.

  • Тээврийн хувьд Бор-Өндөр сум нь ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын төв шугамтай Айраг- Бор-Өндөрийн салаа төмөр замаар холбогдсон

  •  Улаанбаатар Замын-Үүдийг холбосон босоо тэнхлэгийн автозамаас 50 км зайтай бөгөөд  хатуу хучилттай автозам тавих хөрөнгө оруулалт шийдэгдсэн зэрэг  давуу үзүүлэлтүүд байгаа юм

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат зөвлөлдөх уулзалтыг хааж хэлсэн үгэндээ “Бид хөрөнгө оруулагчдаа дуудах цаг нь болсон. Хамгийн гол нь энэ үйлдвэр цэвэр үндэсний болоод хувийн хөрөнгө оруулалт дээр тулгуурлаж босно. Монгол Улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэр бол стратегийн ач холбогдолтой. Ийм ч учраас Үндэсний хөрөнгө оруулагчид хамтраад энэ төслөө босгох ёстой. Мэдээж гадны хөрөнгө оруулагчдад ч нээлттэй. Үндэсний үйлдвэрлэгчид, шатахуун импортлогчид хамтраад энэ төслөө босгох учиртай.

Тиймээс ч нээлттэй тендер зарлана. Үүнд төрийн оролцоо байхгүй. Энэ  төслийг сонирхсон гадаадын хөрөнгө оруулагчид маш олон бий. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод энэ асуудал тусгагдсан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого УИХ-аар батлагдсан. Үүнд мөн адил тусгагдсан байгаа. 2020 он гэхэд энэ төслийг дуусгах нь монголчуудын хувьд амин чухал асуудал юм” хэмээн онцоллоо.