“Сайн малчин” хөтөлбөр батлагдлаа
“Сайн малчин” хөтөлбөр батлагдлаа
2016.02.24

“Сайн малчин” хөтөлбөр батлагдлаа

Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэн, шийдвэрлэжээ. Тухайлбал, энэ удаагийн хуралдаанаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг сайжруулж, малчид фермерийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас “Сайн малчин” хөтөлбөрийг баталжээ. 

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон Хөгжлийн банк, Төрийн банкны ТУЗ-д тус тус даалгасан байна.

“Сайн малчин” хөтөлбөр мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд малын үр ашгийг сайжруулах замаар бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэн малчид, фермер эрхлэгчдийн орлого, амьжиргааг сайжруулахаар төлөвлөжээ.
Хөтөлбөрийг 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд

-Мал аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх
-Анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах
-Мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи, инноваци нэвтрүүлэн экспортыг дэмжих
-Малчны орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилтуудыг дэвшүүлээд байна.

Монгол Улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс 3 их наяд төгрөг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлээс 550 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингээн 300 мянган ажлын байр хадгалагдаж байна. Мөн 310 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж байна.