ОБЕГ Хүүхдийн төлөө газар.З 2016.02.22 | Телевиз: МҮОНТВ

“Гамшиг, онцгой байдлын үед хүүхдүүд юу хийж чадах вэ” туршлага солилцох уулзалт боллоо

“Гамшиг, онцгой байдлын үед хүүхдүүд юу хийж чадах вэ” туршлага солилцох уулзалт боллоо

Дэлхийн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэх гамшиг, онцгой байдлын тоо, давтамж жил ирэх тусам нэмэгдэж буйн улмаас олон сая хүн хохирч, амь насаа алдаж, улс орнууд эдийн засгийн хувьд олон тэрбум долларын алдагдал хүлээсээр байна.

Энэхүү гамшиг, онцгой байдлын үед хүүхэд янз бүрээр нэрвэгдэх, хүчирхийлэл дарамтанд өртөх эрсдэл нэмэгддэг.Тиймээс гамшиг, онцгой байдлын эхэн, дунд, дараа аль ч үед хүүхэд бүр хамгаалагдсан байх орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрөөс Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллыг чадавхижуулах, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Энэ төслийн хүрээнд Гамшиг, онцгой байдлын үед би юу хийж чадах вэ?” сэдэвт сургалтын хөтөлбөрийг боловсруулан, зорилтот 5 дунд сургуулийн оролцооны бүлгийн нийт 156 хүүхдэд сургалтыг зохион байгуулж, эдгээр хүүхдүүд сурч мэдсэнээ сургуулийнхаа хүүхдүүдэд таниулах үе тэнгийн сургагчаар бэлтгэгджээ.

Сургалтаар хүүхдүүдэд гамшиг, онцгой байдлын тухай, гамшгийн үе дэх хүүхэд хамгааллын аргазүй, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэл, эмзэг байдлаа үнэлэх, бууруулах, учирсан хохирлын хэмжээг багасгах талаар шинэ мэдлэг мэдээлэл өгч, тэдний гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулахыг зорьсон юм.Төслийн хүрээнд 97-р дунд сургуулийн “Өсвөрийн аврагчид”, 102-р дунд сургуулийн “Гэрэлт ирээдүйн төлөө”, 50-р дунд сургуулийн “Өсвөрийн аврагч”, 72-р дунд сургуулийн “Өсвөрийн аврагч”, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 1-р дунд сургуулийн “Онцгойгийн охид, залуус” оролцооны бүлгүүд байгуулагдаж, бүлгийн гишүүн хүүхдүүд тус сургалтанд хамрагдсанаар үе тэнгийнхэндээ сургалт явуулж /9312 хүүхэд/, сургууль дээрээ нөлөөллийн ажил зохион байгуулж байгаа нь ихээхэн үр дүнд хүрч байна.

Хүүхдийн оролцооны эдгээр бүлгүүдийн туршлага солилцох уулзалт өнөөдөр Чингэлтэй дүүргийн 50-р дунд сургуулийн “Урлаг” танхимд боллоо.Түүнчлэн уулзалтад сургуулиудын удирдлага, чиглүүлэгч багш, нийгмийн ажилтан, БСШУЯ, ОБЕГ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн боловсролын газар, нийслэлийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтэс, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн ХГБХТ-үүдийн төлөөлөл оролцож, хүүхдүүдийн санал, санаачлагатай танилцаж, тэдний бэлтгэсэн гамшиг ослын үед хэрхэн өөрийгөө болоод өрөөл бусдыг хамгаалах талаар жүжигчилсэн тоглолтыг үзэж, хүүхдүүдэд мэдээ, мэдээлэл өгч ажиллалаа.

Энэхүү уулзалт нь хүүхдүүдэд гамшиг ослын үед хэрхэн өөрийн болоод бусдын амь насыг авран хамгаалах вэ талаар мэдлэг олгосон, сонирхолтой уулзалт болсон юм.