Хүүхдийн мөнгийг энэ долоо хоногт олгохоор  ажиллаж байна
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан
2016.03.04

Хүүхдийн мөнгийг энэ долоо хоногт олгохоор ажиллаж байна

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан өнгөрөгч чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, тэдээлэл хийлээ. Тус Байнгын хороо татварын орлого бүрдуулэх механизмыг оновчтой болгоход анхаарч ажилласныг дарга нь онцолсон. Мөн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Сүүлийн үед Засгийн газар гадаад зах зээлээс бонд босгох, зээл авахаар хөөцөлдөх болсон. Өр, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх боломж хуулийн хүрээнд бий юу?

-Засгийн газар гадаадын зах зээлээс хуулийн хүрээнд хямд эх үүсвэр татах бололцоотой. Хамгийн гол нь тэрхүү эх үүсвэр үр ашигтай байх хэрэгтэй. Дотоодоос өндөр үнэтэй эх үүсвэр татах нь эргээд улс орны эдийн засгийг хүндрүүлнэ. Засгийн газар гадаадаас хөрөнгийн хэд хэдэн эх үүсвэр бий болгохоор хөөцөлдөж буй юм билээ. Үр дүнг нь нийтэд зарлах хараахан болоогүй. Ер нь эхний улиралд төсвийн цаг зуурын дутагдлыг арилгахын тулд гадаад, дотоодоос мөнгө босгох нь байдаг үзэгдэл.

-Татварын орлого бүрдүүлэх механизмыг оновчтой болгох чиглэлээр ямар ажил хийсэн юм бэ? 

-Өмнө нь ногдуулсан татвараа бүрэн төвлөрүүлэхэд илүүтэй анхаардаг байсан. Энэ оноос ялангуяа үйлдвэрлэгчид шударгаар ажиллаж, татварынхаа баазыг өргөтгөх бололцоо бий болгосон. Нөгөө талаас иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлсэн. НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр татвар төлөгчид татварын бүрдүүлэлтэд хяналт тавьж, оролцох нь нэмэгдэж байгаа.

-Төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдсэн үү?

-Яг одоогоор ийм шаардлага үүсээгүй ч ойрын үед зайлшгүй тодотгох байх.

-Хүүхдийн мөнгийг яагаад бүрэн олгохгүй байна вэ?

-Төсвийн санхүүжилт туйлын хүнд, төрийн дансны үлдэгдэл хурдацтайгаар багасаж байгаа. Ер нь оны эхний хоёр сарын санхүүгийн байдал нэлээд хүнд байдаг. Нэгдүгээр сард орлогыг төлөвлөсөн хэмжээнд бүрдүүлсэн ч хоёрдугаар сард орлого бүрэн төвлөрөхгүй байна. Үүнээс шалтгаалж, зарим санхүүжилтийг хугацаанд нь олгоход хүндрэл үүссэн. Хүүхдийн мөнгийг энэ долоо хоногт багтаж олгохоор Сангийн яам ажиллаж байна. Үүнд 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Засгийн газар энэ хэмжээний эх үүсвэрийг хугацаанд нь олох ажлыг зохион байгуулах бололцоотой.