Баярцогт.С 2016.02.24 | Сайт: Vip76.mn

4000 хүн ам тутамд гал түймэр унтраах аврах анги байх ёстой

4000 хүн ам тутамд гал түймэр унтраах аврах анги байх ёстой

Хуулийн нэр: Галын аюулгүй байдлын тухай хууль

Өргөн баригдсан он, сар, өдөр: 2015.05.25

Батлагдсан он, сар, өдөр: 2015.07.02

Хуулийн зүйл, заалт:6 бүлэг, 25 зүйлтэй

Хүний амьдралд асар том хохирол, хор уршиг авчирдаг аюул бол гал түймэр. Хүн ам олширч, барилга байшин нэмэгдэхийн хэрээр гал түймэр гарах эрсдэл нэмэгдэж байдаг.

2016 оны эхний 2 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 741 удаа гарч, 2,3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 5 хүн нас барж, 13 хүн түлэгдэж гэмтэн 43 толгой мал хорогдож, 380 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 124 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 4,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 13,2  хувиар, учирсан хохирлын хэмжээ 21,7 хувиар тус тус буурсан байна.

Нийслэл хотод нийт 508 удаагийн гал түймэр гарч, 1,2 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 233 удаагийн гал түймэр гарч, 1,1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна. Тиймээс бид галын аюулгүй байдлын тухай асуудлыг хөндөж, энэ хүрээнд гарсан хууль тогтоомжийг танилцуулж байна.

Манай улс галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулахын тулд 1999 онд Галын аюулгүй байдлын тухай хуультай болсон.

Энэ хууль нь тухайн цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж байсан боловч дэлхийн уур амьсгал, цаг агаарын өөрчлөлт, хотжилт, хүн амын нягтрал, төвлөрөл, барилга байгууламж, уул уурхайн техник технологийн хөгжлөөс хамааран хуулийг шинэчлэн найруулах шаардлага тулгарчээ.

Тиймээс 16 жилийн дараа энэ хуулийг шинэчлэн найруулж, баталсан юм. Өмнөх хуулиас ялгарах гол онцлог нь галын аюулгүй байдлыг хангуулахад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас гадна энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж, галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга, сурталчилгаа, хичээл сургалт явуулах зэрэг төрийн зарим чиг үүргийг иргэд, ТББ-д шилжүүлж иргэдийн оролцоог нэмэгдүүлж өгчээ.

Гал түймэртэй тэмцэх нэгж нь дараах үндсэн төрөлтэй байхаар хуульд заажээ. 

Ингэснээр жилээс жилд нэмэгдэж буй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрх зүйн орчныг шинэчлэн, боловсруулах шаардлага тулгарч байна. Гал түймэртэй тэмцэх нэгж нь дараах үндсэн төрөлтэй байхаар хуульд заажээ. Үүнд:

-Гал түймэр унтраах аврах анги:  Энэ нь улсын хэмжээнд өмчийн -хэлбэр харгалзахгүйгээр эд хөрөнгийг авран хамгаалах үүрэгтэй.

-Гал түймэртэй тэмцэх гэрээт анги: Тухайн нэгж, байгууллагын нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, хамгаалдаг.  

-Гал түймэртэй тэмцэх хэсэг:  Иргэн, ААН, байгууллага өөрсдөө байгуулж болно.

-Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг:  Орон нутгийн санаачилгаар ой хээрийн түймэртэй тэмцэх зорилгоор зохион байгуулдаг.

Хуульд Монгол улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн галын аюулгүй байдлыг хангахад ахуйн нөхцөлд галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэр гарах үед хурдан хугацаанд ОБЕГ-т мэдэгдэх, гал түймрээс урьдчилан сэргийлэхэд тусламж, дэмжлэг үзүүлэх, ой хээрийн түймэр унтраах үед оролцох зэрэг үүрэгтэй байдаг.  

Мөн тус хуульд иргэд сайн дурын хэсэгт хамрагдан ой, хээрийн түймрийг унтраахад оролцохоор тусгажээ.

Мөн тус хуульд иргэд сайн дурын хэсэгт хамрагдан ой, хээрийн түймрийг унтраахад оролцохоор тусгажээ. Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн ажилтан гал түймэр унтраах ажилд дайчлагдах явцдаа эрүүл мэнд, амь насаараа хохирвол Онцгой байдлын албан хаагчийн адил тэтгэвэр, тэтгэмжийг олгох аж.

Хэвлэл мэдээллийн байгууллага нь гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөг олон нийтэд үнэ төлбөргүй хүргэнэ. Мөн гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардлыг улсын болон орон нутгийн төсөв, ОУ-ын байгууллага, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр шийдвэрлэнэ гэж хуульд заажээ.

Галын аюулгүй байдлыг хангах нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага болоод хувь хүн бүрийн үүрэг болж байна.

Тиймээс хот, тосгоны төлөвлөгөөнд 10 мянгаас дээш хүн ам төвлөрсөн суурин газарт гурван км-ын радиуст, мөн 4000 хүн тутамд нэг аврах анги байна гэж заасан байдаг.

Харин алслагдсан суурин газарт 2000 хүн тутамд гал түймэр унтраах анги, эсвэл сайн дурын хэсэг байхаар заажээ. Барилга байгууламжийг гал түймрийн эрсдлээр нь гал түймрийн онц аюултай, гал түймрийн аюултай 1-3 дугаар зэрэгт хуваан авч үздэг байна.

Мөн шинээр барилга байгууламж барихдаа  гал түймрийн автомашин чөлөөтэй орж болохуйц зам талбайтайгаар барих ёстой. Бас түймрийн үед ашиглаж болох усан хангамжийн нөөцийг ч шийдэж өгсөн байхаар хуульд заажээ.