Монгол Улс хилийн боомтын хуультай болов
2016.02.17

Монгол Улс хилийн боомтын хуультай болов

Хуулийн нэр: Хилийн боомтын тухай

Санаачлагч: Засгийн газар

Өргөн барьсан огноо: 2013.01.09

Батлагдсан огноо: 2013.12.26

Хэрэгжиж эхэлсэн огноо: 2014.04.01

Хуулийн зүйл, заалт: 9 бүлэг, 22 зүйлтэй

Хилийн боомтын үйлчилгээ уян хатан, чирэгдэлгүй болно

Монгол Улсын төрөөс хилийн боомт нь үндэсний аюулгүй байдлыг хангасан, иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн үзэж, хамгаалсан, эдийн засгийн үр ашигтай, эрсдэлд суурилсан худалдааг хөнгөвчлөх нутаг дэвсгэр гэсэн зарчим баримталж байна. Энэ ч үүднээс зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх зориулалттай энэхүү нутаг дэвсгэрийн үйл ажиллагааг зохицуулах хууль баталсан нь Хилийн Боомтын тухай хууль юм. 

Төрөөс боомтын талаар тодорхой зарчмуудыг баримталж ажиллана. Тухайлбал хилийн боомт байрлаж буй орон нутгийн хөгжлийн хэтийн төлөв, эдийн засгийн үр ашгийг харгалзан тухайн боомтыг хөгжүүлнэ.

... Өмнө нь боомтын газар тухайн сумын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байсан бол шинэ хуулиар улсын тусгай хэрэгцээний газар болов ...

Боомтын дэд бүтцийг хөгжүүлэхдээ Засгийн газраас боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гаргана. Ингэхдээ зөвхөн төсвийн мөнгөөр бус төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр, түүнчлэн концессын гэрээний нөхцөлтэйгээр барилга байгууламж барина.  Боомтын хяналтын бүсээс гадна байрлах объектууд нь хувийн хэвшлийн болон төр-хувийн хэвшлийн гэсэн өмчийн холимог хэлбэртэй байж болно. Эдгээр шинэлэг заалтууд нь хилийн боомтыг зах зээлийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилготой юм.

Энэ хуулийн өөр нэгэн онцлог гэвэл боомтын шалгалтын давхардал, хүнд суртлыг арилгаж, шалган нэвтрүүлэх үе шатыг цөөлж, цахим хэлбэрт шилжүүлэн олон улсын худалдааг хөнгөвчилжээ.

... Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2014-2015 онд боомтын үйл ажиллагаатай холбоотой мөрдөж байсан 126 журмаас эрх зүйн үндэсгүй 44 журмыг хүчингүй болгож, зарим эрх мэдлийг орон нутаг дахь газрын дарга, мэргэжилтнүүдэд шилжүүлжээ ...

Үүний үр дүнд хилийн боомтын үйлчилгээ шуурхай болж, виз олголт нэмэгдэн улсын төсөвт төвлөрдөг орлого 2014 онд гэхэд 16 хувиар нэмэгдсэн байна.

Түүнээс гадна 2014 долдугаар сараас зарим хуурай замын боомтоор том оврын авто машины жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэлсэн. Мөн оны аравдугаар сараас “E-Immigration” цахим үйлчилгээний төсөл хэрэгжиж Буянт-Ухаагийн боомтоор зорчигчдыг 14-18 секундэд цахим гарцаар хил нэвтрүүлдэг болсон байна.

Боомтууд нэгдсэн удирдлагатай болж байна

Өмнө нь хоорондоо уялдаа холбоо муутай ажиллаж байсан гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэрэг, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газар зэрэг хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь уяж боомтуудыг нэгдсэн удирдлагаар хангах Боомтын нэгдсэн захиргаа гэсэн байгууллагыг ЗГХЭГ-ын дэргэд байгуулав. Энэ байгууллага нь нэг ёсондоо Хилийн боомтын үндэсний зөвлөлийн ажлын албаны үүрэг гүйцэтгэнэ. Харин Хилийн боомтын үндэсний зөвлөлийн хувьд боомтыг хөгжүүлэх талаар бодлого боловсруулах үүрэг хүлээж байна. Нэгдсэн захиргаанаас гадна боомт болгон тус тусын захиргаатай байна. Боомтын захиргаа нь Үндэсний зөвлөлөөс гаргасан чиг шугамын дагуу ажиллаж, тухайн боомтын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй.

Хууль хэрэгжиж эхэлсний дараахан Гадаадын иргэн, харьяатын газрыг “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар” болгон өөрчилсөн. Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд ч бас зарчмын өөрчлөлт оржээ. Тухайлбал хилийн боомтоор оруулдаг 5700 гаруй нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнийг эрсдлээр нь их, бага, дунд хэмээн ангилсан байна. Бага эрсдэлтэй бүтээгдэхүүний зөвхөн бичиг баримтыг шалган, хилээр нэвтрүүлнэ. Эрсдлийн дунд ангилалд хамаарахаар бол бичиг баримтыг шалгахаас гадна биет үзлэг хийнэ. Харин өндөр эрсдэлтэй бараа, бүтээгдэхүүнд дээрх хоёр үзлэг, шалгалтыг хийгээд зогсохгүй лабораторын шинжилгээ хийж хилээр нэвтрүүлэхээр зохицуулжээ.

... Ингэснээр 3000 гаруй нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнийг ямар нэгэн хүнд сурталгүй хилээр нэвтрүүлдэг болсон байна ...

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.