Баярсайхан.Г Болд.Л 2016.02.24 | Телевиз: NTV

Өвлийн уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх шаардлагыг Хүний эрхийн дэд хорооноос хүргүүлжээ

Өвлийн уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх шаардлагыг Хүний эрхийн дэд хорооноос хүргүүлжээ

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос “Өвлийн морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх тухай” шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлжээ.

Монгол Улсын Еренхий сайдад шаардлага хүргүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд Хөдөлмөрийн яаман дээр очиж Г.Баярсайхан сайдтай уулзан Өвлийн морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх тухай шаардлагын хувийг биечлэн өгч энэ тал дээр түүний байр суурийг сонссон байна. 

Хөдөлмөрийн яам А36 тоот тушаалыг гаргаж өвлийн улиралд хүүхдийг морь унахыг тодорхой хугацаатайгаар зааж, хориглосон шийдвэрийг гаргасан. Үүнийг бид цаашид хэрэгжүүлээд ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна гэдгээ Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болдтой уулзах үеэр илэрхийллээ. 

Монгол Улс 1998 онд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах олон улсын байгууллагад нэгдэн орсон байдаг. Өнөөдөр тодорхой тоо статистик дурдаж хэлэхэд өнгөрсөн жил өвөл, зуны морин уралдаанд зургаан хүүхэд амь насаа алдсан гэсэн харамсалтай тоо баримт гарчээ. Түүнчлэн морин уралдаантай холбоотой 700 гаруй хүүхэд өнгөрсөн жил ямарваа нэгэн байдлаар бэртэж гэмтжээ.

Морин уралдааныг цас ханзарч, цаг наашлах үед зохион байгуулбал унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учрах эрсдэл багасч нөгөөтэйгүүр морин уралдааныг үзэж сонирхох үзэгч олонд ч тав тухтай байхсан. Монголчууд моринд дуртай. Уламжлалаа үгүйсгэхгүй. Гэхдээ хавар, өвөл хүйтний улиралд морин уралдаанд хүүхдүүдийг оролцуулахгүй байх талаарх Хөдөлмөрийн сайдын тушаал гарчихаад байхад түүнийгээ хэрэгжүүлэхгүй байгаагийн шалтгаан юу вэ. Хууль зөвхөн цаасан дээр бичигдэж амьдралд буудаггүйн энэ мэт жишээг эргэн харах цаг хэдийнэ болжээ.