Су:Батболд: Хурдан хүлэг сойх чинь эрийн хийморь шүү дээ
2011.07.06

Су:Батболд: Хурдан хүлэг сойх чинь эрийн хийморь шүү дээ

Монголчууд адууны тоосонд эр хүний хийморь сэргэдэг хэмээн бэлэгшээдэг. Хүүхэд байхаасаа ташуур унаж, шагайгаар морь уралдуулан тоглож өсдөг ард түмэн. 1990 оноос өтнө зөвхөн малчин ард л морь уядаг байсан бол сүүлийн 20-иод жилд улс төр, бизнесийн салбарынхан моринд дурлах болсон. Тийм ч учраас хурдан морьд үнэд орсон гэж хэлж болно. Монголд хамгийн анх хурдан морь  өндөр үнээр худалдаж авсан хүн бол Төв аймгийн Баянбараат сумын харъяат манлай уяач Дорнойн Сундуй гуай. Тэрбээр 1970 оны эхэн үед Хэнтий аймгаас алдарт хүрэн азаргаа 6000 төгрөгөөр худалдан авч байжээ. Түүний уяачийн эрдмийг үр хүүхдүүд нь өвлөн нэг гал болон өдгөө улс бүсийн наадамд морьд нь  айраг, түрүүнд ирж байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Су.Батболд. Долоон наснаасаа хурдан морь унаж улсад айрагдаж явсан түүний морьд сүүлийн жилүүдэд сайн хурдалж байгаа. VIР булангийнхаа энэ удаагийн зочноор эрхэт гишүүнийг урьж, хурдан морины талаар яриа өрнүүлсэн юм.

-Хэдхэн хоногийн дараа наадам боллоо. Уяан дээгүүрээ очиж байна уу. Хэд дэх жилдээ морь уяж байна?


-Ажил гэсээр байгаад зав гарахгүй болохоор хааяа л очдог. Би долоон настайгаасаа эхлэн хурдны морь унасан. Миний аав Монголын анхны алдарт, манлай уяач  Дорнойн Сундуй гэж хүн байлаа. Аавыг ард түмэн мэднэ. Харин би морь уяад уяан дээр сууж чадахгүй л явна. Тийм зав ч алга. Гэхдээ ааваас хойш ах дүү нартайгаа нийлж гал болоод морь сойж байгаа. Дунд сунгаа өнгөрсний дараа улс, бүсийн наадамд уралдуулах морьдоо сонгоно. Зарим нэгийг нь тавьж ч магадгүй. Хурдан хүлэг сойх чинь эрийн хийморь шүү дээ. Манайх нэгдлийн адуутай байсан учраас би адууны тоосонд хүн болсон. Хааяа бага нас, адуу малаа санах юм. Ааваасаа хойш өөрийнхөө нэрээр морь уралдуулж байна. Нутаг орноороо явах ч сайхан шүү.

-Таны бага нас Төв аймгийн аль суманд өнгөрсөн бэ?

Би аймгийн төвд төрсөн. Сэргэлэн сумын Гүнбүрд, Номун далай, Долоон гэж Монголын хурд цуглаж хамгийн том сунгаан болдог газар бага нас минь өнгөрсөн. Хурдан морь таван жил унасан..Түүнээс хойш 18 нас хүртлээ аавд туслах уяачийн үүргийг гүйцэтгэдэг байлаа. Аав улсын наадмаас хоёр түрүү, хоёр аман хүзүү, арав гаруй айраг авч байсан. Миний хувьд 1976 онд унасан морио улсад айрагдуулж Ю.Цэдэнбал даргаас бэлэг авч байлаа.

-Тэр үед улсын наадамд морь айрагдуулсан хүүхдэд бай шагналд юу өгдөг байв?

-Янз бүр. Хүүхдийн тоглоом, чихэр өгнө. Юм ховор байсан болоод тэр үү, их нандин бэлэг шиг санагддаг байлаа. Мөн Монголд суугаа гадаадын Элчин сайдууд бэлэг өгнө. Морио айрагдуулсан байхад Төв цэнгэлдэхээс шуудай бэлэгтэй л гарна даа. Нэг зүйлийг хэлэхэд дандаа шинэ мөнгө шагналд өгдөг байлаа. Харин намайг морь унахаа больсноос хойш "Хүүхдийн төлөө фонд"-оос медаль өгдөг болсон.Сүүлийн үед морины бай шагналын хүртээмж бага болсон. Зөвхөн эхний хэдэн моринд  их мөнгө өгөөд дундуур давхисан морийг байлахгүй байна. Гэтэл уяач, унаач хүүхэд бүгд адилхан хөдөлмөрлөдөг. Өмнө нь морьдын 60 хувийг байлдаг байсан. Одоо 30 хувь болсон. Цаана нь маш олон хүний хөдөлмөр байгааг бодох хэрэгтэй. Мөн зарим уралдаан түрүү моринд хэмжээгүй том шагнал өгөөд бусдыг нь хоосон хаядаг. Түрүүлсэн нь "жийп" машин авч байхад аман хүзүүдсэн морь мотоцикл ч үгүй. Ийм харьцангуй байж болохгүй л дээ.

