Энхтуул.Б 2016.02.23 | Сайт: Vip76.mn

Тодорхой хаягтай бол товлосон газраа төвөггүй хүрнэ

Тодорхой хаягтай бол товлосон газраа төвөггүй хүрнэ

Хуулийн нэр: Хаягжуулалтын тухай хууль

Өргөн барьсан он, сар, өдөр:  2013.01.15

Батлагдсан он, сар, өдөр: 2013.02.07

Хуулийн зүйл, заалт:  1 бүлэг 5 зүйлтэй

Хаяг бол тодорхой мэдээлэл агуулагдсан чухал хэрэглэгдэхүүн. Найз нөхдөө гэртээ урих, түргэн тусламж, аврах гал унтраах, цагдаагийн байгууллага дуудахдаа гэрээ зааж өгөхөөс эхлээд гудамж, зам, талбай, албан байгууллагын байршлыг олох зэрэгт хаяг зайлшгүй шаардлагатай.

Улаанбаатар хотыг “төөрдөг хот” гэж нэрлэх нь бий. Яагаад гэвэл хүн амын дийлэнх хэсэг нь нийслэл хотод суурьшсан хэдий ч гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах ажил учир дутагдалтай байдаг.

Нэг цэгээс нөгөөд хүрэхэд хаяг нь тодорхойгүйгээс цаг алдах, зорьсон газраа хүрч чадалгүй буцах нь бий.

Нэг цэгээс нөгөөд хүрэхэд хаяг нь тодорхойгүйгээс цаг алдах, зорьсон газраа хүрч чадалгүй буцах нь бий.

Өөр нэгэн асуудал бол гудамж талбайн нэршлийг иргэд төдийлөн мэддэггүй. Нийслэлд 246 гудамж талбай байдгаас 180 гаруй нь тогтсон нэршилтэй. Гэвч хүмүүс урьд хэлж заншсан эсвэл бүх нийтийн мэдэх томоохон обьектоор байршлаа тодорхойлдог.

 “Өөдлөх айл үүднээсээ” гэдэг шиг хотыг эмх цэгцтэй, дэг журамтай  болгохын тулд айл өрх, албан байгууллага  бүрийн хаягийг жигд, тодорхой болгох шаардлага тулгарч байна.

Энэ хэрэгцээ шаардлагыг үндэслэн Хаягжуулалтын тухай хуулийг гурван жилийн өмнө батлан гаргажээ. Хуульд гудамж, зам талбай, эд хөрөнгийг хаягжуулахад баримтлах зарчмыг тусгаж өгсөн байна. Үүнд:

   - Байр зүйн зурагт суурилсан байх;

   - Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцсэн байх;

   -Хаяг давхардахгүй байх;

   -Хаяг үнэн зөв, энгийн, ойлгомжтой байх;

   -Кадастрын бүртгэлээр баталгаажсан байх;

   -Хаягжуулах ажил нэгдсэн арга зүйтэй байх

  -Хаягийн талаарх мэдээлэл хүртээмжтэй, нээлттэй байх зэргийг заажээ.

Ингэж хаягжуулснаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, бизнес эрхлэх орчин, нөхцлийг боловсронгуй болгох үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад онцгой ач холбогдолтой.

Гудамж, зам, талбайг давхардахгүй байдлаар нэрлэж, дугаарлана

Мөн хуульд:

-   Гудамж, зам, талбай болон өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгоно.

-Нийслэл, аймаг болон сумын төв, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгонд гудамж /зам, талбай, хороолол, хотхон/-ийн нэр, дугаар, хашаа, барилга байгууламжийн нэр, эсхүл дугаар, хаалганы дугаар зэрэг мэдээлэл

- Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь уг үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаягийн өмнө засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот, тосгоны нэрийг тодотгосон бичвэртэй байна.

-  Гудамж, зам, талбайг давхардахгүй байдлаар нэрлэж, дугаарлана.

- Хаягийн тэмдэглэгээний стандартыг газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

- Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална.

-  Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

- Засгийн газар хаягжуулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана" гэж заажээ.

Энэхүү хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар бид дараагийн удаа хүргэх болно.