Даваадорж.Г 2016.02.25 | Сайт: Vip76.mn

Энэрэнгүй Эрүүгийн шинэ хууль

Энэрэнгүй Эрүүгийн шинэ хууль

Цаазын ялыг хуульчлан халав

Өмнөх хуульд цаазаар авах ял байсан. Харин Ерөнхийлөгч  уучлалаараа цаазын ялыг халсан. Тэгвэл Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ял байхгүй. Мөн баривчлах ялыг хуульд тусгаагүй. Харин хорих ялыг долоо хоногоос 20 жил хүртэл байхаар тооцжээ. Мөн бүх насаар нь хорих заалт бий. Энэ төрлийн ял 25 жилээс дээш хугацаагаар хоригдсоны дараа үүснэ. Өөрөөр хэлбэл, 25 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал ялаас чөлөөлөх зохицуулалт оржээ.

Мөн гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүн гэж ангилдаг байсан бол шинэ хуулиар энгийн болон хүнд гэсэн хоёр ангилалтай болгожээ.

... Таван жилээс дээш хоригдох бол хүнд гэмт хэрэг гэж үзнэ. Хүнд гэмт хэрэг хийсэн хүн тэнсэн авах боломжгүй. Гэхдээ гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хохирлоо арилгасан тохиолдолд ялын хэмжээнээс хоёрны нэгээс дөрөвний нэг хүртэл хувиар хасах талаар заажээ ...

Гэрийн хорионд байх ялтан электрон гав зүүнэ

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хорих ялын шинэ төрлийг тусгасан нь гэрийн хорионд байлгах. Энэ ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заажээ. Ийм ял сонссон хүн зөв хуулийн байгууллагаас тодорхойлж өгсөн хүмүүстэй л харьцана. Хуулийн байгууллагын хяналтад оршин суугаа газраа өөрчлөлгүй тогтоож өгсөн замаар л зорчино. Тухайн этгээд бусдад аюултай байвал хүнтэй харьцахыг нь хориглоно. Ялтанд электрон гавны тусгамжтайгаар хяналт тавих  аж.

... Хэрвээ тогтоосон журмыг зөрчвөл ялыг хорих ял болгон өөрчилнө ...

Харин торгох ялыг нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр оногдуулахаар төсөлд тусгажээ. Тооцооны нэгж гэдэг нь тухайн үеийн мөнгөний ханшийг тооцож гаргах торгуулийн хэмжээ юм.

Хөдөлмөрийн чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх, эцэг, 51-ээс дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйгээс бусад хүмүүст нийтэд тустай ажил хийлгэх ял оноож болохоор тусгажээ.

Ийм ял сонсвол өдөрт дөрвөөс дээшгүй цагаар буюу нийтдээ 121-480 цаг нийтэд тустай ажил хийнэ. Энэ ажлыг хийхгүй бол хорих ялаар солино.

Хуучин хуульд мөрдөж байсан эрх хасах ялыг шинэ хуульд мөн хэрэглэнэ. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний төрийн болон нийтийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч нэмэгдэл ялын шинжтэй хэрэглэх юм байна. Гэхдээ үндсэн ялыг эдэлж дууссаны дараа эрх хасах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхээр тусгажээ.

Хүүхдэд ял оноохоос зайлсхийнэ

Ял шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 16 наснаас дээш байхаар хуульд тусгажээ. Харин хүний амь хөнөөсөн, хулгай, дээрэм хийсэн, бусдыг хүнд гэмтээсэн зэрэг долоон төрлийн гэмт хэрэг үйлдсэн 14-өөс дээш насны хүүхдэд ял оноох аж. Үүнээс гадна гэмт хэрэг үйлдэхдээ 14 нас хүрсэн, 18 хүртэлх насны хүүхдэд хорих ял оноохгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч болох шинэ зохицуулалтыг тусгажээ. Хүмүүжлийн чанартай арга хэмжээ гэдэг нь  хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн байдлыг харгалзан үзэж, хорих ял оногдуулахааргүй бол шүүхээс тодорхой хугацаагаар хүмүүжүүлж, хянан харгалзах арга хэмжээг хэрэглэхийг хэлж байна. Өсвөр насны хүүхдэд нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, сургалт хүмүүжлийн тусгай хорионд байлгах гурван төрлийн ял эдлүүлэх шинэ заалт оржээ. Мөн өсвөр насны хүүхдийн учруулсан хохирлыг эцэг, эх нь төлөх заалт оруулсан байна.

Зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийж, гэрэл зураг авбал ял онооно

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад заналхийлэх, хууль бусаар нэгжих, хураан авах, орон байранд нэвтрэх, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг шинэ зүйл, заалт оруулжээ. Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу дүрсний бичлэг хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Түүнчлэн бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардвал торгохоос таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Харин эрх бүхий албан тушаалтан хууль бусаар бусдын гэр, эд хөрөнгө нэгжиж, битүүмжилбэл нэг сараас нэг жил гэрийн хорионд байлгах, мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгажээ. Үүнээс гадна оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч, чөлөөтэй байх эрхэд халдсан бол иргэн гурван сар хүртэл баривчлах, албан тушаалтан таван жил хүртэл хугацаагаар хоригдох юм байна.

Үүнээс гадна эдийн засгийн шинэ нөхцөл байдалтай холбогдуулан хууль бусаар өрсөлдөх, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс татгалзах, худал мэдээлэл тараан дампууруулах зэрэг гэмт хэргийн шинэ төрлийг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн олон нийтийг уриалан дуудаж хэт туйлширсан, хорлон сүйтгэх ажиллагаа явуулахад бэлтгэсэн, явуулсан бол хүлээлгэх хариуцлагыг шинээр томъёолжээ. 

Авлигын гэмт хэрэг гэсэн шинэ бүлэг оруулав

Учирсан хохирлын хэмжээгээр авлигын гэмт хэрэг мөн эсэхийг тогтоодог байсныг өөрчилж, “Төрийн албан хаагч албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлээгүйгээс өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол” хохирлын хэмжээнээс үл хамааруулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл өмнө нь төрийн албан тушаалтан үлэмж хэмжээний хохирол буюу 9 сая 600 мянгаас 24 сая хүртэл төгрөгийн хохирол учруулаагүй л бол албан тушаалын гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх боломжгүй байсныг хална гэсэн үг.

Эрүүгийн шинэчилсэн хуульд “Төрийн албан хаагч өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд  давуу байдал олгуулах зорилгоор өөрөө эсхүл өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнаар дамжуулан албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж давуу байдал олж авсан, эсхүл олгосноос бусдын хууль ёсны ашиг сонирхолд  хохирол учирсан бол” авлигын гэмт хэрэг болно гэж заасан.

Тухайлбал, гаалийн ажилтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж хэн нэгний бараанд гаалийн татвар ногдуулаагүй болон бага ногдуулсан нь эрх мэдэл бүхий бусад хүний, магадгүй Сангийн яамны нэгэн түшмэлийн хүсэлт байсан бол тэр түшмэл эрүүгийн хариуцлага хүлээнэ. Уг түшмэл ийнхүү албаны нөлөөг урвуулан ашигласны хариуд давуу байдал, мөнгө авсан бол авлигын хэрэгт мөн шийтгүүлнэ.

Гадаад улсын албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглавал Монгол Улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эдгээр байгууллагын албан тушаалтныг хахуульдсан тохиолдолд өгсөн, авсан хоёуланг эрүүгийн хариуцлагад татна.

Хээл хахууль авах гэмт хэргийн субьект болох этгээдийг, түүнчлэн энгийн болон тусгай бүрэлдэхүүнийг тодорхой зааглаж өгсөн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар гагцхүү хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөний хариуд бусдаас хахууль авах нь гэмт хэрэг байсан бол хэм хэмжээг зөрчилгүй, албан үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлсэн хэдий ч тухайн этгээдээс мөнгө, бусад давуу байдал авсан бол хахуулийн гэмт хэрэгт тооцох болсон. Түүнчлэн энэ гэмт хэргийн субьект нь нийтийн албан тушаалтнаас гадна хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр үүрэг хүлээсэн хүн байж болохоор тодорхой болголоо.

... Хахууль авах, өгөхөөс гадна өгөхийг шаардсан, хахууль өгөх саналыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл хахууль өгөхийг санал болгосон, амласан зэрэг үйлдэл хийснээр гэмт хэрэг төгс үйлдэгдсэн байхаар хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгосон ...

Ямар тохиолдолд хээл хахууль өгсөн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шалгуурыг тодорхой болгосон.  Үүнд төрийн албан хаагчийн хууль ёсны дагуу албан үүргээ гүйцэтгэж үзүүлэх байсан төрийн үйлчилгээг хясан боогдуулсны улмаас, аргагүй байдалд хахууль өгч авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө. Харин хахууль авагчийг хууль бус үйлдэл хийлгэхээр хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй. Энэ тохиолдолд хахууль өгсөн хүн эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх үндэслэл болохоор болно.