Хүнд үйлдвэрийн салбарт эрдэмтэдтэй хамтарч ажиллана гэв
Хүнд үйлдвэрийн салбарт эрдэмтэдтэй хамтарч ажиллана гэв
2016.02.25

Хүнд үйлдвэрийн салбарт эрдэмтэдтэй хамтарч ажиллана гэв

Эрдэмтэд, хөрөнгө оруу­лагчид, төрийн байгуул­лагынхан  анх удаагаа хамтарч аж үйлдвэрийн салбарыг хэрхэн хөгжүүлэх, ямар бодлого гаргах талаараа өчигдөр ярилцлаа. Тодруулбал, Аж үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны Академи болон Уул уурхайн танхим хамтран “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга зам” зөвлөгөөн зохион байгуулав. 

Зөвлөгөөнөөр зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах цогцолбор түүнийг дагалдах үйлдвэрүүдийн асуудал, хар төмөрлөг, газрын тосны асуудлыг хөндөн хэлэлцсэн юм. Мөн энэ үеэр Аж үйлдвэрийн яам, ШУА , ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Өнөөдрийн зөвлөгөөнийг манай хүнд үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэгчид санаачлан хийж байгаа. Энэхүү асуудлыг бид бодлогын зүгээс дэмжиж байна.

Учир нь хүнд үйлдвэр эрхэлнэ гэдэг бол сэтгэлийн хөөрлөөр хийдэг ажил биш. Хүнд үйлдвэрийн шинжлэх ухааны хамгийн шинэ шинэлэг технологийг ашиглах шаардлага үүсч байгаа юм. Үндэсний боловсон хүчин, эрдэмтдийг татан оролцуулах зайлшгүй шаардлага үүсч буй юм. Зөвлөгөөний  үеэр “Аливаа нэгэн үйлдвэрлэлийг эрхлэхэд шинжлэх ухааны оролцоо байхгүй бол огт бололцоогүй. Шинжлэх ухаан бол үйлдвэрлэлгүй бол урагшаа явахгүй” гэдгийг би онцлон хэлсэн. Бид өнгөрсөн хугацаанд үүнийг туулаад ирчихсэн. Тиймээс хүнд үйлдвэрийн эхлэл зөв тавигдахын тулд  эрдэмтэдтэй хамтарч дэлхийн шинэ технологийг хайж олох нь туйлын чухал гэсэн бодлоор л зөвлөгөөнийг зохион байгуулж байна” гэв. 

Д.Рэгдэл: Аж үйлдвэр шинжлэх ухаангүй бол харанхуй юм

“Аж үйлдвэрийн яам-Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах  санамж бичиг”-т Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд аж үйлдвэр, технологийг хөгжүүлэх чиглэлээр төр, шинжлэх ухаан, бизнесийн тогтвортой хамтын ажиллагааг дэмжих зорилгоор төр шинжлэх ухаан, бизнесийн төлөөлөл бүхий  Үндэсний хороо, зөвлөл зэрэг байгууллагыг оновчтой хэлбэрээр бий болгож, санал, мэдээлэл солилцох, инновацийн хамтын ажиллагааг  хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ. Мөн энэ үеэр “Аж үйлдвэрийн яам-ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг”-т Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга Ц.Буянцогтоо нар гарын үсэг зурав. 

Санамж бичигт аж үйлдвэрийн салбарын стратегийн хөгж­лийн чиг хандлага, бодлогыг хэрэгжүүлэхэд  хамтарч ажил­лах, салбарын кластер, инно­вацийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамтрахаар тусгасан байна. Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” батлагдсан энэ нөхцөлд төр, шинжлэх ухаан, бизнес гурвын  холбоог хэрхэн бэхжүүлэх вэ гэдэг асуудлыг өнөөдрийн зөвлөгөөнд дээр яриад ямар нэгэн шийдэлд хүрэх байх гэдэгт найдаж байгаа гэдгийг онцолж байлаа. Зөвлөгөөний талаар Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Энэ зөвлөгөөн бол маш үр дүнтэй болох нь тодорхой. Учир нь анх удаа эрдэмтэд, хөрөнгө оруулагчид, төрийн захиргааны төв байгууллагынхан хамтраад аж үйлдвэрийн салбарын хөгжлийн асуудлыг шинжлэх ухаантай хэрхэн холбох талаар хэлэлцэж байна. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Аж үйлдвэр шинжлэх ухаангүй бол харанхуй юм. Шинжлэх ухаан аж үйлдвэргүй бол үндэслэлгүй” гэж хэлсэн нь үнэн. 

Манай улсад аж үйлдвэрийн салбар хөгжихгүй байгаа нь шинжлэх ухааныг оруулахгүй байгаатай холбоотой юм. Үүнийг цэвэр бизнес болгож хараад байна шүү дээ. Дэлхийд томоохонд тооцогддог компаниуд судалгаа шинжилгээнд 6-7 тэрбум ам.доллар зарцуулдаг. Монгол Улс өнөөдөр судалгаанд 15-16 сая ам.доллар зарцуулж байна. Гадаадын нэг том компани Монгол Улсын зарцуулж байгаа хөрөнгө мөнгийг хооронд нь харьцуулаад үзэхээр манай улсынх үзэгдэхээргүй жижиг байгаа. 

