Одонтуяа.С 2016.02.17 | Телевиз: МҮОНТВ

Хүүхэд эрсдэлтэй нөхцөлд байгааг мэдсэн иргэн заавал мэдэгдэх үүрэг хүлээж байгаа

Хүүхэд эрсдэлтэй нөхцөлд байгааг мэдсэн иргэн заавал мэдэгдэх үүрэг хүлээж байгаа
УИХ-ын гишүүн С.Одонтуяа

Намрын чуулган өндөрлөх сүүлийн өдөр амжиж батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг боловсруулах үед  ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн, “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих лобби бүлэг”-ийн ахлагч С.Одонтуяатай уулзаж, эдгээр хуулийн талаар тодрууллаа.

-Нэлээд цаг хугацаа зарцуулж, өргөн хүрээг хамарсан судалгаа шинжилгээ хийж, боловсруулсан хуулийн төслөө батлуулж, их ажлын ард гарлаа. Хуулийн гол үзэл санаа нь юу вэ, товчхон мэдээлэл өгөөч.

-Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүүхэд хамгааллын тухай тухай хууль УИХ-аар батлагдлаа. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш хорин жилийн ойн босгон дээр шинэ хоёр хууль төрж байгаагаараа онцлогтой. Хууль батлагдсанаар нэгдүгээрт,  Монгол улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хангах үндэсний тогтолцоо бий болж байна. Хоёрдугаарт, аливаа хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэн хамгаалах вэ, мөн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ зэрэг харилцааг зохицуулах эрхзүйн орчин бий боллоо. Гуравдугаарт, энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх нөхцөл бүрдэж байна.

-Хууль батлах нэг хэрэг, хэрэгжүүлэх нь бас нэг асуудал. Цаасан дээр үйлдвэрлээд орхихгүйн тулд хэрэгжилтийг нь хэрхэн хангахаар төлөвлөж  байна?

-Тийм ээ, хууль батлахдаа хэрэгжилтийг нь хангах асуудлыг орхигдуулж болохгүй. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд нийтдээ хориод дүрэм, журам, стандарт батлах шаардлагатай байгаа. Эдгээрийг салбарын яам болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, агентлагууд хамтарч тусгайлсан төлөвлөгөө гаргаж, боловсруулах ёстой. Мөн энэ хоёр хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн тооцооллыг олон улсын  экспертүүдийн дэмжлэгтэйгээр бид хийж байна. Жил бүр улсын төсөвт 3.2-3.5 тэрбум төгрөг тусгуулж байж эдгээр хууль бүрэн хэрэгжих бололцоотой. Үүнийг хоёр үе шаттай хийнэ. 2017, 2018 оноос  санхүүжилт нь шийдэгдээд явна.

Эрх зүйн орчин шинэчлэгдэж байгаатай холбогдуулан хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтнууд бий болж байгаа. Эдгээр ажлын байранд тохирсон хүмүүсийг сургах, давтан сургах, мэргэшүүлэх байдлаар бэлтгэнэ.

-Манайхан хүүхэд хүмүүжүүлэх арга барилын талаар нэлээд санал зөрөлдөөнтэй байдаг. Шинээр батлагдсан хуульд ямар чиг хандлагыг түлхүү тусгасан юм бол?

-Монголчууд бид эртнээс үр хүүхдээ өрх тусгаарлах хүртэл хамт амьдарч, багаас нь ажил хөдөлмөрт сургаж, амь нэгтэй байж ирсэн. Гэр бүл төвтэй хүмүүжлийн энэ арга барилыг сүүлийн үед дэлхий нийт хүлээн зөвшөөрч, хүүхдийн хөгжил, хамгааллын бодлогодоо баримтлах болсон. Хүүхэд гэр бүлдээ өсч торних,  гэр бүлтэйгээ хамт халуун дулаан уур амьсгалтай орчинд байх хамгийн чухал.

-Хүүхдийн эрхийг хамгаалах талаар манайхны ойлголт сүүлийн үед нэлээд эерэг тал руугаа хандаж байгаа. Шинэ хуульд иргэд эрх ашиг нь хөндөгдөж буй хүүхдийн талаар заавал мэдээлэх үүрэг хүлээсэн гэсэн, тэр талаар тодруулаач.

-Тийм ээ, олон нийтийн сүлжээний ачаар иргэд мэдээлэл сайтай болсон, мөн мэдээллийг шуурхай түгээх боломжтой болсон. Энэ нь аливаа нэг сөрөг үйлдэл, хандлага руу олон нийтийн анхаарлыг татахад, хариу үйлчилгээ үзүүлэхэд хялбар болгож байгаа. Үүнийг нь бүр хуульчлаад өгч байгаа юм. Тодруулбал, хүүхдийн эрх зөрчигдөж буйг, хүүхэд эрсдэлтэй нөхцөлд байгааг мэдсэн иргэн заавал мэдэгдэх үүрэг хуулиар хүлээж байгаа. Хаана, хэнд хандаж, мэдээлэл хүргүүлэх талаар тусгай зүйл хуульд оруулсан.

-Иргэн бүр мэдээлэх үүрэг хүлээнэ гэлээ. Энэ үүргээ биелүүлээгүй бол ямар хариуцлага тооцох вэ?

-Хүүхдийн эрхийн зөрчил илэрсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар Зөрчлийн тухай, Эрүүгийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирийллийн тухай гэх мэт бусад хуульд тодорхой заасан байгаа Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын тухай хууль нь эдгээр хуультай холбогдож  байж хүүхэд, гэр бүлийн асуудлаар эрх зүйн орчны шинэчлэл болж байгаа юм. Мөн тухайн шатны засаг дарга ямар нэгэн эрсдэлтэй нөхцөлд орсон хүүхдийг түр асран байршуулах, эрхийг нь хамгаалах үүрэг хүлээж байгаа.  Тухайлбал, архичин эцэг, эх гэх мэт гэр бүлийн эрсдэлтэй орчинд амьдарч байгаа хүүхэд байж болно. Мөн алдаж эндээд, хуулийн шийтгэл хүлээж байгаа, эсвэл суллагдаад гарч ирж байгаа хүүхэд байж болно. Түүнчлэн гамшгийн нөхцөл байдал үүссэн бол тухайн хүүхдийг Засаг дарга хамгаалалтандаа авах үүрэгтэй.

-Баярлалаа.