“Иргэдийн дуу хоолой төрд шууд хүрдэг байх нь чухал"
Нэгдүгээрт, 1990 оноос хойш өнөөг хүртэл оршин тогтнохдоо иргэний нийгмийн байгууллагууд төрдөө хулхидуулчихсан.
2016.03.07

“Иргэдийн дуу хоолой төрд шууд хүрдэг байх нь чухал"

Маргааш олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Эл өдрийг угтаж, "Монфемнет” үндэсний сүлжээ нь "Иргэний нийгмийн оршин тогтнол эмэгтэйчүүдийн нүдээр” сэдэвт чуулга, уулзалтыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.

Энэ жил 11 дэх удаагаа болсон тус чуулга, уулзалтад эмэгтэйчүүдийн болон хүний эрхийн байгууллага, бүлгүүдээс гадна иргэний нийгмийн бусад салбар, төрийн болон олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид зэрэг 400 гаруй хүн оролцлоо. Чуулганы хүндэт зочноор УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Иргэний нийгмийн шинжээч Д.Ламжав, “Монфемнет” үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал нар оролцсон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд хэлэхдээ ‘‘Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагуудад хоёр л асуудал дутагдаж байна. Нэгдүгээрт, 1990 оноос хойш өнөөг хүртэл оршин тогтнохдоо иргэний нийгмийн байгууллагууд төрдөө хулхидуулчихсан. Өөрөөр хэлбэл, иргэд эвлэлдэн нэгдэж хувьсгалыг бий болгож, шинэ нийгмийг цогцлоон тодорхой хуулийг баталсан ч төр иргэдэд ойртдог эрх мэдлийг зувчуулж, иргэний нийгмийн байгууллагуудаа бүгдийг нь хулхидчихсан. Энэ бол баталгаатай харагдаж байна. Хоёрдугаарт, одоо биднийг дахиад хулхидаж байна. Нийгмийг зохицуулах хүч болоод ирэхээр буцаагаад нийгэмшүүлэх гэж оролдож байна.

Үүнийг бид хэвлэлийн хувьчлал дээр харж болно. Анх чөлөөт хэвлэл бий болоход ард түмэн бидний гараас урах нь холгүй сонин авдаг
байсан. Ингэж чөлөөт хэвлэл манай улсад үүссэн. Гэтэл төр хэвлэлтэй байх аюултай гээд хэвлэлүүдийг хувьчилсан. Үүний үр дүнд төрийн эрх мэдэлтнүүдийн хувьчлал бий болсон. Өөрөөр хэлбэл, үгээ хэлэх эрх чөлөө маань хумигдаж байна" гэв.

Тэрбээр үргэлжүүлэн “Энэ мэт асуудалд бид хамгийн их сонор, сэрэмжтэй байх ёстой. Намуудын хуулийг шинэчилж, улстөрийн олон нийтийн байгууллагуудад сонгуульд оролцох эрхийг нь нээх хэрэгтэй. Төрийн эрх мэдлийг зохицуулах иргэдийн дуу хоолой шууд төрд хүрдэг байх шаардлагатай байна" гэсэн юм. Иргэний нийгмийнхний ярьж буйгаар сүүлийн жилүүдэд иргэний оролцоог нэмэгдүүлэх олон санаачилга, хууль бий болсон нь сайшаалтай ч чадавхижсан иргэдгүйгээр, мөн төр, иргэн хоёрыг холбогч гүүр болсон зохион байгуулалттай иргэний нийгэмгүйгээр иргэдийн оролцоог хангах зорилготой бодлого, хуулиуд хэрэгжих боломж хумигдана гэж үзэж байгаа аж.

Иймд иргэний оролцоог хүчтэй, утга учиртай, бүрэн дүүрэн байлгах үүднээс зайлшгүй иргэдийн зохион байгуулалттай хэсэг, ИНБ-уудыг бэхжүүлэх, тэдгээрийн оршин тогтнох дэд бүтэц, орчинг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг онцоллоо. Харин чуулганаараа дамжуулж Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох зайлшгүй нөхцөл болох иргэний нийгмийн оршин тогтнолыг иргэний оролцоо ба иргэний нийгмийн байгууллагуудын үр нөлөө, үүрэг, хөгжлийг хангах эрхзүйн орчин, санхүүжилтийн тогтолцоотой холбон хэлэлцэж, хамтдаа асуудлын гарцыг хайлаа.