Бакей.А 2016.02.29 | Сонин: Зууны мэдээ

Мандатын тоог сонгууль ойртуулж байж тогтооно

Мандатын тоог сонгууль ойртуулж байж тогтооно
УИХ–ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей

УИХ–ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй ярилцлаа.

–Сонгуулийн тухай хууль батлагдсаны дараа холбогдох зүйл заалтаар нь Улсын Дээд шүүх болон Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбар гаргах ёстой. Энэ тайлбарыг хэдийгээр гаргах вэ?

2-29-2–Сонгуулийн тухай хуулиар тайлбар гэхээсээ илүү холбогдох заавар, журам, аргачлал гарах ёстой. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийн тодорхой хэсгүүдэд заасан байгаа асуудлаар СЕХ аргачлал, заавар гаргана гэсэн байгаа. Энэ дагуу СЕХ заавар, зөвлөгөөг гаргаж, мөрдүүлэх ёстой. СЕХ Сонгуулийн тухай хуулийн хүрээнд УИХ болоод аймаг, нийслэлийн ИТХ–ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг гаргасан. Эхнээсээ хуваарийн дагуу ажлуудыг хийгээд явж байна. Тухайлбал, санал авах өдөр тогтоох ажиллагаа ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-аас доошгүй хоногийн өмнө тогтооно гэсэн заалт бий.

Үүнийг 2016 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө УИХ тогтоол гаргаж, УИХ болон аймаг нийслэлийн ИТХ–ын сонгуулийн санал авах өдрийг 2016 оны зургадугаар сарын 29-нд тогтоосон. Мөн сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоог тогтоох үйл ажиллагаа байгаа. Энэ нь УИХ–ын сонгуулийн хувьд сонгуулийн тойргийг санал авахаас 150-аас доошгүй хоногийн өмнө тойргийн, нутаг дэвсгэрт дугаар, төв, мандатын тоог тогтооно гэсний дагуу УИХ тойргийн нутаг дэвсгэр, тойргийн төв, мандатын тоог тогтоосон. Мөн аймаг, нийслэлийн ИТХ–ын сонгуулийн тойргийг санал авахаас 150-аас доошгүй хоногийн өмнө тогтооно гэсэн хууваарийн дагуу тогтоосон. Харин мандатын тоо нь ялгаатай байна. Мандатын тоог сонгууль ойртуулж байж тогтооно.

–Тэгвэл хуваарийн дагуу сонгуулийн хэсгийг зохион байгуулах ажлыг хэзээ хийж дуусгах бол?

–Сонгуулийн хэсэг зохион байгуулах гэсэн ажил байгаа. Энэ нь сонгуулийн санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн тэргүүлэгчид, улсын бүртгэл асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзаж, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-оос доошгүй хоногийн өмнө байгуулна хэмээн заасан байгаа. Хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах юм. Энэ ажлыг гуравдугаар сарын 1-нээс өмнө хийх ёстой. Үүнийг СЕХ болон аймгийн ИТХ–ын саналыг авч өнөө маргаашгүй шийдвэр гаргана гэсэн үг. Энэ мэт хуваарийн дагуу ажлууд хугацаандаа явж байгаа.

–Нэр бүхий иргэн Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Хэрэв Цэц Үндсэн хууль зөрсөн гэх шийдвэрийг гаргавал Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой гэж ойлгож болох уу. Учир нь Сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэх заалтыг орхигдуулсан байгаа шүү дээ?

–Энэ талаар олон удаа тайлбар хийсэн. Сонгуулийн тухай хуульд тэр заалт байсан байгаагүй 2003 онд УИХ–ын 40 дүгээр тогтоолоор баталсан хөтөлбөр бий. Тодруулбал, Монгол Улсад хүний эрхийг хангах хөтөлбөрийн хавсралтын хоёрдугаар заалтад ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон байдаг. Нөгөө талаар УИХ Хуулийн тухай хуулийг баталсан. Хууль хоёрдугаар сараас мөрдөгдөж эхэлнэ. Энэ хуулиар УИХ–д өргөн мэдүүлэгдэж байгаа аливаа хууль, тогтоомжийн төсөлд маш өндөр шаардлага тавьж байгаа. Нэгэнт батлагдсан хууль тэр тусмаа Сонгуулийн тухай хууль шиг том хуулиудад ойр ойрхон өөрчлөлт оруулах асуудал хаагдаж байгаа юм.

