Төрийн дансны үлдэгдэл хурдтайгаар хомсдож байгаа
Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Улаан
2016.03.04

Төрийн дансны үлдэгдэл хурдтайгаар хомсдож байгаа

Төсвийн байнгын хороо өнгөрсөн чуулганы хугацаанд нийт 25 удаа хуралдаж, 96 хууль, 10 тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Төсвийн байнгын хороо мэргэжлийн байнгын хорооны хувьд улсын төсвийн асуудлыг бүтэн жилийн турш хэлэлцдэг тогтсон дэгтэй байдаг. Тухайлбал, намрын чуулганаар ирэх оны төсөв, үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг хэлэлцэж батлуулдаг бол хаврын чуулганаар улсын төсвийн бодлого зорилтыг тодорхойлсон Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцдэг билээ. Энэ хүрээнд өнгөрсөн намрын чуулганаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж, батлуулсан нь тус байнгын хорооны үндсэн ажил болсон байна. Энэ талаарх мэдээллийг өчигдөр Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Улаан өгсөн бөгөөд голлох хуулийн төслүүдийн талаар танилцуулсан юм.

Тухайлбал, Монгол Улсын төсөвт 2016 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 5,032.5 тэрбум төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2016 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 8.4 тэрбум төгрөгөөр баталсан гэдгийг нэн түрүүнд онцолсон юм. Мөн Хүний хөгжил сангийн төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, үүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 267.6 тэрбум төгрөг байхаар, тус сангийн төсвөөс ирэх онд зарцуулах зарлагын хэмжээг 221.1 тэрбум төгрөг байхаар баталсан зэргийг дуулгалаа.
Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авав. 

-Сангийн сайд Б.Болор “Мазаалай” бонд гаргах ажил түр зогссон байгаа гэж хэлсэн. Хүү нэг оронтой тоонд орвол бондыг үргэлжүүлэн гаргах юм билээ. Мөн Засгийн газар зээл авах тухай асуудал яриад байгаа. Эдгээр нь өрийн таазтай хэрхэн уялдаж байгаа вэ?

 -Засгийн газар гадны зах зээлээс хуулийн хүрээнд хямд эх үүсвэр татах бололцоотой. Хамгийн гол нь үр ашигтай эх үүсвэр татах хэрэгтэй. Дотоодын зах зээлээс өндөр үнэтэй эх үүсвэр татах нь эргээд улс орны эдийн засагт хүндрэл авчирна. Тиймээс хэрэгжилтийн байдалд Төсвийн байнгын хороо хяналт тавьж ажиллах болно. Засгийн газар хэд хэдэн эх үүсвэр гаднаас хөөцөлдөж байгаа юм билээ. Үүний хэрэгжилт нийтэд зарлах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Ер нь, эхний улиралд төсвийн цаг зуурын дутагдлыг арилгахын тулд гадаад дотоодын зах зээлээс мөнгө босгох явц бол байдаг үзэгдэл.

-Оюутолгойн мөнгө манай улсын эдийн засагт орж ирснээр эдийн засаг сэргэх хандлага ажиглагдах уу?

 -Хямралын нөхцөлд дээд зэргээр хэмнэлттэй, хяналттай, үр ашигтай зарцуулалт хийх ёстой. Гэхдээ хэмнэлттэй байна гэдэг нь хийх ёстой ажлаа хийхгүй, төрийн үйлчилгээг гүйцэтгэхгүй байна гэсэн үг биш. Харин үр ашигтай бага зардлаар их ажил хий гэсэн үг. Энэ шаардлага ойрын 2-3 жил үргэлжилнэ. Эдийн засгийн нөхцөл байдал “өргөс” авсан шиг арилна гэж байхгүй. Тиймээс ойрын жилүүдэд хүсэл эрмэлзлээ хязгаарлах шаардлага өндрөөр тавигдах болно. Оюутолгойн ажил эрчимжвэл шууд бус замаар төсөвт эерэг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, тус төсөлд ажил үйлчилгээ нийлүүлдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, тэр хэрээр төсөвт нийлүүлэх мөнгө нэмэгдэх юм. 

-Төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдсэн үү?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын төсөвт тодотгол хийх нөхцөл байдлыг тодорхой зааж өгсөн байдаг. Тодорхой нөхцөл бүрдсэн үед тодотгол хийдэг. 2016 он гараад хоёр сар өнгөрч байна. Одоогоор төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй. Ер нь бол ойрын үед зайлшгүй тодотгол хийх шаардлага бий болно. 

-Хүүхдийн мөнгө дутуу олгогдсон. Хэзээнээс гүйцэд олгогдох талаар мэдээлэл бий юу?

-Төсвийн санхүүжилтийн байдал туйлын хүнд байна. Төрийн дансны үлдэгдэл хурдацтайгаар хомсдож байгаа. Нэг, хоёрдугаар сар ер нь их хүнд сар байдаг. Яагаад гэвэл, оны эхэнд орлого төвлөрүүлэлт амаргүй байдаг. Орлогын төвлөрүүлэлтийн нэгдүгээр сарын байдлыг харвал орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдсэн. Хоёрдугаар сард орлого төвлөрүүлэлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй. Үүнээс шалтгаалж зарим санхүүжилтийг хугацаанд нь олгоход хүндрэл үүссэн. Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг энэ долоо хоногт багтаж олгохоор Сангийн яам ажиллаж байна. Хүүхдийн мөнгөнд 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Засгийн газар энэ хэмжээний эх үүсвэрийг хугацаанд нь олох ажлыг зохион байгуулах бололцоотой.