Су.Батболд: МАН эрх мэдлээ сайн дураараа хуваалцаж байна
2011.05.16

Су.Батболд: МАН эрх мэдлээ сайн дураараа хуваалцаж байна

УИХ-ын гишүүн Су.Батболдтой цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Өнөөдөр /баасан гаригт/ чуул­ганаар хэлэлцэж байгаа ”халуухан” сэдвээс яриагаа эхэлье. Д.Зоригт сайдыг олгцруулах асуудлыг УИХ-ын гурван гишүүн өргөн барьсан, их тодорхой үндэслэлүүд гаргасан. Харин хоёр намын бүлэг, байнгын хороо болон чуулганы шийдвэр эсрэгээр гарч байх шиг байна. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний тань хувьд асуумаар байна л даа. Үнэхээр огцруулах үндэслэл байсангүй юу, эсвэл зүгээр “огцруулах шаардлагагүй” гэж үзсэн үү?


-Ерөөсөө хамтарсан Засгийн газрыг анх яаж байгуулсан юм бэ, гэрээндээ заачихсан байгаа шүү дээ. Өөрийнхөө сайд нарыг намууд өөрсдөө мэдье л гэсэн. Жижиг улс төр хийгээд, тогтворгүй байдал үүсгээд байх шаардлагагүй. Хэрвээ Оюутолгойн гэрээтэй холбоотой буруу зөрүү зүйл байгаа бол гэрээ байгуулсан сайд нар гурвуулаа л огцрох ёстой. Үгүй бол үгүй. Анхны байгуулсан гэрээгээ харах ёстой. Ардчилсан намын гишүүд унаж яваад морио, ханилж яваад нөхрөө гэдэг шиг бүх болохгүй байгаа зүйлийг нэг сайд дээр тохоод, хамтарч ажиллаж байгаа нэг намынхаа сайдыг огцруулахаар өргөн барьж байгааг жижиг улс төр л гэж харж байна.

-Ардчилсан намын гишүүд өргөн барьсан биш, УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу асуудлыг өргөн барьж байна гэж харж болохгүй юу?

-Үгүй. Миний хувьд Ардчилсан намын гишүүд асуудал өргөн барьж байна л гэж харсан.

-Оюутолгойн гэрээний асуудал бол зөвхөн нэг үндэслэл нь. Үүнээс гадна сайдын эрхэлсэн салбартай холбоотой олон үндэслэлийг оруулсан шүү дээ, тавдугаар цахилгаан станцаас авахуулаад. Тэр тал дээр?

-Цахилгаан станцыг зөвхөн Д.Зоригт сайд барихгүй шүү дээ. Улаанбаатарт ямар ч хараа хяналтгүй, хаяг замбараагүй нүүгээд ирчихсэн энэ олон айлуудыг Д.Зоригт сайд авчраагүй. Энэ бол бүхэлдээ улс орны өмнө тулгамдаад байгаа том асуудал. Би бол асуудал Д.Зоригтод биш, салбарт нь байна гэж үзэж байна. Тухайн салбар нь өөрөө өнөөдөр Монгол орны хөгжилд голлох үүрэгтэй, сонирхол татсан салбар учраас гишүүд ийм асуудал оруулж ирж байна.

-Сонирхол татсан салбар юм уу, эсвэл бэрхшээл нь хүндэрсэн салбар уу?

-Аль аль байх. Уул уурхайн салбар хариуцсан сайд учраас хүн болгон Д.Зоригтыг онилоод байх шиг байна л даа.

-Тийм байж. Хэрвээ эдгээр асуудлыг Д.Зоригт ганцаараа үүрэх ёсгүй гэвэл гишүүдийн тавьсан энэ үндэслэлүүд дээр хариуцлага хүлээх ёстой өөр ямар хүмүүс байна. Одоо УИХ дээр ч гэсэн “огцруулна, огцруулахгүй” л гээд байгаа болохоос биш, асуудал юундаа байна вэ, аль шатанд алдаа гарав гэдэг дээр хэн ч ярихгүй байна. Уг нь бол шалтаг олдсон дээр сайн ярьж авах ёстой байх?

