Болд.Л Бакей.А Батхүү.Г 2016.02.22 | Сонин: Өглөөний сонин

МоАН санаачилга байгуулагдлаа

УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн жил тохиосон 2015 онд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл нар Монголын ардчиллын тулгуур үнэт зүйлүүдийг тодорхойлон томъёолж намын гишүүд, дэмжигчдийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байсан билээ. Олныг хамарсан, олон хүний дэмжлэг авсан энэхүү хэлэлцүүлэг, үйл ажиллагаа нь МоАН Санаачилга нэртэй бие даасан байгууллага болон бэхжсэн байна. 

Монголын ардчиллын хувь заяа, түүнээс шууд хамаарах улс орныхоо аюулгүй байдал, хөгжил, дэвшлийн төлөө сэтгэл зовнин, санаа нэгдсэн, нийгэм, улс төрийн амьдралд идэвхитэй оролцдог зуун хүн энэхүү МоАН санаачлага нэрийн дор нэгдэж өнгөрсөн Баасан гарагт гишүүдийнхээ анхны хурлыг хийжээ.

Анхдугаар хуралдаанаар тус байгууллагын дүрэм, бүтцийг баталж удирдлагуудаа сонгосон байна. Энэ үеэр Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Болдыг МоАН Санаачилгын Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгож түүний санал болгосноор Д.Нямхүү, С.Мэндсайхан, Л.Нармандах нарыг Дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна. Харин хорин нэгэн хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Оюунгэрэл, А.Бакей, С.Баярцогт, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар зэрэг хүмүүс  сонгогдон оржээ.

Мөн МоАН-ын үүсгэн байгуулагчид ардчиллаа аврах, зөв чиглэлд оруулах, хөгжүүлэх, амь оруулах замаар суурь үнэт зүйлсдээ тулгуурласан Шинэ Монголыг хөгжүүлэх их үйлсийн төлөө хамтран зүтгэж, шаардлагатай цагт тэмцэгчид болон хувирч ардчиллын үнэт зүйлсийн манаанд зогсох болно хэмээн цаашдын үйл ажиллагааны чиг шугамыг тодорхойлж байв. Хурлаас гаргасан тунхаглалд “Ардчилал нь нийгмийн тогтолцоо гэдэг утгаараа шударга ёс, оршихуй, тусгаар тогтнолын баталгаа мөн ч байнгын арчилгаа, өмгөөлөл, ухаарал шаарддаг зүйл билээ. Ардчиллын үнэт зүйлсийг цаг үргэлж мэдэрч, түүнийг ил тодоор хамгаалж, үндсэн сэдвийг туслах явдлаас зааглаж чаддаг байх нь өдгөө онц чухал болж байна.

МоАН санаачилгыг үүсгэн байгуулагчид бид Монголын ардчиллын доорх үнэт зүйлсийг сахин хамгаалж улам бүр баяжуулсаар байхаа тунхаглан зарлаж байна” гээд Монголын ардчиллын үнэт зүйлсийг 10 зарчмаар тодорхойлсон байна. Энэхүү байгууллага нь ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг дээдэлсэн нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага байх юм. Гэсэн хэдий ч гишүүд нь үзэл бодлоороо нэгдэн тодорхой улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглохгүй хэмээн дүрмэндээ тусгаснаас үзэхэд МоАН буюу Монголын Ардчиллын Нэгдэл нэрийн дор улс төрийн томоохон хүч нэгдэн бий болж болох юм гэж ажиглагчид дүгнэж байна. 

Ардчилал нь нийгмийн тогтолцоо гэдэг утгаараа шударга ёс, оршихуй, тусгаар тогтнолын баталгаа мөн ч байнгын арчилгаа, өмгөөлөл, ухаарал шаардцаг зүйл билээ. Ардчиллын үнэт зүйлсийг цаг үргэлж мэдэрч, түүнийг ил тодоор хамгаалж, үндсэн сэдвийг туслах явдлаас зааглаж чаддаг байх нь өдгөө онц чухал болж байна. 2016 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр хуралдсан “МоАН Санаачилга”-ын гишүүдийн анхдугаар хурлаас бүх нийтэд хандан гаргасан тунхаглалыг танилцуулж байна.

МоАН санаачилгыг үүсгэн байгуулагчид бид Монголын ардчиллын доорх үнэт сахин хамгаалж улам бүр баяжуулсаар байхаа тунхаглан зарлаж байна. 

1. Аливаа асуудлыг зөвшилцөн хэлэлцэж, маргаан, мухардлыг тайван замаар зохицуулж чадсан нь Монголын ардчиллын хамгийн чухал үнэт зүйл юм.

