Даваасүрэн.Ц Болорчулуун.Х 2016.02.25 | Телевиз: МН25-р суваг, Сайт: Eagle.mn

Цэц муу ажиллаж байгаа нь үнэн гэв

УИХ дахь Бие даагч гишүүд

УИХ дахь Бие даагч гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Зөвхөн нэг хүн огцруулахын төлөө ээлжит бус чуулган хуралдууллаа. Цэц муу ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ даргыг нь огцруулах асуудал хууль зөрчсөн учраас бид ийм бохир зүйлд оролцоогүй. Цэцийн бохир нөхдийг сольж байна гээд бүр дордуулчихвал яах вэ” гэлээ.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.

-Намрын чуулганаар гааль, НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалт бүхий хэд хэдэн хуулийг баталсан. Хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал дээр зохицуулалт хийх шаардлагатай юу. Байн байн татвараас чөлөөлдөг жишиг тогтчих вий?

-Цалин тэтгэвэр нэмж чадахгүй байж татварын хөнгөлөлтийг хөрөнгөтэй хүмүүст олгоод байна гэдэг сайн зүйл биш. Онцгой албан татварын хуулинд нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцдог болох тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Би байнгын хороог ахалж байхдаа тэрхүү хуулийн төслийг гурван жил дарсан. Өнгөрсөн онд намайг ажлаа өгөнгүүт долоо хоногийн дотор энэ хуулийг оруулж ирээд баталсан юм. Өөрөөр хэлбэл, архи спирт, бензин шатахуун гэх зэрэг бараа бүтээгдэхүүнд нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож төлдөг болчихож байгаа юм. Гэтэл жирийн иргэн өнөөдөр 2039 төгрөгөөр төлж байгаа.

Ийм л учраас татварын орчин иргэнээ туйлдуулж ядууруулсан, хөрөнгө чинээтэй улсуудын халамжилсан тогтолцоог бүрдүүлээд байна. Уг нь Төсвийн хуулинд, “Төсвийн жилд төсвийн орлогыг бууруулсан ямар нэг хуулийн төслийг хэлэлцэхгүй” гэсэн заалт байдаг. Гэтэл УИХ хэлэлцээд, хөнгөлөлт олгоод явж байна. Нам эвслийн бүлгүүд хүч түрэмгийлсэн байдлаар хуулийн төсөл баталдаг явдлаа зогсоох хэрэгтэй. Татварын хөнгөлөлт дээр энэ мэт олон жишээ хэлж болохоор байгаа юм. Энэ чинь эцсийн дүнд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэрээ бууруулж байна гэсэн үг шүү дээ.

-Бондын төлбөртэй хамааралтай бэлтгэл ажлууд хийгдэх ёстой. Та бүхэн энэ тал дээр ямар санаачилга гаргаж ажиллаж байна вэ?

-Өр зээлийн асуудал яригдаж байхад өрийн асуудлын бүтцээ бий болгооч, хэрхэн барагдуулах механизмаа бүрдүүлээч ээ гэж олон удаа хэлсэн ч хүлээн аваагүй. Товчдоо бол, өнөөдрөөс эхлэн эрсдлийн сангаа байгуулах ёстой юм.