-Ер нь бол салбар нь угаасаа том салбар, ашиг сонирхлын зөрчил ч байнга гардаг юм шиг байгаа юм. Тэр утгаараа асуудалд улс төрийн өнцгөөс хандаж байна гэж харж байгаа боловч энэ салбарт шийдвэл зохих, хугацаа алдсан олон асуудал хуримтлагдсан байгаа. Тиймээс Д.Зоригт сайдыг огцруулах, огцруулахгүйдээ гол нь биш. 2008 онд хоёр нам нэгэнт гэрээ байгуулаад стратегийн ордуудаа эргэлтэд оруулья гэсэн юм чинь Засгийн газрыг бүрэн бутнээр нь ажиллуулах шаардлагатай гэдэг үүднээс намын бүлэг шийдвэрээ гаргасан. Сайд ч өөрөө үүнийг ойлгож байгаа. Би их зөв зүйтэй, сайн сайхан ажиллаж байгаа юм байна гэж хүлээж аваагүй байлгүй дээ. Удаа дараа гишүүд асуудал оруулж ирээд байна гэдэг чинь энэ салбарт ужгирсан, шийдэх ёстой асуудал байна л гэсэн үг. Намын бүлэг дээр ч гишүүд энэ тухай анхааруулсан. 

-Одоо гол асуудалдаа орьё. Та Сонгуулийн хуулийн төсөл дээр гарсан МАН-ын бүлгийн ажлын хэсгийг ахалж байгаа хүн. Хоёр нам тогтолцоогоо холимог хувилбараар явуулна гэж санал нэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрчихлөө. Энэ хугацаанд хамтарсан ажлын хэсгүүд хэр олон удаа хуралдав, хэдэн алхам урагшлав?

-Холимог тогтолцоогоор явья гээд шийдчих юм бол ийм ийм зүйл дээр санал хураалгана гээд ажлын хэсгээс 200 орчим саналыг бэлтгэчихсэн байсан. Байнгын хороон дээр нэгэнт санал хураалгаад холимог хувилбараар явья гэдгийг олонхи нь дэмжсэн учраас ажлын хэсгээс гаргасан 200 гаруй саналаар нэг бүрчлэн санал хураалгах ёстой. Ирэх долоо хоногт байнгын хороогоор оруулна. Гэхдээ ажлын хэсэг холимог толгтолцоо маань яг хэд нь мажоритари, хэд нь пропорционалиар явах юм бэ гэдэг дээр ямар нэг тоо тавиагүй байгаа. 50 мандат нь пропорциональ, 26 нь мажоритариар явах юм уу, 24 нь пропорциональ, 52 нь мажоритариар явах уу гэдгийг одоо хүртэл яриагүй байна.

-24:52 гэдэг санал бас гар­сан хэрэг үү, танай намаас уу?

-Тийм. Миний баримталж байгаа зарчим бол 100 хувь мажоритариар явж байгаад гэнэт 100 хувь пропорциональ юм уу, пропорциональ давамгайлсан байдлаар явах нь буруу гэж үзэж байгаа. Гаднынхан ч ялгаагүй. Яагаад гэвэл энэ чинь аль нэг намын эрх ашгийн төлөө хийж байгаа сонгууль биш, ард түмний эрх ашиг цаана нь байгаа байхгүй юу. Сонгуулийн тогтолцоо маань иргэдэд илүү ойлгомжтой байх ёстой. Пропорциональ тогтолцоог иргэд хүлээж авахад төвөгтэй, шууд сонгочихдоггүй учраас. Иргэд саналаа өгөөд байдаг, гэтэл цаана нь хэн УИХ-д орж ирээд, хэн Засгийн газарт ажиллах гээд байгаа нь чөтгөр бүү мэд шүү дээ. Хэдийгээр жагсаалт гаргадаг ч гэсэн.

Энэ утгаараа 100 хувь пропорционалийг авах нь төвөгтэй учраас сүүлийн үед 24:52 гэсэн тоо гарч ирээд байгаа. 24 нь намын жагсаалтаар, 52 нь мажоритари тойргоос гарч ирнэ гэсэн үг.

-Тэгэхээр энэ тохиолдолд нам хариуцлага хүлээх үү, нэр дэвшигчид, хувь гишүүд хариуцлагаа хүлээх үү?

