Олон улсын шинжээч: Монгол Улс төвийг сахих нь дэлхий дахинд хэрэгтэй
Синклер Прауз
2016.02.18

Олон улсын шинжээч: Монгол Улс төвийг сахих нь дэлхий дахинд хэрэгтэй

Вашингтон дахь стратеги, олон улс судлалын хүрээлэнгийн шинжээч Синклер Праузын Монголын төвийг сахих бодлогын талаар asiasociety.org цахим хуудсанд бичсэн нийтлэлийг хүргэж байна.  Дашрамд дурдахад Синклер Прауз нь Номхон далайн форумын орон тооны бус судлаач бөгөөд Австралийн Сидней хотод амьдардаг.

“Гуравдагч хөрш”-ийн эрэлд

“Монгол бол урдаасаа Хятад, хойноосоо Орос гэсэн хоёр их гүрний хооронд хавчуулагдсан, олон улсын анхаарлаас амархан гардаг жижигхэн улс. Энэ орон олон улсын харилцаанд нөлөө үзүүлэхээр чадалтай биш гэж үздэг.

Гэвч орчин үеийн Монголын улс төрийн бодлого цаг үеийн дуудлагад хариу өгч Умард Азийн улс төрийн талбарт багтах хүсэлтэй улсуудын хувьд хүчтэй зуучлагч болон хувирч байна. Монголчууд Орос, Хятад, Хойд Солонгосын  нөлөөллийн хүрээнд нэвтрэхэд гол гүүр болдгоороо сонирхол татдаг.

... Зарим олон улсын арга хэмжээний үеэр Монголыг “Дорнын Женев эсвэл Хельсинк” гэж нэрлэх болжээ ...

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн жилүүдэд энэ нэр хүндийг олж авахад гол үүрэг гүйцэтгэсэн. Өнгөрсөн оны аравдугаар сард тэр Монгол Улс дэлхийн тавцанд төвийг сахих тухай асуудлыг сөхөж бүх нийтээр хэлэлцүүлсэн. Тэрээр төвийг сахих бодлогыг “Монголын нэгэн том боломж” гэж нэрлээд хэрэгжүүлэх эсэх нь цаг хугацааны хэрэг гэжээ. Ц.Элбэгдоржийн үзэж буйгаар монголчууд төвийг сахиснаар бүс нутгийн болоод дэлхийн хэмжээнд хүчирхэг зуучлагч, холбогч улс болох үндэс тавигдана гэж байна.  

... 2014 онд Ц.Элбэгдорж Орос, Хятад, Монголын харилцааны түүхэнд анх удаа гурван талт дээд хэмжээний уулзалтыг санаачилсан...

Энэ нь эдгээр гурван улсын хувьд харилцаагаа гүнзгийрүүлэх чухал уулзалт болсон юм. Монгол дахь АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хэлэхдээ “Монгол Улс өөрийгөө Хятад, Оросын хувьд далайд гарах гарц хэмээн харж байна” гэжээ.

Гурван талт дээд хэмжээний уулзалт

Жил ирэх тутам Монгол Улс хоёр хөрштэйгээ эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж, ялангуяа монголчуудад амин чухал хэрэгтэй тээврийн салбарт хамтран ажиллаж байна. Монголчууд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд (AIIB) гишүүнээр элссэнээр уул уурхай, эрчим хүчний дэд бүтцэд зориулсан тээврийн маршрутыг бий болгоно гэж найдаж байна. Түүнчлэн Монгол нь “Шинэ торгоны зам”-ын тээврийн коридорыг хөгжүүлэх төсөл, Оросоос Монголыг дайрч Хятад руу чиглэсэн газрын тос, байгалийн хийн хоолойн төсөлд оролцож байгаа юм.  

Ц.Элбэгдоржийн санаачилгаар "Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-нээс гадна АНУ, Япон, Монголын гурван талт уулзалт болсон. Энэ нь Монгол Улс олон улсын харилцаанд илүү жинтэй үүрэг гүйцэтгэх гэсэн сонирхолтой байгааг илэрхийлж байна.  

... Хамгийн сонирхолтой нь тус улс Хойд Солонгос болон олон улсын хамтын нийгэмлэгийн хооронд зуучлалын үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм ...

Монгол Улс бол Хойд Солонгосын итгэл, хүндлэл хүлээсэн цөөхөн орны нэг гэхэд хилсдэхгүй. 2014 онд болсон “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-нд хоёр Солонгос хоёул АНУ, БНХАУ, ОХУ, Японы хамт оролцсон. Хоёр Солонгос харилцан ойлголцолд хүрч чадалгүй энэхүү зургаан талт хэлэлцээ гацсан учир Монгол Улс энэ асуудалд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж болох юм гэсэн санал ч гарч байлаа.

... Тус улсын газарзүйн байршил, олон улстай хамтран ажиллах тэмүүлэл, тогтвортой гадаад харилцаанаас харахад тус улсын төвийг сахих бодлого дэлхий дахинд хэрэгтэй ...

Түүнээс гадна Монгол Улс хил, газар нутгийн ямар ч маргаангүй. Дэлхийн улс төрчид энэ улсын энх тайванч байр суурийг дэмжиж, НҮБ-ын энхийг сахиулах, терроризмтай тэмцэх болон хүмүүнлэгийн ажиллагаанд оролцохыг сайшаадаг. НҮБ-ын гаргасан энх тайванч орнуудын жагсаалтад Монгол 26 дугаар байр эзэлсэн нь гуравхан сая хүн амтай улсын хувьд гайхмаар амжилт юм.

Монголын олон улсын харилцаанд гүйцэтгэж буй чухал үүргийн өөр нэгэн илрэл бол цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын цэргийн сургуулилт. 2015 онд тус сургуулилтад АНУ, Өмнөд Солонгос, Индонези, Канад, Хятад гэх мэт 23 орон оролцсон. Үүнээс Хятад улс оролцсон нь анхны тохиолдол болж байна.

“Хааны эрэлд” олон улсын цэргийн сургуулилт

Монголын төвийг сахих бодлого “гуравдагч хөрш”- рүү чиглэсэн харилцаанд чухал үүрэгтэй. Гуравдагч хөршийн бодлого нь Монголын Хятад, Оросоос хараат байдлыг багасгаж, бусад оронтой харилцааг хөгжүүлэх зорилготой.

Монголчууд төвийг сахих бодлогыг албан ёсоор баталвал өөрийн стратегийн сонирхлыг дэвшүүлж эхэлнэ. Энэ нь Монголын хувьд тийм ч хэцүү зүйл биш. Учир нь монголчууд стратегийн сонирхлоо хамгаалж үлддэг арвин туршлагатай ард түмэн.

Хоёр их гүрний дунд байгаа нь монголчуудыг тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын асуудалд ухаалаг хандахыг шаарддаг. Тиймээс 2011 онд Монголын парламент хууль баталж аль нэг гадаад орны хөрөнгө оруулалтын хэмжээ нийт гадаадын хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтэрч болохгүй гэсэн хязгаарлалт хийжээ. Түүнчлэн тус улсын хуулиар гадаадын төрийн өмчит компаниуд Монголын үндсэн хувьцаануудыг хянахыг хязгаарладаг.

Монголын ардчилал 25 нас хүрлээ. Энд өрнөж буй улс төрйин нөхцөл байдлаас харахад ардчиллын үнэт зүйлс 21 дүгээр зуунд ч гэсэн хөгжсөөр байна. Монголын төвийг сахих үзэл энэ улсын олон улсын тавцанд эзлэх байр суурийг бэхжүүлэх нь лавтай.

Синклер Прауз (Sinclaire Prowse)