Энхтуул.Б 2016.02.26 | Сайт: Vip76.mn

80 мянган хүүхэд "цэцэрлэг"-т хамрагдах боломжтой боллоо

80 мянган хүүхэд "цэцэрлэг"-т хамрагдах боломжтой боллоо

Хуулийн нэр: Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль

Өргөн баригдсан он, сар өдөр: 2014.10.31

Батлагдсан он сар өдөр: 2015. 07.02

Хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн: 2016. 01.01

Хуулийн зүйл, заалт: 8 бүлэг 17 зүйлтэй

Монгол Улсад цэцэрлэгийн хүрэлцээ муутайгаас 80 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Харах хүнгүйгээс болоод сар бүр 15-17 хүүхэд амь насаа алдаж байна. Энэ хоёр тоог харахад л дорвитой арга хэмжээ цаг алдалгүй авах болсныг төр, олон нийтэд сануулж байна. Тийм ч учраас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг ОУ-ын туршлага, хууль, дүрмийг  судлан  боловсруулж, батлаад байна. Энэ хууль цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхэд, тэдний эцэг эх, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нарт хамаарна.

15 хүүхдийн амь нас аврагдана

Хүүхэд харах үйлчилгээнд 2-6 насны хүүхдүүд хамрагдаж байна. Хууль хэрэгжсэнээр 56 мянган хүүхдийн эрх ашгийг хамгаална гэж үзжээ. Манай улсын тав хүртэлх насны хүүхдийн  8 хувь нь гэртээ ганцаараа цоожлогддог, 10 хүртэл насны хүүхэд дүүгээ хардаг гэсэн судалгаа бий.

Хууль хэрэгжсэнээр 56 мянган хүүхдийн эрх ашгийг хамгаална гэж үзжээ

Мөн осол гэмтэлд өртсөн хүүхдүүдийн 60 гаруй хувь нь гэртээ унаж, түлэгдэж, гэмтсэн байдаг. Харин хууль батлагдсанаар харах хүнгүйгээс сар бүр хорвоог орхиж буй 15 хүүхдийн амь насыг аврах боломж бүрдэж байна. Хүүхэд харах үйлчилгээг стандартын дагуу эрхэлснээр хүүхэд эрүүл, аюулгүй орчинд эсэн мэнд өсөж торних эрх нь хангагдах юм.

Хуульд хүүхдийн эрх, эрүүл мэндийг хамгаалах талаар зүйл заалтыг тусгаж өгчээ. Тухайлбал, хүүхдийг харах хүнгүй орхих, 60 минутаас илүү хугацаагаар зурагт үзүүлэх, цахим хэрэгсэл, компьютер хэрэглүүлэх зэргийг  хориглоно, мөн хүүхдийг зориулалтын байранд аюулгүй нөхцөлд харах ёстой гэж заажээ.  Хуулиар нэг хүүхдэд улсаас сар бүр 116 мянган төгрөг төсөвлөж, хүүхэд харах үйлчилгээний байранд нэг хүүхдэд ногдох талбайг хоёр метр байхаар заасан байна.

Эцэг эхчүүд санаа амар ажилдаа явж болно

Жил бүрийн намар хүүхдээ цэцэрлэгт өгөхийг хүссэн хүмүүс харьяа цэцэрлэгийнхээ гадаа бүртгүүлэхийн тулд 2-3 хонох нь  хэвийн үзэгдэл болсон. Харин  цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхэд гэртээ цоожлуулж эсвэл эцэг эхийнх нь хэн нэгэн нь хүүхдээ харж үлддэг.

Хэрэв цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулъя гэвэл 20-30 жилийн хугацаанд 653 тэрбум  төгрөг зарцуулах тооцоог холбогдох газраас гаргажээ. Харин хүүхэд харах үйлчилгээний тухай хуультай болсноор эцэг эхчүүд найдвартай хүнд хүүхдээ даатган үлдээж тухайн хүнтэйгээ тохиролцсоны үндсэн дээр 12 цагаас илүүгүй хугацаанд хүүхдээ харуулж болно. Эцэг эхчүүд камер байрлуулж, хүүхдээ ажиглах  боломж ч бий.

Хүүхэд харах үйлчилгээний зардлыг улсаас дааснаар эцэг эхээс сард 50-60 мянган төгрөгийн зардал л гарна. Энэ бол эцэг эхчүүдийн хувьд бага зардлаар найдвартай хүнд хүүхдээ харуулж санаа амар ажлаа хийх боломж юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр уг үйлчилгээнд хамруулж болно гэж заасан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүд ч ажил эрхлэх боломжтой болж байна. Гол нь энэхүү үйлчилгээ найдвартай байхад холбогдох албаныхан тогтмол анхаарч, хяналт тавих нь зүйтэй болов уу.

10 мянган иргэн ажлын байртай болох боломж

Энэ хуулийн давуу талыг хүртэх өөр нэг хэсэг нь хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид юм. Хүүхэд харах үйлчилгээг явуулж эхэлснээр 30 мянган иргэнд ажлын байр хайх боломж олдож, 10 мянган иргэн ажлын байртай болно. Хүүхэд харах хүн нь 18-65 насны Монгол Улсын иргэн байх бөгөөд хүүхэд харах сургалтад хамрагдаж сертификат авах ёстой. Нэг хүн таван хүүхэд харж болно. Харин хүүхэд харах төвийн хувьд гурван хүн нийлж 15 хүүхэд харж болохоор тусгажээ.

Хэрэв хүсвэл өөрийн хүүхдээ харахаас гадна айлын дөрвөн хүүхдийг ч давхар харж, эцэг эхтэй нь цалингаа  тохиролцох боломжтой

Хэрэв хүсвэл өөрийн хүүхдээ харахаас гадна айлын дөрвөн хүүхдийг ч давхар харж, эцэг эхтэй нь цалингаа  тохиролцох боломжтой. Хамгийн гол нь хүүхэд харах үйлчилгээ явуулах байрыг иргэн өөрөө тохижуулах бөгөөд өөрийн гэртээ хүүхэд харах үйлчилгээ явууллаа гэхэд гэрийн тодорхой хэсгээ тус үйлчилгээнд зориулан тусгайлан тохижуулах ёстой юм.

 Хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангахаар хэлэлцүүлэг өрнүүлж, сургалт семинар явуулж эхлээд байна. Одоогоор хүүхэд харах үйлчилгээг явуулахаар 2000 гаруй иргэн хүсэлтээ илгээжээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.