Монголын залуу эрдэмтдийн холбоо 2016.02.29 | ХМА: Мэргэжлийн холбоо

Салбар дундын багуудаас л хамгийн том инновацийн багтаамжтай бүтээлүүд, шинжлэх ухааны ач холбогдолтой нээлтүүд гарч байна

Салбар дундын багуудаас л хамгийн том инновацийн багтаамжтай бүтээлүүд, шинжлэх ухааны ач холбогдолтой нээлтүүд гарч байна
Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан АШИМИЙН ЖАНБОЛАТ

Хүрэлтогоот-2015 эрдэм шинжилгээний бага хуралд "Хөдөө аж ахуй, биологийн ухааны салбар"-аас“Соронзон нано-жижиг хэсгийн синтезлэх шинж чанар болон молекул биологийн хэрэглээ” сэдэвт судалгааны бүтээлээрээ түрүүлэн  БСШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болсон Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан АШИМИЙН ЖАНБОЛАТ-ийг бид энэ удаагийн “Залуу Эрдэмтэн” булангийнхаа зочиноор урин ярилцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Та өөрийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу?

Сайн байна уу? Би 2013 онд Монгол Улсын Их Сургуулийг биотехнологич мэргэжилээр төгссөн бөгөөд их сургуулийн 4-р дамжаанд байхаас эхлэн сургуулийнхаа захиргаанд өргөдөл гарган МУИС дээрээ физик-электроникч мэргэжлээр давхар суралцаж эхэлсэн бөгөөд түүнийгээ энэ хичээлийн жилийн хавар төгсөхөөр завдаж байна. Хичээлийн хажуугаар Шинжлэх Ухааны Академийн Хими, Химийн Технологийн Хүрээлэнд уургийн биохимийн лабораторид эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж тус лабораторийн судлаачидийн хамтаар ургамал, амьтан болон микроорганизмын гаралтай уурагт түүхий эдүүдээс хүнсний болон, эмчилгээний зориулалттай уураг, пептид, дархлааны системийг дэмжигч биологийн идэвхит полисахарид зэргийг ялгаж авах, тэдгээрийг хромотографийн системүүдийг ашиглан цэвэршүүлэх, тэдгээрийн зарим шинж чанаруудыг тодорхойлох чиглэлээр судалгааны ажил хийж байна.

Таны судалгаа “Соронзон нано-жижиг хэсгийн синтез, шинж чанар болон молекул биологийн хэрэглээ”  хэмээх сэдэвтэй юм байна. Судалгааны ажлынхаа талаар дэлгэрэнгүй яривал?

Ер нь энэ судалгааны ажил их сонирхолтой байдлаар эхэлсэн. Судалгааны ажлийн маань удирдагч МУИС-ийн дэд проф. Намсрайн Жавхлантөгс багшид нэр бүхий судлаачид “Соронзон нано-жижиг хэсгийг” ашиглан биологийн аливаа дээжнээс геномын ДНХ-н молекулыг уламжлалт аргуудаас харьцангуй богино хугацаанд, цэврээр ялгаж авах боломжтой байдаг иймээс тэр молекулыг маш хямдаар гарган авах боломжтой юу гэсэн асуудлаар хандсан байдаг. Тэгээд Нанотехнологийн лабораторд энэ чиглэлээр судалгааны баг гарч туршилын ажлууд эхэлсэн.

Миний судалгааны ажил дээр дурьдагдаж байгаа энэхүү “Соронзон нано-жижиг хэсэг” нь сүүлийн жилүүдэд биологи, анагаах ухааны салбарт өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд шугаман хэмжээс нь нанометрээр хэмжигдэх учир жижиг хэмжээтэй, гадаргуугийн талбай ихтэй, гадны соронзон орны үйлчлэлийг ашиглан түүнийг хөдөлгөөнийг удирдаж, хянаж болдог мөн флуресцент молекулуудтай ковалент холбоогоор холбож өгснөөр эс түүний доторхи байршлыг хянах боломжтой ингэснээр эсийн доторх уургуудийн харилцан үйлчлэл, эмийн бодисын зөөвөрлөлт зэргийг хянах боломжийг бүрдүүлдэг онцлогтой. Энэ төрлийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр аль хэдийн оношилгоо шингээний зориулалтаар худалдаалагдаад эхэлчихсэн байгаа боловч үнэ нь харьцангуй өндөр байгаа учир дотооддоо үйлдвэрлэх технологийг боловсруулахийг зорьсон. Бид соронзон нано-жижиг хэсгүүдийг удирдлагатайгаар нийлэгжүүлж гадаргууг нь химийн модификацид оруулан өвөрмөц лиганд молекулуудыг ашиглан ДНХ, РНХ, болон тодорхой уургуудтай өвөрмөцөөр холбогдох чадвартай “Соронзон нано-жижиг хэсэг” бүхий бүтээгдэхүүнийг цаашид  молекул биологийн салбаруудад хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

