Бид хялбар амьдрах шунал, хүсэлд автаад байна
2016.03.01

Бид хялбар амьдрах шунал, хүсэлд автаад байна

Шихихутуг Хууль Зүйн дээд сургуулийн багш, хуульч, лектор Ц.Амарсанаа хуульч, лектор П.Баянбаатар нар энэ сарын хоёрдугаар сарын 26-нд 17 цагаас Тусгаар тогтнолын ордонд  оюутан залууст зориулж  "We Love our DREAM" (Бид мөрөөдөлдөө) хайртай лекц уншлаа.  

Залуу лектор Ц.Амарсанаа  нь Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахын сацуу “Үгээр урлахуй” хамтарсан бүтээл, “Эрин зууны Гэрэгэчүүд” номыг зохион хэвлүүлж  уншигч олонд хүргэж байжээ.

Тэр нийтдээ есөн жил багшилж байна. Орон нутгаар явж хүүхэд, залуучуудын дунд лекц уншдаг. Ялангуяа амьдралын хүнд хэцүү нөхцөлд байгаа хүмүүст лекц уншиж амьдралд гэрэл гэгээ, маргаашийн нар гэж байдаг гэдгийг ойлгуулахыг хичээдэг.

Лекц эхлэхээс өмнө түүнтэй хэдхэн хором ярилцсан юм.

Таны лекцийн зорилго юу вэ?

 “Бид мөрөөдөлдөө хайртай” энэ лекцээрээ нийгэм дэх аливаа бэрхшээлийг давж туулахад Монголын залуучууд, өсвөр үеийнхний хувьд юу хэрэгтэй талаар өгүүлэхийг зорьж байна. Хэрэв бид мөрөөдөлтэй л юм бол аливаа зүйлийг хар бараанаар харахаа больж мөрөөдөлдөө тууштай байгаасай гэсэндээ ийм лекцийг зохион байгуулж байна. Энд ирсэн хүмүүс өдөр тутмынхаа амьдралд анзаардаггүй тэр олон боломжийг олж харна.

Орчин үед зарим залуу хүн өлсөхөөрөө хулгай хийчихье, эсхүл өглөө сэрээд дарга болчихъё гэсэн бодолтой болсон юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл бид мөрөөдөл гэдэг тэр гэгээлэг зүйлийг биш, шуналын хүсэлд илүү анхаараад байх шиг. Өчнөөн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллаж байгаа ч залуучуудад хэрэгтэй, мөрөөдлөө яаж хэрэгжүүлэх вэ, амьдралдаа ямар чиг шугамыг барих вэ гэдэг талаар мэдээлэл бараг очихгүй байна. Магадгүй ийм учраас бид зөв мөрөөдлөө олох хэрэгтэй болов уу

Лекцийг нээж УИХ-ын гишүүн, хуульч, доктор Д.Лүндээжанцан үг хэлэв