Галсандорж.Д Галсандорж.Д 2016.03.01 | Сонин: Өдрийн сонин

Зэсийн үнэ 80 гаруй ам.доллараар нэмэгдлээ

Зэсийн үнэ 80 гаруй ам.доллараар нэмэгдлээ
Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, техникийн ухааны доктор Д.Галсандорж

Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, техникийн ухааны доктор Д.Галсандоржтой зэсийн үнэ болоод өнөөгийн төлөв байдлын талаар ярилцлаа.

-АНУ зэрэг зарим орнуудад зэсийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой үнийн өсөлт явагдаж байна гэсэн мэдээлэл байна. Ямар өсөлттэй байгаа юм бол. Манай улсын экспортод хэрхэн нөлөөлөх вэ?

-Лондонгийн металлын биржийн вэб сайтын өнөөдрийн үнийг харвал нэг тонн цэвэр зэсийн үнэ 4600 ам.доллар байгаа. Энэ бол өнгөрсөн оны арваннэг, арванхоёрдугаар сараас өссөн үзүүлэлт биш. Өнгөрсөн арваннэгдүгээр сард цэвэр зэсийн үнэ нэг тонн нь 4520 ам.доллар байсан. Одоо 4600 ам.доллар гараад 80 гаруй ам.доллараар нэмэгдчихлээ. Энэ нь өсөлт маягаар харагдаж байгаа боловч дорвитой өсөөгүй л байна. Монгол Улсын Их хурлаар баталсан 2016 оны төсөвт зэсийн үнийг 5200 ам.доллар байна гээд орлогоо төлөвлөчихсөн байгаа.

Гэхдээ зэсийн үнэ өсөхгүй. Яагаад гэвэл олон улсын хэмжээнд зэсийн зах зээл дээр илүүдэл байгаа. Дэлхийн зах зээлийн томоохон хэрэглэгч Хятад улс нийт зэсийн 40 гаруй хувийг хэрэглэдэг. Гэтэл энэ улсын эдийн засгийн өсөлт удааширсан. Мөн зэсийн салбарын худалдан авалт байхгүй болчихлоо. Нийлүүлэлт нэмэгдэж байгаа үзэгдэл ажиглагдаж байгаа нь Хятадад цагаан сараар үйлдвэрүүд нь бараг сар гаруй хугацаанд амраад одоо ажилдаа орж үйл ажиллагаа нь жигдэрч эхэлж байгаа. Иймээс ихэнх үйлдвэрүүд импортын хэрэгцээгээ худалдаж аваагүй. Одоо л худалдан авч эхэлж байна.

Тийм учраас нийлүүлэлт нэмэгдэж байгаа юм шиг ерөнхий дүр зураг ажиглагдаж байгаа юм. Зэсийн үнэ нефтийн үнээс шалтгаалан, нефтийн үнийг дагаж өсдөг. Нефтийн үнэ одоо уначихсан байгаа учраас зэсийн үнэ өсөхгүй байгаа. Зах зээлийн томоохон судлаачдын төсөөлж байгаагаар зэсийн үнэ 2016 ондоо 4600 ам.доллараас дээш өсөхгүй хандлагатай байх болов уу. Ирэх саруудад унах хандлага ч ажиглагдаж байна. Олон улсын шинжээчдийн хэлж байгаагаар зэсийн үнэ 2016, 2017 онд өсөх найдлага тун бага. Өсөлт 2018 оноос гарах болов уу. Оюу толгойн уурхай ч мөн энэ байдлаар төсөөлж байгаа.

-Европ, Америкийн орнуудад гарч буй өсөлт манайд хамааралгүй гэсэн үг үү?

-АНУ-ын зах зээлийн өсөлт мэдээж манайд нөлөөлөхгүй. Манай экспорт 100 хувь Хятадаас хамааралтай. Америкийн долларын ханш бага зэргийн савлагаатай болж өсч байгаа, төв банкны бодлогын хүүгийн бодлого дэлхийн улс төрийн байдал тодорхойгүй байгаа үйл явцтай уялдан багахан хэмжээний өсөлт байж болно. Гэхдээ Америкт бол зэсийн хэрэглээ буурах хандлагатай байгаа.

-Манай улс 2016 онд зэсийн үнийн өсөлт савлагаа, тогтвортой байдал ямар байх талаар та тодорхой ярихгүй юу?

-Би түрүүн хэлсэн. Худалдан авалт, зэсийн эрэлт өсөх үү, үгүй юу гэдэг нь Хятад улсаас шууд хамааралтай. Яагаад гэвэл экологи байгаль орчны асуудал, цахилгаан эрчим хүчний хэрэглээний асуудалтай уялдуулаад Хятадад зэсийн олон уурхай хаагдаж байна. Хоёрдугаарт, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байна. Өсөлтийг тогтвортой байлгах бодлого явуулж байгаа учраас зах зээлийн шинжээчдийн хэлж байгаагаар 4600 ам.долларын түвшиндээ л байх болов уу. 

Унах ч магадлалтай. Гэтэл манай улсын төсөвт цэвэр зэсийн үнийг нэг тонн нь 5200 ам.доллар гээд төлөвлөчихсөн байгаа нь их өндөр, биелэх боломж багатай, орлого ихээхэн тасрах төлөв ажиглагдаж байна.

-Ер нь ямар дүн шинжилгээ, судалгааны үндсэн дээр 5200 ам.доллараар төлөвлөгөөг гаргаж ирсэн юм бол?

