УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянхонгор аймагт ажиллаж байна
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга C.Одонтуяа
2016.02.25

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянхонгор аймагт ажиллаж байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга C.Одонтуяа болон УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Г.Байгальмаа нар энэ сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт ажиллаж, УИХ-аас баталсан хуулиудын талаар иргэдэд мэдээлэл өгч, хэлэлцүүлгийн шатандаа яваа хуулийн төслүүдийг танилцуулан, санал солилцлоо. 

Баянхонгор аймаг “Чингис” бондын хөрөнгөнөөс 44 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн байна. Үүний зэрэгцээ Орон нутгийн хөгжлийн сан болон бусад нөөц бололцоогоо дайчлан чамгүй ажил амжуулжээ. Тухайлбал, аймгийнхаа төвд 17 км засмал зам тавьсан бөгөөд хоёр багийн дунд нэг спорт заал байгуулжээ. Мөн Сүхбаатар аймгийн туршлагыг нэвтрүүлж, жишиг гэр хорооллуудыг байгуулсан байна. Ингэснээр замбараагүй газар олголтыг зогсоож, зөвхөн тогтоосон цэгт эмх цэгцтэй босгосон хашаа хороонд айл өрхүүд шинээр суурьших болжээ. Түүнчлэн төрийн албан хаагчдын оролцоотойгоор аймгийн төвөө цэцэрлэгжүүлэхээр сүүлийн гурван жилийн дотор нийт 24 мянган мод суулгасан байна. Тарьсан моднуудыг арчлах ажлыг албан байгууллагууд хариуцдаг аж. Хий дэмий хүн хүч, хөрөнгө үрэн тарсан ажил болгохгүйн тулд дэргэд нь хиймэл нуур байгуулж, байнгын усалгаатай болгожээ. 

Аймагт бүрт 1000 айлын орон сууц барих хөтөлбөрийн хүрээнд тус аймагт одоогийн байдлаар 1400 орчим айлын орон сууц болон инженерийн шугам сүлжээнд холбогдсон хаус хороолол босоод байна. 

С.Одонтуяа, Г.Байгальмаа нар иргэдтэй уулзалт хийх үеэр малчны зээлийн хүүг бууруулсанд мөн малчдын  тэтгэврийг тогтоохдоо ажилласан жилийг 1.2-оор нэмэгдүүлэн тооцох хууль баталсанд ихээхэн талархаж буйгаа иргэд илэрхийлж байлаа. Хэдийгээр Засгийн газар болон Төрийн банкны удирдлага малчны зээлийн хүүг 29 хувиас 18 хувь хүртэл бууруулахаар санамж бичигт гарын үсэг зурсан ч малдаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийдэг, эрүүл мэнд, нийгмийн даатгалынхаа шимтгэлийг тогтмол төлдөг малчдын зээлийн хүүг бүр 10 хувь хүртэл бууруулах боломж бий гэдгийг С.Одонтуяа гишүүн хэлж байв. 

Түүнчлэн Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталж, орлого багатай, ахмад настнуудыг дэмжсэн бодлого барьж буйг иргэд сайшааж байлаа. 

Сайн дурын идэвхтнүүдийг чадавхижуулж байна 

Баянхонгорчууд гудамжинд хог хаяхаа больсон, угаадсаа хамаагүй асгахаа больсон. Энэ бол сайн дурын идэвхтнүүдийн ажлын үр дүн гэж аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан хэллээ. Баянхонгор аймгийн төвд баг хариуцсан 210 сайн дурын идэвхтэн төр, иргэдийн хооронд гүүр болон ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, төрийн бодлого, үйл ажиллагааг иргэдэд хүргэн, иргэдийн санал хүсэлтийг төрдөө уламжлан, мэдээллээр хангадаг аж. 

Аймгийн удирдлагууд сайн дурын идэвхтнүүдийг чадавхижуулах үүднээс олон улсын байгууллагуудтай хамтран хүний хөгжлийн чиглэлээр төрөл бүрийн сургалт зохион байгуулдаг юм байна. 

Баянхонгорчууд нийтээрээ спортоор хичээллэж байна 

Баянхонгорчууд нийтийн эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулж, өвдсөний дараа биш өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх талаар тодорхой бодлого дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, сүүлийн гурван жилийн дотор дөрвөн спорт заал байгуулж, иргэд нь үнэ төлбөргүйгээр чөлөөтэй ашиглан, спортын төрөл бүрийн секцэд хамрагдаж байгаа аж. Цаг хугацааг нөхөх боломжгүй тул иргэддээ нэг өдөр, нэг сар, нэг жилийн ч өмнө болов биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд баг болон цагдаагийн хэсэгтэйгээ хамт байрлах эдгээр заалны барилгын ажлыг концессын гэрээгээр бариулжээ. 

2015 оны байдлаар улсын болон бүс, орон нутгийн шинжтэй олон уралдаан тэмцээнд хонгор нутгийн тамирчид амжилттай оролцож, 384 медаль авсан нь бүх нийтээрээ спортоор хичээллэсний үр дүн гэж нутгийн удирдлагууд үзэж байна. 

Түүнчлэн сүүлийн  гурван жилийн хугацаанд нийт хүн амын 67 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, ононшилгоонд хамрагдсан байна. Аливаа хорт хавдрын эх үүсвэрийг зургаан сарын дотор илрүүлбэл эмчлэх магадлал илүү байдаг тул урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо маш чухал гэдгийг эмч нар хэлдэг. 

Эмэгтэйчүүд манлайлж байна 

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа болон УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Г.Байгальмаа нар Баянхонгор аймаг дахь эмэгтэйчүүдийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ. 

Тус аймгийн тухайд эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд нэлээд идэвхтэй оролцож байгаа юм байна. Энэ удаагийн парламентад эмэгтэй гишүүд олноороо сонгогдсоноор гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хангахад түлхүү анхаарал хандуулж, эрүүл мэнд, боловсролын салбарыг шинэчлэх чиглэлээр олон хууль санаачлан идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг Баянхонгорын бүсгүйчүүд сайшааж байлаа. 

 Мөн ипотекийн зээлийн хүүг бууруулах гэж байгааг талархан хүлээн авч, олон хүүхэдтэй, орлого багатай эмэгтэйчүүд орон сууц зээлээр худалдан авахад урьдчилгаа мөнгийг нь бүрдүүлэх амаргүй байгааг онцлон энэ талаар тусгайлсан бодлого гаргахыг эрхэм гишүүнээс хүсэв. АН-ын гишүүд энэ талаар тодорхой саналууд боловсруулж, УИХ-ын дарга болон Засгийн газарт уламжлаад байгааг С.Одонтуяа гишүүн хэллээ. Тухайлбал, алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхчүүд орон сууц худалдан авахад улсаас нэг удаа тодорхой хэмжээний буцалтгүй тусламж олгох саналыг холбогдох газрууд нааштай хүлээн авч, судлахаа илэрхийлсэн байна. Улсын хэмжээнд нийт 240 мянга гаруй алдарт эх бүртгэгдсэн бөгөөд үүнээс 40 мянга орчим нь нэгдүгээр зэргийн одонтой аж. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр /2016.02.25/ Өвөрхангай аймагт ажиллаж байна.