Хангалттай хугацаанд хүлээсний эцэст ирцээ бүрдүүлсэн
УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей
2016.02.23

Хангалттай хугацаанд хүлээсний эцэст ирцээ бүрдүүлсэн

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Та УИХ-ын чуулганы хуралдааныг тасалдаггүй цөөн гишүүдийн нэг. Тиймээс өнгөрсөн намрын чуулганы үйл ажиллагааг дүгнээд ярихгүй юу?

-УИХ-ын намрын ээлжит чуулган хэдхэн хоногийн өмнө өндөрлөлөө. Өмнөө тавьсан гол зорилтоо биелүүлсэн гэж дүгнэж байгаа. Намрын чуулганы хугацаанд улс төрийн нөхцөл байдал тийм ч таатай байсангүй. Гэсэн хэдий ч улс орон, нийгэм, эдийн засгийн амьдралтай холбоотой чухал хуулиудыг баталж чадсан. Нийтдээ бие даасан 29, нэмэлт өөрчлөлт оруулсан 354, УИХ-ын 64 тогтоол баталж гаргасан байна. Энэ бол чамлахааргүй тоо. Асуудлын мөн чанар тоонд биш чанарт байх ёстой. Ямар асуудал шийдэв гэдэг нь чухал. Зарим гол хуулийг онцолж хэлэхийг хүсэж байна л даа. Тухайлбал, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль шинээр батлан гаргасан. Манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаа руу шилжсэнээс хойших хугацаанд, ялангуяа эхний үед төлөвлөгөө гэж хэрэггүй гэжүздэгбайлаа.

Бүх зүйл зах зээлийн зүй тогтлоор явах ёстой гэх үзэл бодол нэг хэсэг давамгайлдаг байсан. Түүний дараа Монгол Улсын хөгжлийн асуудал УИХ-ын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаагаар хэмжигдэж ирсэн. УИХ-ын сонгууль болохоор нам болгон өөрсдийн мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг. Аманд багтахгүй том амлалт хэлэхээр сонгогчид түүнд нь хууртагдан саналаа өгөх жишээтэй. Эргээд өнөөх намууд нь амлалтаа биелүүлэхийн тулд улсын сан хөмрөгийг хоосортол зүтгэдэг. Энэ бол хөгжил биш. Харин ч хөгжлийн эсрэг бодлого явж ирлээ. Тиймээс Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөтөлбөртэй болж байгаа юм. Эдгээр хөтөлбөрийг хооронд нь хэрхэн уялдуулах, яаж хэрэгжүүлэх, хариуцах эзэн нь хэн байх зэрэг хөгжлийн бодлогыг төрийн байгууллагын түвшинд тодорхойлсон эрхзүйн орчин анх удаа бүрдлээ гэж харж байгаа. Уг хуулийг нэн чухал болсон гэж бодож байна. 

Уг хуульд хөгжлийн урт хугацааны бодлогыг УИХ, дунд хугацааныхыг Засгийн газар батална гэж заасан. Засгийн газрын мөрийн хөтөлбер, жил бүрийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв зэргийг хөгжлийн бодлогын хөтөлбөрт нийцүүлэх учиртай. Үүнтэй нийцүүлэн намрын чуулганы үеэр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" гэсэн бодлогын баримт бичиг баталсан. Уг баримт бичиг нь гурван үе шаттай. Нэгдүгээр үе нь 2016-2020 он, хоёр дахь нь 2021-2025 он, гурав дахь нь 2026-2030 он гэсэн дараалалтай үргэлжлэх юм.

-Урт хугацааны хөгжлийн бодлогын гол зорилго юу вэ. Бодлого хэрэгжсэнээр ямар эерэг үр дүн гарах бол?

