Америк сурагчид Монгол Улсыг төлөөлнө
2016.02.29

Америк сурагчид Монгол Улсыг төлөөлнө

АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрладаг Монголын Элчин сайдын яам 2015-2016 онд америк сурагчдад Монголын соёлыг таниулах тусгай хөтөлбөрийн хүрээнд Вашингтоны “McKinley STEM” дунд сургуулийн зургадугаар ангийн сурагчдын дунд хичээл зааж байна.

АНУ дахь Дипломат албаны Дээд сургуулийн багш М.Саруул-Эрдэнэ Монголын түүх, соёл, бичиг үсэг зааж байна. Түүнчлэн тэр америк сурагчдад Алунгоо эхийн домог ярьж, америк эрдэмтдийн нэрийг монгол бичгээр бичиж өгчээ. 

Харин АНУ-д ажиллаж, амьдардаг зураач Н.Ганхуяг буддизмын урлаг, соёлын талаар ярьж, цамын бүжгийн утга учрыг тайлбарлажээ.

Дээрх хөтөлбөр энэ оны зургадугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд Элчин сайдын яамнаас мэргэжлийн зураачид, урлагийн сургуулийн оюутнуудыг урьж америк хүүхдүүдэд монгол бүжиг болон бусад олон чиглэлээр хичээл заах юм байна.

Хөтөлбөрийн төгсгөлд хүүхдүүд сурсан мэдсэнээрээ “Model UN” нэртэй НҮБ-ын арга хэмжээний үеэр Монголыг төлөөлнө.