Болд.Л 2016.02.17 | Сонин: Өглөөний сонин

Алслагдсан хороодын ахуй нөхцөл өөрчлөгдөв

Алслагдсан хороодын ахуй нөхцөл өөрчлөгдөв
Алслагдсан хороодын ахуй нөхцөл өөрчлөгдөв

Улаанбаатарын дүүргүүд дотроос хамгийн их хөрөнгө оруулалт татсан, автозам шинэчлэгдсэн, хамгийн олон орон сууцны хороолол баригдсан, хамгийн их гэрэлтүүлэг хийгдсэн, цэцэрлэг, сургуулийн цогцолбор баригдсан онцлогоор Хан-Уулчууд бүтээн байгуулалтын эздээр тодорчээ.

Тухайн тойргоос УИХ-д сонгогдсон гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар болон нийслэл, Хан-Уул дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, түүнчлэн хороодын удирдлага, иргэд, аж ахуйн нэгжүүд асуудлаа нэгтгэж, зорилгынхоо төлөө санаа, сэтгэл нэгтэй ажилласан нь өнөөдрийн амжилтад хүрэх нөхцөл болсон юм. Иймдээ ч улсын нийслэлийн нүүр царай болсон Хан-Уул дүүрэг ийн хөгжлөөрөө түүчээлж байна. Өнөөдөр Хан-Уул дүүргийн алслагдсан хороод болох Өлзийт, Шувуун фабрик, Биокомбинатын иргэд дүүргээс сонгогдсон түшээдтэйгээ гар, сэтгэл нийлэн ажиллаж, олон чухал асуудлыг шийдсэндээ сэтгэл хангалуун байна. Тэдний нэг нь автозамын шинэчлэл.

Өлзийт, Шувуу, Биокомбинатын иргэд зам гэж хэлэхэд хүнд, зундаа шавар шавхай дүүрсэн, энхэл донхол газраар зорчижхотын төвөөс гэр, гэрээс ажлын хооронд явдаг байсан иргэд өнөөдөр хатуу хучилттай замаар зорчиж, цаг, зав хэмнэдэг болов.

Мөн Өлзийт хорооны иргэд түргэн тусламж авахаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ханддаг ч төваас алслагдсан тул түргэн тусламж хүлээж цаг алддаг байв. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл зөрчигддөг байсан Өлзийт хороонд одоо эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэдэг төвтэй болжээ. Шинээр төвхнөж байгаа энэ төвд шаардлагатай эм тариа, стандартад нийцсэн тоног төхөөрөмж хангамжийг нэмэгдүүлэх ажил үлдээд байгаа юм байна. Түүнчлэн Өлзийт хороо цэцэрлэг, сургуулийн цогцолбортой болсон ба шинэ сургуульд мөн л сургалтын тоног төхөөрөмж, сурагчдын ширээ сандлыг шийдвэрлэх ажил хүлээгдэж байна. Хан-Уул дүүргийн бас нэг гэрэлтэй мэдээ бол дүүрэг 2015 онд гэрэлтүүлгийн асуудалд хувьсал хийсэн явдал. Энэ ажил 2016 онд Өлзийт, Шувуу, Биокомбинатын гэр хороололд хийгдэнэ. Үүнд зарцуулах 300 сая төгрөг улсын төсөвт тусгагдсан байгаа гэнэ. Ийнхүү бүтээн байгуулалт өрнүүлж, зам талбай, гэрэлтүүлгийн ажлаа цэгцэлсэн тус дүүрэг иргэн бүртээ газар өмчлүүлэх том зорилтыг тавьжээ.

Иргэнд цахимаар газар олгох ажил хийгдэх үед УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар дүүргийн хороо бүрт компьютертэй мэргэжилтэн ажиллуулж, ахмад настай, цахим сүлжээнд холбогдох боломжгүй иргэдийн газар өмчлөх хүсэлтийг илгээж тусалсан. Одоо Хан-Уул дүүрэг газраа өмчилж авсан иргэдийнхээ тоогоор нийслэлийн бусад дүүргийг тэргүүлж байгаа аж.

Тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд “Энэ ажлын эрчийг алдахгүй. Алслагдсан хороонд амьдарч байгаа иргэдийнхээ газар өмчлөлийн асуудалд анхаарч, тэднийг өсч торнисон, амьдарч дассан газраа өмчилж авахад нь тусална. Тэднийхээ дуу хоолой болно” хэмээн мэдэгдэж байна. Апслагдсан хороодын амь нэг, асуудал нь ч адил төстэй. Тиймээс Хан-Уул дүүргийн хэтийн төлөвт алслагдсан гурван дүүргийг нэгтгэж дагуул хотын хэмжээнд хөгжүүлэх зорилго нийслэлийн удирдлагуудын түвшинд яригдаж байгаа юм. Энэ ажил хэрэгжвэл Өлзийт, Шувуун фабрик, Биокомбинатаас бүрдсэн “Өлзийт” хэмээх дагуул хот бий болох юм байна.