-Гол зорилго нь 2030 он гэхэд Монгол Улс нэг хүнд ноогдох орлогоороо дэлхийн дундаж орлоготой орнуудыг тэргүүлэх эгнээнд хүрсэн байна. Тогтвортой өсөж байгаа олон тулгуурт эдийн засагтай болох, нийгмийн асуудлын хувьд чинээлэг, дундаж давхарга давамгайлсан хүн амын бүтэцтэй болох, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан тогтвортой, ардчилсан засаглалд хүргэе гэж зорьж байгаа. Үүнийг сонсоод олон янзын бодлого тодорхойлж байдаг ч хэрэгжддэггүй гэж бодож байж магадгүй. Гэхдээ 2015 оны намар НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Дэлхийн хэмжээнд мөрдөх тогтвортой хөгжлийн зорилтууд” гэсэн 17 зорилттой бодлогын баримт бичиг баталсан. Манай улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн улс болохоор НҮБ-аас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ёстой.

Тэдгээр зорилт дунд НҮБ дэлхийн бүх улсын хэмжээнд 2030 он ядуурлыг бүрэн хэмжээнд алга болгоно гэсэн байгаа. Тэгэхээр бид ч гэсэн зорилт тавиад дээрх зорилтыг биелүүлэх боломжтой гэж ажлын хэсэг үзсэн. Тиймээс уг баримт бичгийг УИХ дахь гурван бүлгийн даргаар ахлуулан баталсан. Бүрэлдэхүүнд нь УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл болсон 15 гишүүн эрдэмтэн, судлаач нартай хамтран 10 гаруй удаа хэлэлцүүлэгзохион байгуулсны үндсэнд бодлогын баримт бичгийг боловсруулсан.

-Урт хугацааны бодлогын баримт бичигт юуг голлон тусгасан юм бэ?

-2030 он гэхэд нийт хүн амын 80 хувь нь дундаж давхаргад багтсан байх зорилго тавьж байгаа. Хүн амын дундаж наслалтыг 78-аас доошгүй байлгана. Ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 орны нэгд багтах, бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийн эхний 40 орны нэгд багтах зэрэг маш тодорхой зорилттой. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх арга, механизмыг салбар бүрээр тодорхойлсон байгаа. Гагцхүү мөрдөж ажиллах асуудал үлдэж байна. Хэрхэн мөрдөж ажиллахыг УИХ-ын тогтоолд тусгаж өгсөн. Хэрэгжүүлэх асуудлыг үе шаттай мөрдөхийг Засгийн газарт даалгасан. Үүний зэрэгцээ хөгжлийн асуудлыг хариуцсан Засгийн газрын бүтэц бий болгох хэрэгтэй.

Бодлогын хэрэгжилтэд хоёр жил тутамд хяналт, шинжилгээ хийж ажиллах ёстой гэж тогтоолд тусгасан. Хөтөлбөр хэрэгжинэ гэсэн баталгаа нь эрхзүйн талаасаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Сонгуулийн тухай хуульд маш чухал заалтаар орсон. Юу вэ гэхээр сонгуульд оролцох гэж буй улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлнэ гээд заачихсан.

-Тэгэхээр ирэх сонгуульд оролцох гэж буй бүх нам, эвсэл Урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан мөрийн хөтөлбөрөө боловсруулна гэсэн үг үү?

-Тэгэх ёстой. Морийн хөтөлбөрөө нийцүүлж боловсруулж уу, үгүй юу гэдгийг Үндэсний аудитын газар шалгаж дүгнэлт гаргана. Хэрэв нийцүүлээгүй бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн намыг сонгуульд бүртгэхээс татгалзах хуулийн заалттай. Сонгуульд оролцож буй бүх нам ядуурлыг бууруулахын төлөө мөрийн хөтөлбөрөө боловсруулна гэсэн үг. Хүрэх арга зам нь ялгаатай ч гэлээ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө бүх нам зүтгэх ёстой юм.

-Хөгжлийн хөтөлбөрийн эхний шат 2016-2020 онд үргэлжилнэ. Эхний үе шат дуусахад Монгол Улсад ямар эерэг өөрчлөлтүүд гарсан байх вэ?

