Төрийнхнийг гурван жил тутам шалгана
М.Батчимэг, УИХ-ын гишүүн
2016.02.23

Төрийнхнийг гурван жил тутам шалгана

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

М.Батчимэг, УИХ-ын гишүүн

“Төрийн алба хаагчийг мэргэшсэн, чадварлаг болгох, тогтвортой ажиллах нөхцөлийг шинэ хуулиар бүрдүүлэх юм. Мөн карьерийн тогтолцоо гэж нэрлэдэг бусад төрийн тусгай алба хаагч, дипломатууд шиг төрийн алба хаагч мөн адил шаталсан зэрэг, дэв нэмж шатлан дэвшдэг тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Дээрх зарчмууд өнөөдөр мөрдөгдөж байгаа хуульд бий. Хэдийгээр зарчим нь туссан ч үүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан хуулийн заалт, зохицуулалт дутагдалтайгаас болж Төрийн албаны хуулийг завхаруулдаг. Юуны өмнө, мэргэшсэн, чадварлаг байх асуудлыг онцолсон. Ур чадвартай, мэргэшсэн байх нөхцөлийг хангах үүднээс төрийн албан хаагчдын дунд гурван жил тутам ур чадварын шалгалт явуулдаг болно. Мөн төрийн алба хаагчийг тогтсон хугацаанд байнга давтан сургалтад хамруулдаг байхаар зохицуулсан..”

Эх сурвалж: Зууны мэдээ


Д.Ганболд, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал

“Оюутолгой бол 2010 оноос хойш Монголын эдийн засагт нөлөөлсөөр ирсэн. Үүнтэй зэрэгцээд Тавантолгой, жижиг уул уурхайн компаниуд олборлолт хийж, газар тариалан хөгжиж эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрч байсан. Харамсалтай нь өнөөдөр дэлхийн эдийн засаг хүнд байдалд байна. Япон, Өмнөд Солонгос, АНУ, ОХУ гэх мэт дэлхий нийтээрээ хямралын зурваст орж ирж байгаа энэ үед бид Оюутолгойтой ч бай, Оюутолгойгүй ч байсан ганцаараа цойлоод дээшээ яваад байна гэж байхгүй. Тэр тусмаа гадагшаа бүтээгдэхүүн зарахгүй, гаднаас тусламж дэмжлэг авахгүйгээр дангаараа бие дааж амьдрах тэнхээгүй улс шүү дээ. Тиймээс эдийн засаг ямар байх нь хоёр зүйлээс шалтгаална. Нэгдүгээрт, олсон орлогоо хэмнэх. Хоёрдугаарт, төр засгийн шийдвэр нь бодит байдалтай нийцсэн байх шаардлагатай. Байн байн шийдвэрүүд нь өөрчлөгддөггүй байгаасай гэж хэлмээр байна. Энэ бол монголчууд биднээс шалтгаалах хүчин зүйл юм.”

Эх сурвалж: www.news.mn


З.Энхболд, УИХ-ын дарга

“Ардчилсан нам 2004 оноос хойш хэнтэй ч эвсээгүй. Дангаараа сонгуульд орно. Энэ бол манай намын олон жил үргэлжилж байгаа бодлого. Харин УИХ-д суудалтай бусад жижиг намтай нэгдэх урилга явуулсан. Энэ дагуу процесс явуулж байгаа. МАХН-тай бид нэгдэх урилга явуулаагүй. Тийм учраас сонгуульд эвсэхгүй. Бид хэнтэй ч эвсэхгүй. Бид дангаараа олонхи болох зорилго тавьж ажиллаж байна. 20 жил бидний олонхи болох саналыг Монголын ард түмэн өгсөнгүй. Биднийг олонхи болгоод өгөөч. Бид дараагийн 76 мянган айлыг орон сууцжуулах асуудлыг ярьж байгаа. Улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүйгээр бид 100 мянган малчнаа үйлдвэрлэгч болгомоор байна. Зээлийн хүүг бууруулж, жинхэнэ экспорт хийдэг үйлдвэрлэгч болгох гэх мэтээр хийх ажил их байна. Энэ ажилд бидний эрх мэдэл хүрэхгүй байна.”

Эх сурвалж: www.news.mn