-Төлөөллийн ардчилал гэдэг утгаараа аль болох орон нутгийн төлөөлөл нь илүү байх ёстой гэсэн байр суурь баримталж байгаа. Тэгэхгүй бол улс төрийн намууд төлөвшиж чадаагүй байгаа өнөөдрийн нөхцөлд 50-ийн 50 суудлыг улс төрийн намуудад хуваарилна гэдэг буруу. Энэ тухай би одоо анх удаа ярьж байгаа шүү, урьд нь энэ санааг гаргаж яриагүй. Гурав дахь зүйл нь пропорционалийн элементийг орууллаа гэхэд намыг дугуйлах уу, хүн дугуйлах уу гэдгээ бас шийдээгүй яваад байна. Хэдийгээр холимгоор явна гээд санал хураачихсан ч гэсэн энэ гурван зангилаа асуудлыг шийдээгүй яваа. Шийдэхийн тулд саяын хэлсэн тооноосоо эхлэх ёстой.

-Хүн дугуйлна гэдэг чинь ялгаагүй 24 мандаттай том мажоритари л болчихож байгаа юм биш үү. Энэ тохиолдолд “пропорционалийн элемент авчихлаа” гэж хэлэхэд хэцүү л юм байна?

-Пропорциональ л болно л доо. Хүний авсан саналуудыг нэмж байгаад намуудад хуваах байхгүй юу. Нэг хүн олон санал авсан бол намдаа 2-3 суудал чирч ирнэ гэсэн үг. Хамгийн гол нь Үндсэн хууль зөрчихгүй байх ёстой. Хэрвээ шууд пропорционалийг авчих юм бол Үндсэн хуулинд чинь “УИХ-ын гишүүнийг шууд сонгоно” гэчихсэн байгаа шүү дээ. Тиймээс пропорционалийн элементийг авах хамгийн дөхөмтэй арга нь хүн дугуйлах. Үүн дээр л хоёр намын гол зөрчил байгаа шүү дээ. Ардчилсан намынхан нам дугуйлах, манайхан хүн дугуйлах саналтай байгаа.

-Та өмнө нь Удирдлагын академи дээр болсон хэлэлцүүлэг дээр “Пропорциональ давамгайлсан тогтолцоотой байх нь уг нь дээр юм. Гэвч удах тусам энэ тогтолцоо дэмжлэг авахаа болино шүү” гэж хэлж байсан. Дэмжлэг авахгүй байгаа шалтгаан нь юу юм, тэгвэл?

-Үгүй. Би тэр үед пропорционалийн элементийг авах нь зүйтэй гэж хэлсэн. Гэхдээ пропорциональ давамгайлсан холимгийг авах уу, мажоритари давамгайлсан холимгийг авах нь зүйтэй юу гэж ярьж байгаад эхний ээлжинд, шилжилтийн үедээ мажоритари давамгайлсан холимог байх нь дээр юм гэж үзсэн. Түүнээс биш пропорционалийг огт авахгүйн тухай яриа байхгүй.

-Тэгвэл мажоритари давамгайл­сан холимгийг авлаа гэхэд ядаж нэрээр биш, намаар санал хурааж болдоггүй юм уу? Тэгж байж л пропорционалийн элементийг авсан гэж ярих боломжтой болно шүү дээ?

-Болно л доо. Гэхдээ тэр нь Үндсэн хууль зөрчихгүй бол.

-Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, зарим нэг нааштай шинэчлэлийг хийнэ гэж үзсэн учраас УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан гэж бодож байна?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад их төвөгтэй. Хэдийгээр энэ асуудлаар ажлын хэсэг гаргаад удаж байгаа ч одоо болтол нэгдсэн санал гараагүй л байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг хүлээгээд Сонгуулийн хуулийг алгуурлах боломжгүй. Яадаг ч байсан дүүрч, Үндсэн хуулийн Цэцэд очвол очно биз гээд намын нэр дугуйлахаар хуулиа хийж болно л доо.

-Намууд төлөвшөөгүй байна гэж үзээд сонгуулийг шууд пропорциональ, эсвэл пропорциональ давамгайлсан хэлбэрээс татгалзах тухай ярьж байна. Гэвч намуудын төлөвшлийн төлөө танай нам жишээ нь юу хийж байгаа юм бэ, Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх тухай яриад их удлаа шүү дээ?