Ахмад үе, залуучууд бие биесээ нөхөж, оюутан багш нар нэгдэн нийлж, сэтгүүлч уншигчид хэлэлцэн мэтгэлцэж, жагсагчид, цэрэг цагдаа харилцан хүлээцтэй байснаар энэ тайван замыг бий болгосон бөгөөд хамтаараа хийсэн түүхэн сонголт нь Монголын ардчилал байсан юм. Тайван замаар хувьсгал хийхэд хохирогч, хожигч гэж байдаггүй, харин нийтээрээ урагш тэмүүлсэн асар том алхмыг хийдэг ажээ. Энэ л ганц алхмыг хийхийн тулд бусад улс оронд арав, хорин жилийг зарцуулж, цус урсгаж, заримдаа бүхэл бүтэн зууныг алдсан байна. Хойшид ч бүх нийтийн сонголт, зөвшилцөл, ойлголцол нь мухардал, маргааныг шийдэгч нь байх учиртай.

2. Монголын ардчилал бол Монгол нутагтаа төрж, нутагтаа бойжиж, нутгийнхаа үнэ цэнийг шингээсэн унаган ардчилал юм.

Манай улсыг ардчилалд шилж гэсэн болзлыг хэн ч гаднаас тулгаагүй, бидний эргэн тойронд хил дамнан орж ирэх ардчилал байгаагүй. Бид коммунист нийгэмтэй бүс нутгийн хамгийн гүнд нь байрлаж байсан ч ард түмэн маань ардчиллыг сонгосон юм. Монголын ардчилал эдийн засгийн тодорхой бэрхшээл, хямралыг туулан тэсвэр дархлаагаа нэмсээр тал нутагтаа идээшсэн билээ. Ийм унаган ардчилалтай орон дэлхийд хуруу дарам цөөхөн. Магадгүй Грек, Франц, Америк, Англи, Швейцарь, Норвеги, Энэтхэг, Өмнөд Африк, Польш улсууд, л өөрийн унаган ардчиллын түүхээр гайхуулж чадах биз ээ.

3. Монголын ардчилал бол улстөр, эдийн засгийн хувьд нэгэн зэрэг шилжилт хийсэн хамгийн зоригтой хувьсгалын нэг мөн.

Энэ хоёр шилжилтийн зөвхөн аль нэгийг нь л хийхэд маш их цаг хугацаа ордог, эсвэл гадаадын асар их тусламж дэмжлэг шаардагддаг. Монголд харьцангуй богино хугацаанд, гадаад орнууд болон олон улсын байгууллагуудын дэмжлэгийг харьцангуй бага хэмжээгээр авч, ихэнхдээ  дотоодын ойлголцол, зохион байгуулалт, хүсэл зоригийн ачаар энэ давхар шилжилтийг хийж чадсан нь түүхэн амжилт юм. 

4. Монголын ардчиллын амин сүнс нь үг хэлэх эрх чөлөө мөн. 

Үг хэлэх эрх чөлөө бол монголын ард түмнийг нэгтгэн нягтруулж, ойлголцуулж чадсан, ардчиллыг төрүүлж, бойжуулж, бэхжүүлж чадсан хамгийн чухал эрх чөлөө юм. Үг хэлэх эрх чөлөөний буянаар л бид маргаантай бүх талуудыг сонсч, сонсгож, дундын шийдлийг олж чадсан. Үг хэлэх эрх чөлөөний буянаар бид нийгмээ апхам тутамд нь сайжруулж, алдаагаа олж харж, засч залруулж яваа билээ. Үг хэлэх эрх чөлөөгөө хамгаалах нь Монголын ардчиллын суурийг хамгаалахтай адил чухал үйл хэрэг юм.

5. Монголын ардчилал дэлхийн ардчиллын үнэт зүйлсийн гол зарчмуудыг шингээн авч, өөрийн үндэсний уламжлалыг сэргээн бадрааж чадсан нь гайхамшиг мөн. 

Монголын ардчилал бүх ардчилсан орны иргэдэд хүртээмжтэй байдаг хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөтэй зорчих эрхийг өөрийн иргэддээ олгожээ. Монголын ардчилал үндэсний зан заншил, уламжлалт мэдлэг, өв соёлыг маань сэргээн мандуулсан юм. Ардчиллын эхний өдрөөс эхлэн Монгол Улс дэлхийд улстөр, эдийн засаг, нийгэм соёлын бүх талаар нээлттэй болж, монгол хүн жинхэнэ утгаараа дэлхийн хүн болжээ.

6. Монголын ардчилал ард иргэдийнхээ нилэнхүй дэмжлэгийг хүлээж, тусгаар огтнол, бүх ард түмний эв нэгдлийн баталгаа болсон юм.