Гэхдээ үнэхээр Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад, түүнийг нь Цэц хэлэлцээд зөрчсөн гэж үзвэл мэдээж УИХ авч хэлэлцэхээс өөр аргагүй. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн зүйл заалт Сонгуулийн тухай хуульд ороогүй гэж бодож байна. Учир нь 2011, 2012 онд батлагдсан Монгол Улсын УИХ, Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг улам боловсронгуй болгож баталсан тул ийм асуудал гарахгүй байх.

–Сонгуулийн тухай хуулийн дөрөвдүгээр дэд бүлэгт сонгуулийн дүнг гаргах, хэрхэн суудал хуваарилахыг тусгасан. Ингэхдээ “А”, “Б”, “Г” жагсаалт гаргана гэж байгаа. Сонгогчид төдийгүй нэр дэвшигчдийн хувьд энэ жагсаалт ойлгомжгүй байна. Таны ахалсан ажлын хэсэг дээр энэ жагсаалтыг хэрхэн тайлбарлаж ярилцсан бол?

–Хялбаршуулсан дүрэм, журмыг СЕХ гаргах ёстой. Энэ нь 2012 онд явуулсан УИХ–ын сонгуультай адилхан. Үүнд ямар нэг өөрчлөлт ороогүй. Ойлгомжгүй зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, тойрог дээр нэр дэвшсэн 48 нэр дэвшигч тухайн тойргийн мандатын тоогоор хамгийн олон санал авсан мандатын тоонд багтаж байгаа хүнийг шууд сонгогдсонд тооцно. Хувь тэнцүүлсэн хэлбэрээр буюу намын жагсаалтаар дэвшигчдийн хувьд улсын хэмжээнд тухайн намд сонгогчид ямар хэмжээтэй санал өгснийг нийлбэр дүнгээр нь гаргана. Ингээд тухайн нам хэдэн хувийн санал авсан гэдгийг тооцох юм. Гаргасан хувь хэмжээтэй хувь тэнцүүлж эргээд тухайн намд 28-аасаа санал хуваарилах юм.

Тухайлбал, АН–ыг дэмжинэ гэж нийт сонгогчдын 35 хувь нь санал өгсөн байна гэвэл 28-ын 35 хувь нь хэд байна гэж тооцож, түүнд оногдсон суудлаа хуваарилна гэсэн үг. Тооны үлдэгдэл хуваарилагдах зарим тохиолдолд дахин хуваарилах асуудал байгаа. Тэр нь босго давсан нөхцлөөр харгалзах юм. Өөр асуудал байхгүй. Үүнээс гадна УИХ–д нэр дэвшихээр саналаа илэрхийлэх хугацаа тавдугаар сарын 5-наас эхлэх юм. Энэ үеэс эхлэн холбогдох дүрэм, журмыг гаргасан байх ёстой.

–Хаврын чуулганаар хэд хэдэн чухал хуулийн төсөл хэлэлцэхээр байгаа. Таны хувьд ямар хуулиуд дээр анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байна?

–УИХ–ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан. Цаг хугацааны хувьд хаврын чуулган дөрөвдүгээр сард эхлээд тавдугаар сарын 5-н хүртэл хуралдах байх. Үүнээс хойш сонгуулийн кампанит ажил хуваарийн дагуу эрчимтэй явна. Ийм богино хугацаанд олон асуудал шийдэж чадахгүй. Гэхдээ хуулиар тогтоосон асуудлууд бий. Тухайлбал, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл зэргийг зайлшгүй шийдэх хэрэгтэй.

Үүний зэрэгцээ өнгөрсөн чуулганы төгсгөлд анхны хэлэлцүүлгийг нь хийсэн Төрийн албаны тухай зэрэг хуулиуд байгаа. Эдгээр хуулийг хэлэлцэх ёстой. Мөн өнгөрсөн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч амжаагүй төр болон хуулийн байгууллагуудын шинэчлэл, үйл ажиллагаатай холбоотой хуулийг зайлшгүй хэлэлцэж батлах ёстой.