Батлан хамгаалах яамныхан 10 тэрбум төгрөг төдотгож өгөхийг хүсэв
Батлан хамгаалах яамныхан 10 тэрбум төгрөг төдотгож өгөхийг хүсэв
2016.02.29

Батлан хамгаалах яамныхан 10 тэрбум төгрөг төдотгож өгөхийг хүсэв

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, УИХ-ын гишүүн Л.Болд, С.Оюун болон тус байнгын хорооны ажлын албаныхан Батлан хамгаалах яаманд ажилласан. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон салбарын бодлого, үйл ажиллагааг гишүүдэд танилцуулж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэв. Батлан хамгаалахын сайд УИХ-аар батлагдсан хуулийн төслийн талаар танилцуулж, "Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгааг дурдав.

Энэ жил тус салбараас 300 гаруй цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн боловч төсвийн хүндрэлээс үүдээд тэтгэвэр, тэтгэмжийг нь олгох боломжгүй байгааг ярьсан юм. Мөн гадаадад суралцаж байгаа сонсогч оюутнуудынхаа орон байрны зардал, цалинг нь ч өгч чадахгүйд хүрчээ. Иймээс төсвийн тодотголоор 10 орчим тэрбум төгрөг суулгаж өгвөл асуудал шийдэгдэнэ гэж Батлан хамгаалах яамны удирдлагууд гишүүдэд хандлаа.

Байнгын хорооны дарга М.Сономпил "Энэ салбарын сайдаар ажиллаж байсны хувьд Л.Болд гишүүн бид хоёр та бүхний санал хүсэлтийг маш сайн ойлгож байна. С.Оюун гишүүн ч гэсэн батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлд идэвхтэй оролцож байгаагийн хувьд ирж ажиллалаа. Батлан хамгаалахын багц хуулийн төслийг манай байнгын хорооны гишүүд дэмжиж ажиллана" хэмээн уулзалтын төгсгөлд онцлов.