Монголтой хамт болон дараахан нь ардчилсан хөгжлийн замыг сонгосон коммунист дэглэмтэй орнууд дотор ардчиллыг ард олон нь дэмжсэн хувь хэмжээгээр Монгол ямагт тэргүүн эгнээнд байж ирснийг сүүлийн 20 гаруй жил явуулсан судалгаа нотолдог. Монголчууд эдийн засаг нь харьцангуй сайн байх үед ч, бас хямралтай байх үед ч ижилхнээр ардчиллыг хөгжлийн замаа гэж эргэлт буцалтгүйгээр үзсээр байгаа нь Монголын ардчиллын нэгэн чухал үнэ цэнийг харуулж байгаа юм, Монголчууд ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэж үзсээр байна.

7. Монголын ардчилал бол залуусын манлайлалтай, оюуны өндөр эрчим, далайцтай хувьсгал мөн. 

1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч, гол дэмжигчид, жагсагчдын ихэнх нь залуус оайснаараа онцлог юм. Монголын залуус маш тайван, ардчилсан хувьсгалын манлайлагчид болсноороо түүхэнд үнэхээр содон үлдсэн юм. Залуусын удирдсан хувьсгалуудад гардаг сонгодог бэрхшээл бол өмнөх үеийнхэнтэйгээ үг хэлээ ололцох чадвар дутагдах явдал юм. Гэтэл Монголын залуусын хүссэн их өөрчлөлтийг ашад үеийнхэн нь хүлээн зөвшөөрч уухайлан дэмжиж туршлага, сургамж ухаанаа харамгүй нэмэрлэж оролцсон нь дэлхийд тун ч гайхалтай түүх болж үлдсэн билээ.

8. Монголын ардчилал үзэл бодлын олон ургальч байдлыг цогцоор нь хөгжүүлсэн онцлогтой. 

Ардчиллын эхний өдрөөс эхлэн Монгол Улсад маш олон холбоо, хөдөлгөөн, намууд байгуулагдсан байдаг. Өдгөө Монгол Улсад төрийн бус байгууллага байгуулах, нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэхийн төлөө эвлэлдэн нэгдэх нь хэвийн үзэгдэл болж, Монголын ардчиллын олон ургальч түүхийг үргэлжлүүлж байна. Монголд олон ургальч байдлыг төлөвшүүлэхдээ өмнөхийг хэвээр үлдээж, шинийг нь боож хаалгүй явж ирсэн онцлог байдаг. Ялангуяа хуучин коммунист намыг тараахын оронд хувьсан өөрчлөгдөх боломжийг хангалттай олгосон нь дэлхийд гарч байгаагүй шийдэл болсон юм.

9. Монголын ардчилал хувь хүний улстөр, нийгэм, эдийн засгийн эрх, эрх чөлөөг тэгш тунхаглан хамгаалсан юм.

Гэтэл хөгжлийн Азийн загвараар замнаж буй болон ардчилалд шинээр шилжин орсон олон орон эдгээр агуулгыг бүрэн хэрэгжүүлэхгүйгээр эдийн засгийн хөгжилд илүү анхаарах хандлага ажиглагдсаар байна. Монголын ардчилал нь нийгэм; эдийн засгийн эрхээ сайн мэддэг, улстөрийнхөө эрхийг бүрэн хэрэгжүүлэх хүсэлтэй иргэдийнхээ хүсэл зоригт зохиролдон бүтээгдсэн нь том амжилт болж байна.

10.Ардчиллын тухай мэдлэг, боловсрол Монголын ард түмэнд өргөн хүрээтэй, хурдтай тархаж чадсан юм. 

Монголын ардчиллын эхний өдрөөс эхлэн ардчиллын тухай ухуулга яриа хийх, лекц унших, мэдээлэл түгээх хүний тоо өсөн нэмэгдсэн байдаг. Үндэсний олон сэтгэгчтэй, олон бичигч, олон мэдээлэл түгээгчтэйгээр зохион байгуулагдсан нь сонирхолтой түүх болон үлджээ. Нийгэм тэр аяараа шинэ үзэл бодол, шинэ сэтгэлгээ, шинэ хандлагын сургалтын талбар болж байв. Суралцах замаар хувьсан өөрчлөгдөж байв. Суралцах, сургах, хамтдаа өөрчлөгдөж сайжрах замаар бүх нийтээрээ өргөн хүрээтэй цоо шинэ мэдлэгийг эзэмшиж байгаа энэ үйл явц одоо ч үргэлжилж байна. Өдгөө манай улсын энэхүү содон чадварыг шинээр ардчилалд шилжин орж байгаа улс орнууд сонирхон судалж байна.

“МоАН Санаачилга" ардчиллын эдгээр үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, хатуу чанд байр суурьтайгаар нэгдэн хамгаалж бодлого, шийдвэр, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээ тунхаглаж байна.