-Төлөвлөгөөг боловсруулж байгаа яам нь Сангийн яам. Сангийн яаманд төлөвлөгөөний төсөл хийдэг өөрийн аргачлал байдаг юм билээ. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний үнийн төсөөллийг хийдэг аргачлалтай. Тэр нь өмнөх гурав, дөрвөн жилийн үзүүлэлтийг дундажлаад нэг тоо гаргасан байдаг. Дараа жилийн төсөөлөл гээд дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллагуудын хийж байгаа дундажлалыг үндэслээд гаргадаг. Гэхдээ Сангийн яамны ашиглаж байгаа тоо яг зах зээлийн бодит байдалтай уялдсан бодит тоо биш. Би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр зах зээл дээр зэсийн эрэлт нийлүүлэлт, экспорт, импортын хэмжээ хэд байна.

Ямар уурхайнууд ямар хүчин чадлаар ажиллах юм. аль уурхаинууд дээр хөрөнгө оруулалт хийж байна. Тэрхүү хөрөнгө оруулалт ороод дэлхийн зах зээл дээр зэсийн нийлүүлэлт ямар хэмжээгээр нэмэгдэх вэ. Мөн хоёрдугаарт нөгөө уурхайнууд зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрүүдийн техникийн хүчин чадлыг бүрэн ашиглах уу, Засгийн газар нь дэмжих үү, үгүй юу. Тэр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд нь хөрөнгө олдох уу үгүй юу гээд энэ олон зах зээлийн эрэлт нийүүлэлтийг тодорхойлдог үзүүлэлтүүдийг нарийвчлан суйлалгүйгээр, Засгийн газар дэлхийн банк ч юм уу, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон банк, санхүүгийн байгууллагын судалгаан дээр үндэслээд хийчихдэг. Гэхдээ 2016 оны хувьд төсвийн төсөөллийг харьцангуйгаар бага авсан. Үүнийг бага авсан шалтгаан нь хуучин 6000 ам.доллар гэж аваад мянган доллараар төлөвлөгөө тасардаг байсан.

Эрдэнэт, Оюу толгой 2016 оныхоо төсөөллийг өнгөрсөн оны аравдугаар сард хийсэн байгаа. Үүнийг Уул уурхайн яам, Сангийн яам үндэслэн төлөвлөгөө хийсэн гэх үндэслэлтэй. Тухайлбал, өнгөрсөн онд 1250 мянган тоннын төлөвлөгөөтэй байсан. 2016 онд 1360 мянган тоннын төлөвлөгөө авсан. Зуун мянган тонноор нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөө авсан. Яг орлогынхоо үзүүлэлтийг Сангийн яам өөрсдөө бодож тавьдаг юм. Хоёрдугаарт, орлогоо өсгөж төлөвлөсөн байж магадгүй. Яагаад гэвэл манай төсөв 2015 онд их тасарлаа. Төсвийн цоорхойг хаахын тулд экспортоор гол орлого олж байгаа бүтээгдэхүүний үнийг өндөр төлөвлөдөг практик байгаа юм л даа.

-Бодит байдлаас ийм хол зөруутэй төсөв гаргаснаар ямар ямар хүндрэл, үр дагавар гарах вэ?

-Хүндрэл гэж юу байхав дээ. Зах зээлийн бодит байдалтайгаа уялдаагүй. Шинжилгээ судалгааны олон улсын байгууллагын тоо үндэслэлгүй. Олон улсын эдийн засгийн байгууллагуудын тоог үндэслээд үндэслэл багатай өндөр төлөвлөгөө тавьчихна. Орлого тасарна. Орлого тасарснаар төсвийн орлрго тасарна. Төсвийн орлого тасарснаар төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалт тасарна гэсэн үг. Товчхондоо төсвийн төсөөллийг бодитой болгох тулгамдсан асуудал болоод байна. Бодитой хийхийн тулд саяхан Улсын их хурлаар төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгоё, сайжруулъя гэсэн зорилготой шинэ хууль баталсан, хэрэгжиж байна.

-Зэсийг нэг тонныг нь хэдэн ам.доллараар борлуулж байж ашиг гардаг юм бол. Манай уурхайнууд алдагдалтай ажиллаж байна уу, ашигтай ажиллаж байна уу?

-Зэсийн баяжмалыг дэлхийн зах зээлийн үнээр л зарна. Өнөөдөр зэсийн зэх зээлийн үнэ 4600 ам.доллар байна. Оюу толгой ашигтай ажиллаж байгаа. Яагаад гэвэл зэсээс гадна алт экспортолж байгаа. Үйлдвэрийн өөрийн өртөг нь 4600 ам.доллараас нэлээд доогуур байгаа учраас л ашигтай ажиллаж байгаа байх. 2016 оны нэгдүгээр сараас эхлээд Эрдэнэт үйлдвэр алдагдалтай ажиллаж байгаа. Өөрийн өртөг нь 5000 ам.доллар орчим байгаа учраас.

Уулын үйлдвэрүүдийг ашигтай болон алдагдалтай ажиллаж байна, одоо хаачихна гэсэн шийдвэр гаргаж болохгүй. Яагаад гэвэл энэ үйлдвэруүд их орлого ордог. Тэр хэмжээгээр их зарлага гаргаж ажилладаг. Олон мянган ажилтан ажиллуулдаг. Алдагдалтай ч гэсэн санхүүжилтээр зардлаа хаадаг. Харин үйлдвэрүүд зогсчихвол эргээд ажиллахад их хэцүү байдаг уулын үйлдвэрүүд ихээхэн онцлогтой. Удирдлагын өндөр ур чадвар шаарддаг.