Та судалгааныхаа баг хамт олныхоо талаар ерөнхийд нь танилцуулахгүй юу?

Орчин үед аливаа судалгааны ажлыг ганцаар бие дааж хийх тэр бүү хэл биологи, анагаах ухаан эсвэл химийн гэх мэт судалгааны тухайн нэг салбарт эрдэм шинжилгээний ажил хийнэ гэдэг өрөөсгөл ойлголт болж байна. Одоо томоохон судалгааны ажилууд бүгд салбар дундын хүчирхэг судалгааны багуудаас гарч байна. Өөрөөр хэлбэл; Химич, Биологич, Анагаах ухааныхан, Математикч, Физикчид, инженер-электроникидээс бүрдсэн онол болон туршилтын ажлийг хослуулан хийдэг салбар дундын багуудаас л хамгийн том инновацийн багтаамжтай бүтээлүүд, шинжлэх ухааны ач холбогдолтой нээлтүүд гарч байна.

Бидний судалгааны ажил ч гэсэн ийм тактикаар дотоодын их сургуулиуд болон хүрээлэнгүүдийн хоорондын хамтын ажиллагаан дээр бий болсон салбар дундын судалгаа юм. МУИС-н Нанотехнологийн лабораторд “Соронзон нано-жижиг хэсгийг” гарган авах технологийг боловсруулсан боловч түүнийг ашиглан геномын ДНХ, РНХ зэрэг молекулыг ялгах баталгаажуулах туршилтуудийг Мал эмнэлэгийн хүрээлэнгийн вирус судлалын лабораторийн материаллаг бааз, молекул биологийн багаж тоног төхөөрөмжүүдэд суурилан хийсэн. Жижиг хэсгийн шинж чанар, характеристикийн судалгааг хийхэд ШУТИС болон ШУА-ийн ХХТХүрээлэнгийн лабораторийн материаллаг баазуудад суурилсан хамтарсан судалгааны ажил юм.

Иймээс энэхүү судалгааны ажилд гүн туслалцаа үзүүлсэн МУИС-н Нанотехнологийн лабораторийн хамт болон МЭХ-ийн Вирус судлалын лаборторийн хамт олон, мөн ШУА, ХХТХ-ийн лабораторийн нийт хамт олондоо талархал илэрхийлж байна.

Таны судалгааны ажлын практик ач холбогдол нь юунд оршиж байна?

Энэ судалгааны ажын үр дүн нь түүний практик ач холбогдолд оршиж байгаа юм. Учир нь одоо захын л нэг шинжилгээ хийдэг хувийн  өмчит эмнэлэгээс эхлээд бүхий л их сургууль, хүрээлэнгүүдэд өдөр бүр нэгэн зэрэг янз бүрийн эх зорилгоор нуклейн хүчил ялган авч судалж, шинжилж оношилж байгаа боловч ашиглагдах бүхий л урвалж, техникийг импортоор хэрэглэж байна. Бид энэ ажлын хүрээнд тэдгээрийг орлох бүтээгдэхүүнийг боловсруулан хэрэглээнд нэвтрүүлэх болмжтой гэж үзэж байна.

Орчин үед нано-технологийг байгалийн шинжлэх ухаанаас гадна ус судлал, биологи, хүнс, анагаах ухаан зэрэг салбаруудад идэвхитэй судалж, хэрэглээнд оруулж ирж байна. Монголд ер нь энэхүү технологийн хөгжил ямар шатандаа явж байна?

Нанотехнологи гэдэг бол Физик юмуу математик гэсэн тусдаа бие даасан шинжлэх ухаан биш юм. Нанотехнологи бол байгалийн шинжлэх ухаан болон технологи-инженерчлэлийн салбаруудын уулзвар дээр бий болсон хэрэглээний асар их багтаамжтай, хүчирхэг инноватив потенциалыг агуулсан салбар дундын чиглэл хэмээн үзэж болох байх.

