Хууль бус орлого банк, санхүүгийн байгууллагын нэр хүндэд халтай
Монголбанкны дэргэдэх Санхүүгийн Мэдээллийн албаны дарга Б.Төмөрбат
2016.03.02

Хууль бус орлого банк, санхүүгийн байгууллагын нэр хүндэд халтай

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд дараах асуултын дагуу Монголбанкны дэргэдэх Санхүүгийн Мэдээллийн албаны дарга Б.Төмөрбатаас тодруулга авлаа.  

Хуулийн ач холбогдлыг та юу гэж харж байна?

Юуны түрүүн манай улсын банк санхүүгийн байгууллагуудтай корреспондент болон түншийн харилцаа үүсгэсэн, үүсгэх гэж буй гадаадын томоохон банк, санхүүгийн байгууллагууд манай банк, санхүүгийн байгууллгуудаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байхыг шаарддаг. Дээрх шаардлагыг хангаагүй банк, санхүүгийн байгууллагатай ямар ч гадны банк харилцаа тогтоохгүй, гүйлгээ хийхгүй. Гэтэл манай улсын эдийн засаг, санхүүгийн бүх гүйлгээ эдгээр гадаадын банкуудаар дамжиж хийгдэж байгаа.

Энэ хууль нь Монгол Улсын банк санхүүгийн системийн найдвартай, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Нөгөөтэйгүүр, хуульд заасан дээрх урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр манай банк, санхүүгийн байгууллагууд өөрсдийн хөрөнгө, нэр хүндийг ирээдүйн эрсдлээс хамгаалах бүрэн боломжтой болно. Өнөөдөр, санхүүгийн байгууллагын хамгийн том давуу тал бол их хэмжээний хөрөнгөөс илүү сайн нэр хүнд юм. 

...Аль нэг банк авлига, хээл хахууль, хар тамхи, зэвсгийн наймаа, хүний наймааны орлогыг нууж байсан, шилжүүлж байсан тухай мэдээлэл олон нийтэд цацагдвал тэр банкны нэр хүндэд тун халтай бөгөөд бизнесийн ашиг орлогод эргээд сөргөөр нөлөөлөх нь тодорхой...

Энэ байдлаас хамгаалахад Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолмоор байгаа юм.

Хуулийн гол гол зохицуулалт нэрлээч гэвэл?

Хууль дараах үндсэн 3 зохицуулалттай.

-Санхүүгийн байгууллагуудыг хэнтэй харилцаж байгаагаа танихыг шаардаж байна.

-Ингэж таньж мэдсэний үндсэн дээр гэмт хэргийн орлого, хөрөнгө бүхий харилцагчийн талаар Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэхийг шаарддаг.

-Санхүүгийн мэдээллийн алба болон бусад хянан шалгах, зохицуулах байгууллагуудын эрх үүргийг заасан.

Хуулийн хэрэгжилт ямар байна? Хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал байна уу?

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг Монгол Улс 2006 оны 7 дугаар сард баталж, 2013 оны 5 дугаар сард шинэчлэн найруулсан. Хууль анх батлагдсанаас хойш дээрх хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой ажлыг ихэнхдээ Санхүүгийн мэдээллийн алба хариуцан ажилласаар ирлээ. Энэ алба 2006 оны 11 дүгээр сард Монголбанкны бүтцэд байгуулагдан ажиллаж байна.

Хуулиар харилцагчийг таних, сэжигтэй гүйлгээг мэдээлэх үүрэг хүлээсэн бүх банк, санхүүгийн байгууллагаас авахуулаад үл хөдлөх хөрөнгө зуучлагч, нотариатч хүртэл багтдаг.

...Үл хөдлөх хөрөнгө зуучлагч, нотариатч нарыг 2013 оны хуулиар энэ хуулийн зохицуулалтад оруулсан боловч тэдгээрт хууль бүрэн хэрэгжиж эхлээгүй байна...

Тэдгээрт хүрч ажиллахтай холбоотой судалгаа хийх, бүртгэх, дэд бүтэц бий болгох бэлтгэл ажлууд хийж байна.  Харин банк, банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд хуулийг сайтар сахин биелүүлж байна.   

Хуулийг хэрэгжүүлэх явцад тус хуульд тусгагдаагүй, засаж сайжруулмаар, дутагдалтай асуудал, зүйл, заалт байвал нэрлэнэ үү?

Үндсэндээ хуулийн агуулга, зарчим нь Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/-ын 40 зөвлөмжид суурилж хийсэн. Анх уг хууль 2006 онд дээрх ФАТФ-ын 40 зөвлөмжийн цөөн хэсгийг хуулбарлаж оруулсан байдлаар батлагдаж байсан. Харин 2013 онд дээрх зөвлөмжөөс нэлээн хэдэн зөвлөмжийг нэмж, тус хуулийн заалтад оруулж байсан.

...ФАТФ-ын 40 зөвлөмжөөс хуульд тусгагдаагүй үлдсэн заалтууд бий...

Эдгээрийг ирээдүйд явц дундаа оруулаад явах болов уу. Тухайлбал, гадаад улс орнуудын улс төрчдийн гүйлгээнд хяналт тавих, алт, мөнгөний арилжаа эрхлэгч, итгэлцэл гэх мэт санхүүгийн бус бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг байгууллага, иргэдийг энэ хуулийн хүрээлэлд бүтэн оруулахыг ФАТФ-ын зөвлөмжид заасан байдаг ч манайх цаг нь арай болоогүй гэж үзээд 2013 оны хуулиар түр хойшлуулсан байдаг.

Ярилцахад таатай байлаа. Танд баярлалаа.    

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.