Су.Батболд: Хоёр танхимтай Парламенттай болоход нийгмийн зөвшилцөл хэрэгтэй
2011.03.23

Су.Батболд: Хоёр танхимтай Парламенттай болоход нийгмийн зөвшилцөл хэрэгтэй

Парламентын шинэчлэлд намуудын үүрэг, оролцоо” уулзалтыг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Су.Батболд хөтлөн явуулсан юм. Түүнээс зарим зүйл тодрууллаа.

-
Хоёр танхимтай Парламентын зохион байгуулалтыг МАН санал болголоо. УИХ-д суудалтай болон суудалгүй намууд түүнийг нь дэмжиж байна. Улс төрийн энэ том сэдлийг гаргаж тавих зорилго яг юу байв. Цаг үе нь мөн үү?

-Энэ санаачилгыг МАН-ын дарга С.Батболд анх гаргаж тавиад намуудын дарга нарыг ярилцлагад урьсан. Өөр хоорондоо цэцэрхэж маргалдах биш, нээлттэй ил тод ярилцаж байя. Нийгмийн зөвшилцөлд хүрье гэсэн зорилго тавьсны эхнийх нь “Парламентын шинэчлэлд улс төрийн намуудын үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт боллоо. Нийгмийн бүх салбарынхан 20 жилийн өндөрлөгөөс өөрсдийн үйл ажиллагааг дүгнэн харж байна. 20 жил гэдэг улс төрд тийм ч бага хугацаа бас биш юм. Энэ хугацаанд УИХ-ыг бүрдүүлдэг болон бусад нам юун дээр алдаж онов, ямар сургамж дүгнэлттэй болов гэдгээ сая ярилцлаа. Сонгуулийн шинэчлэлийг хийхгүйгээр Парламентын шинэчлэлийн тухай ярих нь учир дутагдалтай гэж ИЗН-ын дарга С.Оюун ярилаа. ҮШН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэн тэргүүнд хийх ёстой гэж үзэж байна. Сонгуулийн тогтолцоо, мөнгөний амлалт Парламентын шинэчлэлд сөргөөр нөлөөлж байна гэдгээ НН-ын төлөөлөл  хэллээ. Шинэчлэлийн асуудал ярьж байгаа юм бол уламжлалаа хадгалах нь зүйтэй гэж МУНН-ын дарга Б.Батболд байр сууриа илэрхийлсэн.

Одоогийн 76 гишүүнтэй УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, эсвэл төлөөллийн ардчиллын шинж чанарыг хадгалсан хоёр танхимтай байх гэсэн хувилбарыг МАН-ын дарга санал болголоо. Монгол Улсын эдийн засгийн өсөлт, баялгийн нөөцтэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдал хийгээд  шийдвэр гаргах түвшинд гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөлөл гарч ирэхийг үгүйсгэхгүй. Түүнээс сэргийлэх, Парламентынхаа дархлааг бэхжүүлэхийн  тулд иргэд, олон нийтийн байгууллага, улс төрийн  намуудын төлөөллийг Дээд, Доод танхимдаа оруулж ирэх талаар санал солилцож эхэлж байгаа юм. Шинэчлэлийн асуудлыг дотоод, гадаад хүчин зүйлтэй холбож ярилцах зөв гэдэг дээр улс төрийн намуудын удирдлага ерөнхийдөө санал нэг байна.

-Парламентын шинэчлэлийг ярихдаа Үндсэн хуулиа өөрчлөх, УИХ Дээд, Доод танхимтай байх, Сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэсэн гурван үндсэн асуудлыг түлхүү хөндлөө…

-Парламентын шинэчлэлийг хийхдээ сонгуулийн шинэчлэл, тогтолцооны тухай  ярихгүй байх аргагүй. УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, эсвэл хоёр танхимтай байх тухай асуудлыг хөндвөл Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулж таарна. Гэхдээ зөвхөн энэ бүхэнд үндэслээд шийдчихгүй. Улс төрийн хүсэл зориг, нийгмийн зөвшилцөл гээд олон зүйлийг харгалзан үзнэ. “Парламентын шинэчлэлд намуудын үүрэг, оролцоо” ярилцлагаас гарсан санал санаачилгыг нэгтгэж боловсруулаад судалгаа, шинжилгээний ажлууд хийх шаардлагатай.

-Одоогийн УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох тухай МАН-ын дарга ярьсан. Түүнийг яг ямар утгаар нь ойлгох вэ. 76 гишүүний тоог  нэмэх шаардлага бий юу?

-УИХ-ын үйл ажиллагаа, дэгийг боловсронгуй болгоход нэлээд анхаарч байна. Улам боловсронгуй болгох шаардлага бий. Бүтэц, зохион байгуулалтыг одоогийнхоос арай өөр хэлбэр рүү оруулах санал бий. 76 гэсэн тоо нь болж байна уу,  түүнийг нэмэх үү гэх зэргээр хувилбарууд байж болно. Дээд, Доод танхимын үйл ажиллагаа, эрх, үүргийн талаар нарийн тодорхой ярилцаагүй. Эндээс гарсан санал санаачилгыг цаасан буулгаж байж дахин ярилцана.  Саяын уулзалтаар энэ бүхний эхлэл тавигдлаа гэж үзэж болно.

-Ажлын хэсэг байгуулах санал гарсан…

-Энэ талаар улс төрийн намуудын удирдлага тохиролцоонд хүрлээ.  Аль намаас, хэн хэнийг оруулж ажиллуулах саналаа өгөх байх. Ийм том эрх ашгийн төлөө намууд хамтарч байгаа нь маш зөв эхлэл юм. дараагийн уулзалтыг АН зохион байгуулах амлалт авсан.

-Энэ уулзалтаас ямар нэгэн зөрчилдөөн олж хараагүй. Ерөнхийлөгчийн засаглалыг тунхагладаг намын төлөөлөл тэнд байсан ч хамгийн таатай нь  Парламентын тогтолцоогоо алдаж хэрхэвч болохгүй шүү гэсэн нэгэн  хүсэл, зорилгын төлөө нам, улстөрчид байгаа нь тод харагдсан. Энэ  нь сэтгэгдэл төрүүлсэн…

-Сонгож авсан тогтолцоогоо ямагт хэвээр нь хадгалъя, улам боловсронгуй болгоё гэдэг дээр дуу хоолой нэг байгаа нь харагдсан. Энэ их сайн, давуу тал.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.