Монгол орны хувьд бараг бүхий л судалгаа эрдэм шинжилгэний хүрээлэн, их сургуулиудын лабораториудад нано түвшний судалгааны ажлууд тодорхой шатуудаар хийгдэж байгаа гэхэд болно. Олон улсын хэмжээнд нанотехнологийн салбар улам хөгжих нанобиотехнологи, наноэлектроник гэх зэргээр улам нарийсаж байна иймээс бид дотооддоо салбар дундын эрдэмтэдээс бүрдсэн судалгааны хүчирхэг баг бүрдүүлж чиглэсэн бодлоготойгоор тухайн салбаруудыг хөгжүүлэхгүй бол олон улсын жишигээс хоцрогдох нь дамжиггүй бизээ.

Судлаач хүний хувьд таны цаашдын зорилго юу вэ? Таны судалгааны ажил цаашид хэрхэн өргөжих, илүү судлагдах боломжтой вэ?

Цаашид судалгааны ажилуудаа улам гүнзгийрүүлэн байгалийн ухааны салбаруудад тулгамдаад байгаа онолын тулгуур асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах сонирхолтой байгаа.

Судалгааны ажил хийхэд тулгардаг саад бэрхшээлийг та хэрхэн даван туулдаг вэ?

Судалгааны ажил хийхэд нэн тэргүүнд тулгардаг асуудал бол материаллаг баазын бэрхшээл байх шиг санагддаг. Гэвч технологи-инженерчлэл хурдацтайгаар хөгжиж суурь судалгааны үр дүнгүүд шууд шинэ тоног төхөөрөмжүүд болон зах зээл дээр ар ардаасаа шинэчлэгдэн үйлдвэрлэгдэж байгаа учир манай орны хувьд бүх төрлийн нарийн тоног төхөөрөмж нэг хүрээлэн эсвэл нэг их сургууль дээр төвлөрөх боломж хомс байгаа. Иймээс манай дотоодын эрдэм шинжилгээний институтууд маань маш нарийн хамтын ажиллах шаардлагатай байна. Улмаар өндөр өртөгтэй зарим тоног төхөөрөмжүүдийг хамтран эзэмшиж, ашиглаж, хамтдаа судалгаа хийж эхлэх хэрэгтэй байх.

Судлаач хүн ямар зан чанар зайлшгүй эзэмшсэн байх ёстой гэж үздэг вэ?

Судлаач хүн бүрт өөрийн гэсэн онцлог байдаг байх. Аль ч салбарын судлаачдад  зайлшгүй байх ёстой нийтлэг чанар бол судлаачийн ёс зүй гэж үздэг.

Хүрэлтогоот-2015 ЭШБХ-д хуралд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Хүрэлтогоот-2015 эрдэм шинжилгээний бага хуралд “Хөдөө аж ахуй, биологийн ухааны салбарт” илтгэл тавьсан учир тус салбарын хурал дээр төрсөн сайхан сэтгэгдэл төрүүлсэн нэг зүйл бол 5 илтгэл явагдаад 20 минутын хугацаатай тухайн 5 илтгэлийн агуулгийн хүрээнд шүүгчид зөвлөгөө өгч, илтгэгч-үзэгчдийн хоорондын чөлөөт ярилцлага өрнүүлж байсан явдал юм.  Энэ нь надад төдийгүй хурлын бүх оролцогчдод их таалагдаж, сайхан сэтгэгдэл төрүүлж, залуу судлаачдад хүчтэй урам өгч байсан нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Хэрэв болдог бол үүнийг жил бүрийн Хүрэлтогоот ЭШБХ-д журам болгон заншвал зүгээр санагдсан.

Хүрэлтогоот-2016 ЭШБХ-д цаашид оролцох залуу эрдэмтэн судлаачдад хандаж таны хэлэх үг...

Хүрэлтогоотын ЭШБХ нь залуу судлаач бидэнд судалгааны арга барил, хамтын ажиллагаага хөгжүүлхэд ихээхэн ач холбогдолтой  санагдсан. Цаашдын хуралд оролцогчдод хандаж судалгааны ажлийн хэрэглээ, ач холбогдлоос түрүүлээд онолын үндэс, нарийн механизмыг илүү анхаарах хэрэгтэйг хэлмээр байна.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын судалгааны ажилд өндөр амжилт хүсье!