-Олон наадамд уралддаг байсан уу?

-Тэр үед наадам цөөхөн болно. Манай аймаг ч наадамд хийдэггүй байсан. Жилдээ улсын наадамд л ганц уралдана. даа. Өвөл жижиг уралдаан ганц нэг болно.

-Танай уяанд аль зүгийн морьд олон байна. Хурдан морь худалдан авч байна уу?

-Аавыг хамгийн анх адууг үнэд оруулсан хүн гэж уяачид ярьдаг.1970-аад оны эхээр Хэнтий аймгаас хүрэн азаргаа 6000 төгрөгөөр авч байсан. Тэр үед 6000 төгрөгөөр адуу авч байсан хүн байхгүй. Хүрэн азарга улсад нэг түрүүлж, гурван удаа айрагдсан. Үр төл нь сайн давхиж манай угшлыг бий болгосон доо. Мөн 1990-ээд оны эхээр ах, аав хоёр Сүхбаатар аймгаас адуу авчирч байсан. Одоо манай адуунд Дорноговь, Сүхбаатар, Хэнтий гээд олон газрын хурд бий. Миний хувьд анх 1997 онд хүрэн үрээ худалдаж. авсан. Дааган наснаасаа хойш томоохон наадмаас арав гаруй айраг түрүү авсан, хавчиг азаргаа одоо ч уяж байгаа.

-Аль аймгийн хэн гэдэг уяачаас авсан юм бэ?

-Дорнод аймгаас авсан. Хүрэн азарганы эзэн уяач байгаагүй юм аа.

-Та улсын наадмаас айраг авч байв уу?

-Ааваас хойш аймаг бүсийн наадмаас олон айраг түрүү авсан. Одоо улсын наадмаас л авах зорилготой явна. Ер нь улсын наадмын босго өндөр болсон байна шүү. Гэхдээ эрлийз адууг тусад нь уралдуулахаар монгол адуутай надад боломж нээгдэж байна гэсэн үг.

-Танд эрлийз адуу бий биз дээ?

-Ганц хоёр гүү айлд тавьсан. Англи, монголын эрлийз азарган үрээ ч байна. Ер нь монгол адууг араб адууны цустай холих нь сайн талтай. Монгол адуу тэвчээртэй, холын зайд уралдах чадвартай ч хурдны үүлдэр биш. Харин одоо араб адуутай холих юм бол хатуужил тэвчээр сайтай хурд гарч ирнэ. Гэхдээ энэ ажлыг удмын карт хөтлөх ч юм уу шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах ёстой. Одоо улсын наадамд айрагдаад байгаа адууны олонхид нь ямар нэг байдлаар гадны цус орсон байдаг. Жаргалант, тойруулга гэдэг чинь гадны цус шүү дээ.

-Морьдоо хөтлөөд зорьж очсон хамгийн хол наадам таны хаана болж байв?

-Морио хөтлөөд хээр хоёр хоноод л улсын наадамд ирдэг байлаа. 10-ны өглөө Буянт-Ухаад ирж Туул голоос морио услаад зогсож байх сайхан шүү. Энд тэндгүй гоё гоё эрээн асар майхан зоочихсон алаглаж харагдаад л. Одоо бол машин тэрэг сүлжилдээд тоосон дунд хэн хаана яваа нь мэдэгдэхгүй болсон. Тийм учраас би хүүхэд насныхаа наадмыг их санадаг. Манайхны их сунгаа гэж 7-нд Долоон гэдэг газар болно. Тэнд эхний аравт ирсэн мориноос гурав нь улсын наадамд заавал айрагдана шүү. Улсын наадмын өнгийг тодорхойлно гэхээр их том сунгаа байсан байгаа биз. Харин сүүлийн үед морио ачаад аль ч аймгийн наадамд очиж болдог болсон.

-Та сүүлийн үед морь хэр унаж байна. Зундаа хэд хоног амарна биз дээ?

-Сүүлийн хэдэн жил УИХ бараг завсарлаж чадахгүй байна. Гэхдээ жил бүр хөдөө гарч гэр бариад хэд хоног сайхан амардаг. Гүүгээ барина унагаа номхруулна. Тэр үедээ морь унаад уул хадаар явна.

-Хааяа буу үүрч явна биз?