-Салбар болгоны зорилтыг маш ойлгомжтой, тодорхой тусгасан байгаа. Хөдөө аж ахуйн салбарт гэхэд дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан худалдааны болон хорио цээрийн шаардлагад нийцсэн нутгийн хэмжээг нийт газар нутгийн 10-аас доошгүй хувьд хүргэнэ. Үүнийг дагаад мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг хөрш орнуудын зах зээлд гаргах, мал эмнэлгийн эрүүл ахуйн зохистой орчныг бүрдүүлэх зэрэг таатай өөрчлөлт гарах юм. Өнөөдөр мал сүргийн тоо 56 саяд хүрсэн ч гэлээ эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Мөн нийт мал сүрэгт өндөр ашиг шимтэй малын эзлэх тоог гурвэч хутьд хүргэх, эрчимжсэн мал аж ахуйн үхрийн тоог 100 мяж аас доошгүй толгойд хүргэхийг зорьж байгаа. Одоогоор малын тоо өсөж байгаа ч гэлээ хонь, ямаа голлодог.

Хамгийн таваарлаг чанартай үхрийн тоо өсдөггүй. Мөн аялал жуулчлалын салбар байна. 2020 он гэхэд байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлж жуулчдын тоог нэг саяд хүргэнэ. Энэ мэт салбар бүрээр хөгжих зорилтуудыг нарийн тодорхойлсон.

-Урт хугацааны хөгжлийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж буйг хоёр жил тутамд шалгана гэж. Хэрэв ямар нэгэн тодорхой үр дүн гараагүй бол хэн, ямар хариуцлага хүлээх вэ?

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд тодорхой заасан байгаа. Жил бүрийн төсөв, төлөвлөгөө мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа заавал дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө явна. Хэрэв хэрэгжүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг ч ярьж болно. Энэ бүхэн батлагдсанаар Монгол төрийн хөгжлийн бодлогын залгамж чанар хангагдах эрхзүйн орчин бүрдэж байгаа юм.

-Намрын чуулганаар баталсан бас нэг чухал хууль бол Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль. Уг хууль батлагдсанаар эрхзүйн салбарт тулгамдаж буй гол асуудлыг шийдэж чадсан уу?

-Дээрх хоёр хуулийн гол асуудал бол ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, шударга ёсыг тогтооход гол үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. Ялангуяа Эрүүгийн хуулийн хувьд олон жилийн турш явж ирсэн ялын хатуу бодлогыг уян хатан болгосон. Ялыг сонгож хэрэглэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой. Мөн эрүүгийн гэж үзэж байсан нэлээн хэдэн хэрэг зөрчил рүү шилжсэн. Зөрчлийн хуулийн тухайд салбар тус бүрийн хуулиар шийдэгддэг байсныг халж нэгдсэн нэг хуулиар зохицуулах боломжтой болсон байгаа. Иргэдэд тун ойлгомжтой болсон гэж дүгнэж байна.

Иргэд Зөрчлийн хуулийг маш сайн судалчих ёстой юм билээ. Мөн Өршөөлийн тухай хуулийг ээлжит бус чуулганаар эхлүүлж намрын чуулганы эхэнд батйлсан байгаа. Уг хууль нийгэмд маш их хүлээлт үүсгэчихсэн байсан. Онц аюултай гэмт хэрэгтэн, онц болон хүнд хэрэгтэй албан тушаалтан зэрэг 33 төрлийн гэмт хэргээс бусад төрлийн хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлсэн. Хорих ангиас 1253 ялтан суллагдсан. 330 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ бол төрийн хүнлэг, энэрэнгүй байх зарчмыг хэрэгжүүлэхэд бас нэг том алхам болсон.

-Сонгуулийн тухай нэгдсэн хуультай болсон. Уг хуулийг боловсруулах ажлын хэсэгторж ажилласан хүний хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн, УИХ-ын, аймаг нийслэл болон сум, дүүргийн сонгуулийг хамтатган нэгдсэн нэг хуулиар сонгуультай холбоотой харилцааг зохицуулахаар болсон. Нийтлэг зохицуулалтыг нэг хуулиар зохицуулахаар болсон нь ач холбогдолтой. 

2012 оноос өмнө баталсан хуулийг илүү сайжруулж, сонгуулийн үеэр ажиглагдаж байсан алдааг зассан байгаа. Сонгогч олон түмэн ч гэсэн нэг хуулиа баримталж сонголтоо хийвэл амар байх болно.

