Яамны зүгээс ипотекийн зээлийн хүүг бууруулахад бүх ажлаа хийсэн
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2016.02.24

Яамны зүгээс ипотекийн зээлийн хүүг бууруулахад бүх ажлаа хийсэн

Ипотекийн зээлийг арилжааны банкууд найман хувийн хүүтэй олгодог. Тэгвэл зээлийн хүү буурах боломжтойг албаныхан мэдэгдэж, тун удахгүй зээлийн хүү таван хувь болно Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, УИХ-ын дарга З.Энхболд хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч хэзээ орон сууцны зээлийн хүү буурах нь мэдэгдэхгүй байсаар хоёр сарын хугацааг үдэх гэж байна. Зээлийн хүү буурч, таван хувь болбол өмнө нь найман хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийн хүү даган буурах юм . Иймээс иргэдийн дунд хүлээлт үүсээд буй.

Тэгвэл Барилга хот байгуулалтын яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, түрээсийн орон сууцны хөтөлбөр болон бусад баталсан журам, тогтоол, хуулийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд энэ үеэр дараах тодруулгыг авлаа.

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудалд манай яамны зүгээс хийх ажлаа бүгдийг хийж, Засгийн газарт танилцуулж, батлуулсан. Харин одоо Монголбанк, Сангийн яамны зүгээс судалгаануудаа хийж байна. Хэрэв эдгээр байгууллагууд судалгаагаа дуусгачихвал зээлийн хүүг буурулах ажил цаг хугацааны асуудал болно. Зээлийн хүү буурч таван хувь болбол найман хувийн хүүтэй зээл авсан иргэдийн ипотекийн зээл шилжинэ. Тэгэхээр өнөөдөр хичнээн иргэн найман хувийн зээл авсан байна вэ, тэднийг хэрхэн таван хувь руу шилжүүлэх вэ гэдэг тооцоо судалгаа хийгдчихвэл асуудал шийгдэгдэнэ” гэсэн юм.