Цэцийн дарга хууль зөрчсөн, бүр гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2016.02.19

Цэцийн дарга хууль зөрчсөн, бүр гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр Төрийн ордонд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудлаар УИХ дээр хууль зөрчсөн, зөрчөөгүй гэх маргаан үүсээд байгаа. Тэгвэл гишүүн Х.Тэмүүжин “Хуульчид ямар нэгэн хов жив, сэтгэлийн хөөрлөөр маргалддаггүй. Бодитой баримт, цагаан дээр хараар бичсэн хуулийн зүйл заалтыг баримталж маргалддаг. Цагаан дээр хараа бичсэн хуулиар бол Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулах асуудал хуулийн ямар ч зүйл заалтыг зөрчөөгүй. Үүнийг тодорхой баримтан дээр тайлбарлая” гэсэн юм.

Цэцийн гишүүнийг огцруулахтай холбоотой тодорхой гурван сэдвээр маргаан үүсээд байгаа. Тухайлбал:

  1. Үндсэн хуулийн цэцийг эргүүлэн татахтай холбоотой Үндсэн хуульд заасан зүйл заалтын маргаан.
  2. Дээд шүүхийн санал “санал” мөн үү
  3. Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зөрчсөнийг хэн тогтоох вэ.

Үндсэн хуулийн 65.3-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эргүүлэн татаж болно” гэж заасан. Үүнтэй холбоотойгоор “Цэцийн шийдвэр болон анх илгээсэн байгууллагын санал хоёул байгаа нөхцөлд УИХ асуудлыг хэлэлцэнэ” хэмээн маргалдаж байгаа аж. 

Тэгвэл Х.Тэмүүжин гишүүн “Яг энэ асуудлаар маргалдаад байгаа Үндсэн хуулийн цэцийн дарга болон нэр бүхий гишүүд, зарим УИХ-ын гишүүд, жишээлбэл намайг оюутан байхад “Энэ хоёр шаардлага нь эсхүл гэдгээр холбогдсон хоёр тусдаа зүйл” гэж зааж байсан. Гэвч өнөөдөр өөрсдийнх нь асуудал хөндөгдөхөөр өөр тайлбар хэлж байгаа нь харамсалтай” гэв. Түүнчлэн тэрээр Улсын бага хурлын 1992 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг сэтгүүлчдэд танилцууллаа.

Тухайн өдөр Улсын бага хурал Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг хэлэлцэж, баталсан байдаг аж. Энэ үеэр гишүүдийн хэлж байсан үгийг сийрүүлбэл, “Цэц өөрөө шийдвэр гаргана, эсвэл цэцийн гишүүнийг анх илгээсэн байгууллага санал илгээвэл УИХ асуудлыг хэлэлцэнэ шүү” гэсэн байдлаар тэмдэглэсэн байгааг онцолсон юм. 

Түүнчлэн Дээд шүүхийн санал “санал” мөн үү, биш үү гэх маргаан бий. Одоо мөрдөгдөж байгаа Шүүхийн тухай хуульд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах санал гаргах тухай зохицуулалт байдаг аж. Харин Үндсэн хуулийнцэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудлаар яг ямар процессоор санал гаргаж, саналд гарын үсэг зурах талаар зохицуулалт байдаггүй гэнэ. Энэ тохиолдолд  одоо үйлчилж байгаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 13.1.1-ийг барьж ажиллах ёстой гэлээ. Тус зүйл заалтад “Тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх эрхийг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч эдэлнэ” гэсэн байдаг аж. Тийм учраас Дээд шүүхийн шүүгч Ц.Зоригийн гарын үсэг зурсан саналын бичгийг одоо байгаа хуулийн хүрээнд хүчинтэй гэж үзнэ хэмээн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин онцоллоо.

Харин цэцийн гишүнийг эргүүлэн татахтай холбоотой санал гаргах процессын талаар ямар ч зүйл заалт тусгаагүй. Тийм учраас Үндсэн хуулиа баримталж ажиллах ёстой гэв. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 65.3-д заасанчлан цэцийн гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой зохицуулалтыг барьж ажиллах юм байна.

Гуравдагаарт, хууль зөрчсөнийг хэн тогтоох вэ гэх асуудал бий. Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд “Цэцийн гишүүн хууль зөрчвөл...” гэх байдлаар зохицуулж, тусгасан. Харин хууль зөрчсөнийг аль нэг байгууллага тогтоох талаар ямар нэгэн үг үсэг байхгүй гэж байна.

Уг нь өмнөх намрын чуулганаар УИХ Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг батлахдаа “Цэцийн гишүүн хууль зөрчсөнийг шүүх байгууллага, эсвэл холбогдох бусад хуулийн байгууллага тогтоовол...” гэх байдлаар өөрчилсөн аж. Гэвч Үндсэн хуулийн цэц 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа шинээр батлагдсан Цэцийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, түдгэлзүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хэрэв сая баталсан хуулийн холбогдох зүйл заалт хүчинтэй байсан бол жишээ нь УИХ-ын Тамгын газар Дээд шүүх рүү бичиг явуулах эрхтэй субъект мөн үү, биш үү гэх маргаан үүсэх боломжтой байсан. Гэвч Цэц өөрөө энэ зүйл заалтыг хүчингүй болгосон. Тийм учраас одоо Үндсэн хуулийн “шалдан” заалтаа барьж ажиллахаас өөр аргагүй. Энэ бол маш тодорхой хуулийн зөрчлийн асуудлыг шийдвэрлэх тухай асуудал. Түүнээс биш зарим нэг хүний хэлж байгаа шиг улс төрийн зорилготой, эсвэл хэн нэгнийг зориуд өс санаж унагаах гэсэн зүйл биш” гэсэн юм.

Түүнчлэн тэрээр “Үндсэн хуулийн цэцийн дарга өөрийнхөө гарын үсгээр баталгаажуулж, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, бүр цаашилбал Дээд шүүхийн ерөнхий шүүгч болон Эрүү, Иргэний хэргийн шүүгч нарт албан бичиг илгээсэн. Энэ бичгээрээ “Холбогдох хууль нь илт Үндсэн хуулийн зөрчилтэй байгаа учраас ашиглаж ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг уламжилж байна” гэсэн байгаа. Үндсэн хуулийн цэцийн дарга ямар хууль, тогтоомжийн хүрээнд ийм бичиг явуулсан бэ гэдэг нь бас тодорхойгүй. Өөрөөс нь асуух хэрэгтэй байх. Гэхдээ энд маш тодорхой хуулийн зөрчил байгаа.

Нэгдүгээрт УИХ-аас гаргасан хуулинд албан ёсны хуралдаан зарлаж, Дунд суудлын хуралдаанаас шийдвэр гаргалгүйгээр шууд хориг тавьсан. Хоёрдугаарт, Монгол Улсын шүүх байгууллагын хараат бус бие даасан байдалд нөлөөлөхийг оролдсон. Үүгээрээ Үндсэн хуулийн цэцийн дарга нэгдүгээрт хууль зөрчсөн, хоёрдугаарт Эрүүгийн хуулийн дагуу албан тушаалаа урвуулан ашигласан, эсвэл албан тушаалаа хэтрүүлсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдах ёстой” гэлээ.