-Уг хуулийн заалтаар сурталчилгааны тал дээр нэр дэвшигчид ижил гараанаас гарах боломжгүй гээд байгаа шүү дээ. Сурталчилгааны хоног бага байх тусам шинээр нэр дэвшигсэд олонд танигдах боломжгүй юм биш үү?

-Сонгуулийн сурталчилгаа гэдэг бол хуульд заасан цөөхөн хэд хоногийн дотор нийгэмд танигдах тухай асуудал биш байх. Өөрөөр хэлбэл улс төрийн нам нь ч тэр, жирийн иргэн ч бай ээлжит сонгуульд оролцох гэж байгаа бэлтгэлээ хангасан байх ёстой. Түүнээс биш 18 хоногийн дотор нийгэмд танигдаад гарч ирнэ гэдэг бол харьцангуй ойлголт. Хуулийн төсөл дээрээ 14 хоног гэж орж ирснийг ажлын хэсгийнхэн 18 хоног болгосон юм.

-Нэр дэвшигчдийн жагсаалтад эмэгтэйчүүдийн тоог 30 хувь хүртэл байлгана гэж заасан. Гаднаас нь харахад жендерийн асуудлыг тусгаж өгсөн мэт боловч эмэгтэйчүүд намын жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэх зохицуулалт байхгүй байна лээ?

-Өмнөх хуулиар эмэгтэйчүүдийн квот 20 байсныг 30 болгож нэмэгдүүлсэн. Энэ бол хуулийн бас нэг давуу тал. Жендерийн эрх тэгш байдлыг хангахад том зохицуулалт болсон. Хэлэлцүүлгийн явцад гурван нэр дэвшигч тутамд нэг эмэгтэй байхаар дараалалд оруулъя гэсэн санал орсныг УИХ-ын гишүүд дэмжээгүй. Гэхдээ улс төрийн намууд эмэгтэй гишүүдээ хэрхэн жагсаах нь өөрсдийнх нь бодлоготой холбоотой.

-Жижиг намууд таван хувийн саналаа авсан ч гэлээ тойргоос суудал авч чадахгүй бол УИХ-д суудал өгөхгүй байхаар зохицуулсан. Ингэж зохицуулсан нь ямар учиртай вэ?

-УИХ-ыг чадавхижуулах, улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд Сонгуулийн хууль ач холбогдолтой. Тэр талаас нь хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд дээрх саналыг гаргасан. Өөрөөр хэлбэл хувь тэнцүүлэх хэсэгт буюу жагсаалтаар нэр дэвшүүлэхэд тухайн намд өгсөн саналын босго таван хувь байсан. Таван хувийнхаа босгыг давсан ч гэлээ аль нэг тойргоос доод тал нь нэг суудал авч байж тухайн нам, эвсэлд суудал хуваарилах зохицуулалт орсон байгаа.

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталсан. Гэр бүлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх хууль болсон гэж дүгнэх гишүүд байгаа?

-Уг хууль батлагдсанаар нэг гэр бүлийн хоёр ахмадын аль нэг нь түрүүлж ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тохиолдолд үлдэж байгаа хүн нь гэр бүлийнхээ хүний авч байсан тэтгэврийн 20-иос доошгүй хувийг үргэлжлүүлж авах юм. Ингэснээр өндөр настнуудын амьжиргааны түвшинг бууруулахгүй байх нөхцөл бүрдсэн. Хэмжээ нь 20-иос доошгүй хувь гэж байгаа. Засгийн газар тухайн жилийнхээ төсөв, бололцоог харгалзан үзэж байгаад энэ хэмжээг харилцан адилгүй тогтоож болно. Улсьж орлого сайн байх юм бол 70 хувьд ч хүргэж болно. Ямартай ч хамгийн доод хэмжээ нь 20 хувь байх юм. Мөн эдгээр хуулиас гадна хүүхэдтэй холбоотой, нийгмийн хамгаалалтай холбоотой олон хууль баталлаа. Эрүүл ахуйн хуулийг чуулган завсарлахаас өмнөхөн батлуулсан. Хот суурин газар, үйлдвэрлэл үйлчилгээний газар, байгууллага, аж ахуйн нэгж нэмэгдэж байгаа болохоор дагаж мөрдөх эрүүл ахуйн хуулийг тодорхой болгож өгсөн. Түүнчлэн нэр бүхий гишүүдтэй хамтарч Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг өргөн барьж батлуулсан.