-Төлөвшөөгүй байна гэдгийг бид юугаар хэлж байна гэвэл ерөөсөө үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нам гэвэл хоёр л байна шүү дээ. МАН, Ардчилсан нам хоёр. Бусад нь үндсэндээ Улаанбаатар хотын хэмжээний намууд байгаа. Пропорционалиар санал хураана гээд улс орон даяар нам дугуйлахад тэдэнд алдагдалтай. Улс төрийн намууд гудамжинд улс төр хиймээргүй байна. Үнэхээр бодлоготой, боловсон хүчинтэй нам бол бид босгыг нь бага тавьж өгөөд тав бол тав, зургаа бол зургаан суудлаа аваад парламент дотор асуудлаа ярьдаг баймаар байна. Тэр бололцоог нь нээж өгмөөр байна. Өнөөдөр манайд 20 гаруй улс төрийн нам үйл ажиллагаа явуулдаг гэх боловч парламентад зарим үед хоёр, үсрээд дөрөв, таван нам л орж ирж байгаа шүү дээ. Тиймээс бид пропорционалийн элементийг авья гээд байгаагийн учир нь тэр жижиг намуудад парламентад суудал авах саналыг босгыг аль болох багаар тавьж өгье гэсэн санаа. Гэхдээ хэт бага тавьж өгөх нь бас эрсдэлтэй. Яагаад гэвэл олон жижиг нам парламентад орж ирэхээр улс төрийн тогтворгүй байдал бий болдог.

Хоёрдугаарт, Улаанбаатарын хэмжээний энэ намууд маань нэг лидер дагасан, эсвэл нэг компанийн нам байх нь олонтаа байдаг. Тийм нам олон байгаа. Ийм нам дотор намын дотоод ардчиллын тухай ярих нь их төвөгтэй. Парламентад суудалтай боллоо гэхэд гишүүдээ гаргаж ирэхийн тулд намынхаа Бага хурлыг хийж байна уу, нэр дэвшигчээ шударгаар гаргаж ирж чадах уу гэдэг төвөгтэй. Ийм тохиолдолд намуудад хэт түшиглэсэн сонгууль явуулах нь өнөөхөндөө боломжгүй юм уу л гэж харагдаж байгаа. Намуудыг төлөвшүүлэх, хоорондоо нэгдэж нягтрах боломжийг нь нээж өгөх, парламентад орж ирэх бололцоог нь дэмжих ёстой. Намын төлөвшлийн асуудлыг би тэр утгаар нь харж байна.

-Уг нь бол Улаанбаатарын хэмжээний гэж хэлээд байгаа тэр жижиг намууд чинь бүгд л “Пропорционалийн элемент давамгайлаад, Монгол Улсыг нэг тойрог болгочих юм бол бид парламентад суудалтай болчих гээд байна. Бид пропорционалийг, пропорциональ давамгайлсан хэлбэрийг нь дэмжиж байгаа шүү” гэж хэлээд байгаа шүү дээ. Олон удаагийн уулзалт дээр энэ тухайгаа илэрхийлсэн. Гэтэл хоёр том нам “Пропорциональ давамгайлчих юм бол та нарт хохиролтой” гээд тэдний өмнөөс нь шийдвэр гаргах нь л дээ?

-Шийдвэр гаргахдаа тулах юм бол хэн эрх мэдэлтэй байгаа нь л шийдвэр гаргана шүү дээ. Гэхдээ МАН пропорционалийн элемент оруулсан байдлаар сонгууль явуулья гэж байгаа нь дангаараа засгийн эрх авахаас сайн дураараа татгалзаж байна л гэсэн үг. Хэрвээ мажоритариар сонгууль явуулна гэвэл манайх шиг нэр хүндтэй нам ер нь дийлэнх суудлыг авчих боломжтой. Манай нам тийм нэр хүндтэй, тийм нэр дэвшигчидтэй нам.

-Нэрээ сольсон нь ч гэсэн нөлөөлөхгүй гэж үү?

-Нөлөөлөхгүй. Нэр сольсон нь бол жичдээ асуудал. Ер нь манай нам пропорционалийг дэмжиж байгаа нь эрх мэдлээ хуваалцах гэж байна, жижиг намуудад боломж олгож байна гэсэн үг. Хэрвээ МАН дангаараа засгийн эрхийг авч явья гэвэл хамгийн боломжтой хувилбар нь жижиг мажоритари.

-Харин би бол пропорционалийн эзлэх хувийг багасгаад, мажоритари суудлыг олшруулж байгаа нь жижиг намуудын боломжийг багасгаж байна л гэж харж байна?

