Бурмаа.Р 2016.02.19 | Сонин: Засгийн газрын мэдээ

Хуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан уг заалтыг хассан

Хуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан уг заалтыг хассан
УИХ-ын гишүүн Р.Бурмаа

Сонгуулийн тухай хуульд “Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэсэн заалт тусгаагүй аж. Энэ талаар Сонгуулийн тухай хуулийг боловсруулсан Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалтыг холбогдох хуульд тусгаж ирсэн ч энэ удаад оруулаагуй аж. Яагаад энэхуү заалтыг хассан бэ?

-Өнгөрсөн онд Хуулийн тухай хуулийг УИХ-аас баталж, хэрэгжүүлж байгаа. Уг хуулиар шинээр өргөн мэдүүлж буй хуулийн төсөл, нэмэлт, өөрчлөлтүүд олон шат дамжлага болон хэлэлцүүлгийг давж байж хуульд өөрчлөлт орно. Үүний дараа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэх учиртай. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалтыг хассан.

-Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой гэсэн үг үү?

-Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалтыг хассанаар заавал Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн үг биш. Гэхдээ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэзээ ч, хэн ч өргөн мэдүүлэх эрх нь нээлттэй байгаа. Хуулийн тухай хуулиар томоохон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь амаргүй байгаа. Өөрөөр хэлбэл, улс төрийн ганц хүчин өөрчлөлт оруулахад хэцүү.