-Уг хуулиар малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг 1.2 жилээр тооцож байгаа байх аа?

-Малчдын 11 хувь нь нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдаж байгаа. Энэ бол маш бага тоо шүү дээ. Тэгсэн мөртлөө малчдын хөдөлмөр хүнд. Байнга ил задгай газар өвөлдөө даарч, зундаа халууцаж хөдөлмөрлөдөг. Гэвч өндөр настны тэтгэвэрт гарахдаа шимтгэл төлөөгүй учраас тэтгэвэр авч чаддаггүй. Үүнд хөшүүрэг болох үүднээс малчны нийгмийн даатгал төлсөн нэг жилийн хугацааг 1.2 жилээр нэмэгдүүлж тооцохоор болсон. Ингэснээр малчдын нийгмийн даатгалд хамрагдах сонирхол дээшилнэ. Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар нийслэлээс 600 км зайд алслагдсан газар үйл ажиллагаа явуулж буй, гурваас доошгүй ажпын байр шинээр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тодорхой хувиар чөлөөлж байна.

-Дээд тал нь хэдэн хувиар чөлөөлж байгаа вэ?

-90 хувь хүртэл чөлөөлнө. Тухайлбал, Баян-Өлгий аймаг гэхэд нийслэлээс 1800 км алслагдсан. Тэнд бизнесийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн нөхцөл Төв аймгийн бизнес эрхлэгчийнхээс өөр. Ийм нөхцөлд ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тодорхой хэмжээнд чөлөөлсөн. Хамгийн багадаа буюу хотоос 600 км зайд алслагдсан байвал 50 хувиар чөлөөлнө.

-ТББХ дээр намрын чуулганы үеэр хэлэлцсэн гол ажлууд юу байв?

-Сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулж сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тоггоолыг баталсан. Ээлжит УИХ-ын сонгууль болоод нийслэл, аймгийн ИТХ-ын сонгууль ирэх зургадугаар сарын 29-ний өдөр болох гэж байна. Мөн тойргийн тоо, тойргийн төв, мандатын тоог баталсан УИХ-ын тогтоолыг баталлаа. Үүний зэрэгцээ төрийн албаны тухай хуульд нэлээн ач холбогдол өгч ажилласан боловч хараахан баталж амжсангүй. Анхны хэлэлцүүлэг хийгээд нэлээн олон санал хураалт явуулж дууссан. Одоо зөвшилцөлд хүрэх дөрөв, таван асуудал үлдсэн. Хаврын чуулган эхэлмэгц төрийн албаны тухай хуулийг батлуулах чиглэлээр ажиллана. Гол асуудал бол төрийн албыг улс төрөөс ангид байлгах, албан тушаалд томилохдоо шат дараалан ахиж байж томилогдох гэх мэтчилэн асуудлыг оруулж байгаа.

-Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт УИХ-ын ээлжит бус чуулган зарласан. Гэвч ирц бүрдэхгүй байсаар баасан гаригт хуралдлаа. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн Цэцийн даргыг огцруулчихаад хаалтаа хийсэн. Уг нь шийдэх ёстой 20 гаруй асуудал байсан шүү дээ?

-Ээлжит бус чуулганыг ганцхан өдөр хуралдуулаад хаачихлаа гэх шүүмжлэл байна. Гэхдээ нэлээн хэдэн өдөр хуралдуулаад асуудлаа шийдэх бүрэн боломж байсан. Гэтэл нэгэнт зарласан ээлжит бус чуулганд зарим нам, эвсэл, бүлэг орж ирсэнгүй. Ингэж цаг алдан хангалттай хугацаанд хүлээсний эцэст ирцээ бүрдүүлсэн байгаа. Зөвхөн Цэцтэй холбоотой гэлтгүй хэд хэдэн асуудлыг шийдсэн. Татварын шинэчлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдээд ажлын хэсэгт шилжүүлсэн.