-Үгүй. Тэгж харагдаж байж магадгүй. Би бол нэг тогтолцооноос нөгөө өөр тогтолцоонд шууд шилжих нь эрсдэлтэй, сонгогчдыг төөрөгдөлд оруулж магадгүй гэж харж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуульд харшилж магадгүй. Гуравдугаарт, орон нутгийн төлөөлөл, сонгогчдын төлөөлөл парламентад аль болох ахиу орох ёстой. Ялангуяа манайх шиг тархай бутархай, жижиг орны хувьд. Тэгэхгүй пропорциональ руу хэт их хэлбийх юм бол дан ганц Улаанбаатарын парламент болчих магадлал өндөртэй. Миний нөгөө парламент хоёр танхимтай байя, төлөөллийн ардчиллыг нэмэгдүүлье гэж яриад байдгийн гол санаа энэ. Өнөөдөр парламентад орон нутгийн төлөөлөл хумигдаад, илүү бизнесийн төлөөлөл, илүү Улаанбаатар хотоос, илүү мөнгөтэй хүмүүс сонгогдох магадлалтай болчихоод байна. Хөдөөнөөс, орон нутгаас, тэндээ нэр хүндтэй, тэдний төлөө явж чадах хүмүүс сонгогдох боломжийг нээж, төлөөллийг нь нэмэгдүүлэх ёстой.

-Тэгвэл одоо пропорциональ тойрог дээр хүн дугуйлах уу, нам дугуйлах уу гэдэг дээр Ардчилсан нам, МАН хоёрын гол маргаан байгаа юм байна, тийм үү?

-Тийм. Ардчилсан намынхан нам дугуйлах ёстой, манай намынхан болохоор хүн дугуйлах ёстой гэж үзэж байгаа.

-Ардчилсан намын тавьж байгаа бас нэг шаардлага байгаа, жижиг 76 руу яасан ч явахгүй шүү гэж. Гэтэл таны хэлж байгаагаар пропорциональ тойргийг багасгаад, мажоритари тойргийг олшруулчихаар эргээд жижиг 76 руугаа л дөхөөд байгаа юм биш үү?

-Үгүй, би тэгж бодохгүй байна.

-Мажоритариар санал авна гэж байгаа 52 мандат чинь нэг мандаттай жижиг 52 тойрог юм уу, олон мандаттай одоогийн том 26 байх уу?

-Нэг мандаттай жижиг 52. Нэг нам нэг тойрогт нэг нэр дэвшигч гаргана гэсэн үг. Харин сонгогчдын тоог тойргуудад тэнцвэртэй байлгах ёстой. Ер нь эрүүл ухаанаар бодсон ч, энэ чиглэлийн судалгаа шинжилгээг харсан ч заавал тэгж пропорциональ давамгайлсан тогтолцоо руу явах нь манай нөхцөлд арай л бэлэн биш байна. Б.Чимид багшийн өргөн барьсан хуулийн төслийн гол санаа ч тэр шүү дээ. Сонгуулийг бүсчилсэн байдлаар зохион байгуулна гэдэг нь ерөнхийдөө орон нутгийн төлөөллийг л хангах гээд байгаа байхгүй юу. Парламентын жинхэнэ утга нь, Батболд гэдэг иргэн намайг хэн төлөөлж парламентад суугаад улс орны бодлогыг гаргаж, миний эрх ашгийг хамгаалах вэ гэдгийг өөрөө мэдэж шийдэх ёстой. Тэр эрх мэдлийг нь өгч байна гэсэн үг. Одоо сүүлийн үеийн хандлага энэ төлөөллийн ардчилал улам хумигдаад байгаа. Аль болох нийт массын төлөөлөл биш, хэсэг бүлгийн төлөөлөл парламентад их орж ирээд байна. Компаниудын төлөөлөл нэмэгдсэн, нэг компаниас хоёр, гурваараа орж ирээд сууж байх жишээтэй. Гэтэл орон нутгийн төлөөлөл зайлшгүй байж байх ёстой. Тэгээд ч 50 мандаттай пропорциональ тойрогт таван нам өрсөлдлөө гэхэд сонгогчид дор хаяж 250 хүний нэр харж дугуйлах хэрэгтэй болно шүү дээ. Тиймээс нэр дэвшигчдийн жагсаалт аль болох богинохон байх нь дээр.

-Жагсаалтыг нам дотроо гаргаад нийтэд зарлачих ёстой биш үү, саналын хуудсанд заавал хавсаргах шаардлагагүй?