Тиймээс нэг талаас судалгаа боловсруулалтын салбарт оруулдаг хөрөнгө оруулалт буюу төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх, нөгөө талаас бизнесийн салбарт шинжлэх ухаанаас гарсан үр дүнг авч ашиглах нөхцөлийг бий болгох хэрэгтэй. Харин төрийн зүгээс үйлдвэрийн салбарын технологийн хөрс суурийг сайжруулах зэрэг асуудлыг хамтад нь ярьж хэлэлцэх болно” гэв. Зөвлөгөөнд баялаг бүтээгчид буюу манай улсын томоохон тооцогдох компаниудын үйлдвэр эрхэлдэг мэргэжилтэн, болон удирдлагууд оролцож байгаа нь зөвлөгөөнийг үр дүнтэй болохыг илтгэж байгаа гэдгийг оролцогчид онцолж байсан юм. “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Чухал томоохон бизнесүүд хэрхэн өнөөдрийн орчинд зөв ажиллах вэ, цэвэр мөнгөн урсгалаа нэмэгдүүлж ингэснээр шинэ хөрөнгө оруулалтыг татах вэ гэдгийг хэлэлцэж байна. Хөрөнгө оруулалт гэдэг бол хүний итгээд өгсөн мөнгийг өсгөж өгөх ёстой шүү дээ. 

Тэрийг аж үйлдвэрийн бодлоготой шинэ төслийн үр ашигтай холбож явуулах нь чухал байна. “Эрдэнэс МГЛ” компани олон улсын стандартын дагуу санхүү технологийн бусад менежментийн ажлыг нэвтрүүлэх тал дээр ажиллаж байгаа. Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажил­лаж байна. Энэ бүхний эцэст Оюутолгойн гүний бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг бид хэлэлцэн шийдвэрлэж энэ ажил маань урагштай явж байна. Энэ мэтээр цаашдын хөрөнгө оруулалтыг оруулах түүгээрээ шинэ төслийг хэрэгжүүлэх боломжтой байна” хэмээсэн юм.

Д.Баттогтох: Хүнд үйлдвэрлэлийн томоохон төслүүдийг урагшлуулахаар ажиллаж байна

/Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга/
-2030 онд Монгол Улсын аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар өндөр технологи дээр суурилсан салбар болон хөгжих ёстой. Тиймээс энэ хүрээнд бид таван жилийн дунд хугацааны хөтөлбөрүүдийг Засгийн газрын хэмжээнд батлуулаад ажиллаж байгаа. Эхний үед дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, улмаар импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. 

Мөн экспортын үйлдвэрлэлийн анхны эхлэлүүдийг тавина гэсэн үе шат байгаа. Хоёрдугаар үе шат буюу 2020-2025 он хүртэлх хугацаанд экспорт давамгайлсан аж үйлдвэрийн бүтцийг бий болгож өндөр технологи, машин байгууламж, химийн үйлдвэрлэлийн эхлэ­лийг тавина. Гуравдугаар үе шат буюу 2025-2030 онд мэдлэгт суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлж, технологийн экс­портыг эхлүүлэх зорилт тавьсан байгаа. Ер нь ийм дүр зураг, бодлоготойгоор стратеги, бодлогын баримт бичгийг батлуулан ажиллаж байгаа юм. 

Ойрын хугацаанд хүнд үйлдвэрлэлийн томоохон төслүүдийг урагшлуулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, зэс, өнгөт металл, өнгөт төмөрлөг, хар төмөрлөг, нефт зэрэг чиглэлийн үйлдвэрлэлүүд хөгжих хэрэгтэй. Тиймээс энэ чиглэлийн холбогдолтой шийдвэрүүдийг Засгийн газраас гарсан. Тэгэхээр бүхэн одооноос тухайн үйлдвэр дээр ажиллах хүний нөөц,ашиглагдах технологийн асуудлыг үндэсний оюуны салбарын гол төлөөлөл болох их сургуулиудын эрдэмтэд, судлаачид, багш нартай зөвлөлдөх шаардлагатай бай­гаа. Ер нь шинжлэх ухаан байхгүйгээр үйлдвэрлэл хөгжих хэцүү. Тиймээс бид төрөөс баримтлах бодлого, дунд хугацааны хөтөлбөр, богино хугацаандаа эхлүүлж байгаа томоохон төслүүдийг хэлэлцэх, зөвлөлдөх нь зүйтэй гэж үзсэний үүднээс өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. 

Монголчууд цаашид  технологийн агууламж өндөр­тэй үйлдвэрлэлийг эрхэлж байж өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, өндөр технологийн агууламж бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлснээр Монгол Улсын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.