-Үгүй ээ. Залуу байхад найз нөхөдтэйгөө дарвиад чононд явдаг байсан. Одоо бол амьтан алаад байх нь сайн зүйл биш. Монголчууд нэг хэсэг бүгд буу бариад байгаль руугаа дайрсан, хариуд нь экологийн маш хүнд асуудлуудтай тулгарч байна. Тэгээд ч эх орон минь ан амьтангүй болох нь.Үлдсэн хэдэн чоноо "жийп"-ээр хөөж алсаар байгаад дуусгалаа. Тийм л буудах хообийтой юм бол бай буудахгүй юу, сайхан шүү дээ.

-Та хэр бууддаг вэ?

-Намайг ахлах ангид байхад цэрэгжилтийн хичээлээр "АКМ" буугаар буудуулдаг байсан. Тийм болохоор сайн буудна. Тавантолгойн сургалтын баазад очоод ямар ч буугаар буудахад бусдаас илүү ононо шүү.

-Цэрэгт явсан уу?

-Үгүй ээ. Гэхдээ биднийг оюутан байхад бэлтгэл офицероор бэлтгэж байсан. Би чинь танкын ангид байлаа. 1980 оны сүүлчээр энэ ажил зогсож оюутнуудыг бэлтгэхээ больсон.

-Ярианы сэдэв маань нэлээд хазайгаад явчихлаа. Аав тань Сэргэлэн сумын адуу бригадын дарга байсан гэл үү. Олон гүү уяна биз?

-Хоёр азарга адуутай, 30 гаруй гүү уядаг байлаа. Бидний үеийн хүүхдүүд их ажилсаг байж дээ. Тавдугаар ангийн хүүхдүүд хэний ч оролцоогүй  нэгдлийн гүү бариад, айргаа бэлтгээд төлөвлөгөө биелүүлээд явдаг байсан. Өглөө нар гарахаас өмнө гүүгээ бариад өдөрт долоогоос найман удаа саагаад оройн нарнаар тавьдаг байлаа. Одоогийн 20 настай залуучууд ч үүнийг хийж чадахгүй байх.

-Таны аав эмээл хазаар гээд хатуу юм нэлээд цуглуулсан байх. Та юуг нь өвлөж үлдсэн бэ.

-Монгол эр хүн тохох эмээл, барих ташуур, сайхан хазаартай байх ёстой. Энэ л эр хүний чимэг. Надад сүүлийн үеийн мөнгөн эмээл хазаар бий. Аавын эдэлж хэрэглэж байсан зүйл ах дүү нарт байгаа. Аав ч их нямбай хүн байсан болохоор ховор эд бий шүү.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Арвуулаа. Би найм дахь нь.

-Гадаадын улс орноор явахдаа морины уралдаан үзнэ биз дээ?

-Үзэлгүй яах вэ. Мөн морины хэрэглэлийн дэлгүүрүүдээр ордог. Гадныхан бол яг малдаа тохируулсан эдлэл хийдэг. Манайхан ч тийм байсан. Харин одоо арьс ширээ боловсруулаад хазаар ногт хийдэг хүн алга. Монгол мал аж ахуйн орон гээд гадны нөхөр ирээд харах юм бол дандаа хятадын зүйлс хэрэглээд явж байна. Монголчууд чөдөр, ногт, чагт, хазаарын амгай гэх зэрэг бүх хэрэглэлээ стандартжуулах ёстой. Сур элдэж суугаа хүн ойрын хэдэн жил харсангүй.

-Морь сонирхоод явж байхад хурдан адуу хамгийн үнэтэйдээ хэд хүрч байна?

-Хурдан угшлын адуу бол тоймгүй үнэтэй байна гэсэн. Дандаа ажлаар явдаг болохоор нэг их зав гараад байдаггүй юм. Үнийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна.

-Сонгодог морин уралдаанд бооцоо тавьж байв уу?

-Үгүй ээ. Уг нь сонгодог морин уралдааныг Монголд хөгжүүлэх ёстой. Гэхдээ үндэсний уралдаанаас тусдаа. Гаднаас адуу авчирч байгаа хүмүүст хуулиар бооцоот уралдаан зохион байгуулахыг нь зөвшөөрөх хэрэгтэй. Манайд морин тойруулга барьж өгье гэсэн олон гадаад хүн бий. Хөгжүүлчихвэл улс орны эдийн засагт ч нэмэртэй.

-Сүүлийн үед улстөрчдийг морь уялаа гэж их шүүмжлэх юм. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Монголын хурдан морины уралдаан манай ард түмний үнэт өв. Бид монголоороо үлдэж, өвөг дээдсийнхээ буй болгосон өв соёлыг үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой юм бол монгол хүн бүр хувь нэмрээ оруулах учиртай. Тэр л үүднээс энэ асуудалд хандах хэрэгтэй дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.