-Жагсаалт сонгогчдод зайлшгүй хүрсэн байх ёстой. Нэр дугуйлахгүй байлаа ч гэсэн саналын хуудсанд хавсаргаж, сонгогчид хэнийг сонгож байгаагаа мэдэж байх ёстой. 

-Маргаантай, шийдээгүй олон асуудал байгаа юм байна. Тэгэхээр Сонгуулийн хуулийг энэ чуулганы хугацаанд багтааж батлуулж чадах уу, хэзээ нэгдсэн чуулганд оруулах вэ?

-Чадна гэж бодож байна. Чадахын төлөө явна. Одоо байгаа 200 гаруй саналаараа нэгбүрчлэн санал хураалгаад дуусчих юм бол чуулганд оруулна. Миний санаа бол энэ чуулганы хугацаанд дуусгамаар байна. Улстөрчдийн хувьд ч гэсэн тоглоомын дүрэм нь тодорхой байхын тулд Сонгуулийнхаа хуулийг яаралтай гаргах хэрэгтэй.

-Байнгын хороо долоо хоногт нэг удаа хуралддаг. 200 гаруй саналыг нэг бүрчлэн хураалгана гэвэл хэдэн долоо хоног орох бол?

-УИХ-ын Тамгын газар, даргын дэргэдэх зөвлөл зохицуулах байлгүй дээ. Байнгын хорооны хуралдааны зайг ойртуулж болно шүү дээ.

-Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Сонгуулийн хуулиар ажлын хэсгийнхэнтэй уулзсан гэсэн. Та уулзсан уу?

-Үгүй, уулзаагүй. Байнгын хорооны дарга, байнгын хорооноос гарсан ажлын хэсгийнхэнтэй уулзсан гэсэн.

-Ерөнхийлөгч сонгуулийн хууль дээр ямар байр суурьтай байгааг мэдсэн үү?

-Сониноос уншихад “Жижиг мажоритари ямар ч байсан биш шүү” гэсэн юм билээ.

-Иргэдтэй уулзахдаа бол “Мажоритари л ямар ч байсан биш шүү” гэж их тодорхой хэлсэн дээ?

-Мажоритари гэхээрээ муу байдаг юм биш шүү дээ. Манайхан нэг туйлшрахаараа хэт их туйлшраад байдаг. Англи одоо хүртэл мажоритариар сонгуулиа явуулдаг. Хэрвээ бид шууд пропорционалийг аваад явах юм бол сонгогчид ерөнхийдөө хаягдана. Угаасаа тийм зүй тогтолтой. Сонгогчидтой уулзаад явах улстөрч олдохгүй, нам дээрээ илүү төвлөрч, намын удирдлагад таалагдаж ажиллахын төлөө л явна. Үүний сайн тал нь улс орны хэмжээний том зорилтуудыг шийдэхэд дөхөмтэй, нам дээр илүү төвлөрдөг учраас. Мажоритариас яагаад татгалзаад байгаа юм бэ гэвэл улс орны хэмжээний том зорилтыг шийдвэрлэхийн төлөө улстөрчид төвлөрч ажиллахгүй, тойрог руугаа илүү гүйгээд байна л гэж байгаа шүү дээ. Хоёрдугаарт, жижиг тойрог дээр мөнгө хаяж гарч ирэх асуудал их байна. Ийм л хоёр сөрөг тал байгаа шүү дээ. Түүнээс биш мажоритари муу, пропорциональ сайн гэсэн зүйл байхгүй.

Пропорционалийг аваад явж болно л доо, болохгүй гэсэн юм байхгүй. Гэхдээ хэрвээ пропорционалиар сонгууль явуулбал парламентад хэт олон нам орж ирдэг, үүнээс болж улс төрийн тогтворгүй байдал бий болдог бас нэг муу талтай. Ерөнхийдөө эвслийн Засгийн газрууд л байгуулах зам руу орох болов уу. Манайх чинь 2004 оноос хойш байнга эвслийн Засгийн газар байгуулж ирлээ шүү дээ. Эхлээд Үндэсний эв нэгдлийн Засгийн газар, дараа нь Их эвслийн Засгийн газар, 2008 оноос хойш хамтарсан Засгийн газар гээд. Энэ уламжлал цаашаа хадгалагдана гэсэн үг. Сонгуулийг пропорционалиар явуулахын бас нэг сөрөг тал нь парламентад хэт олон нам орж ирэх магадлалтай. Үүнээс болоод Засгийн газар тогтворгүй болдог, олон удаа солигддог явдал.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.