Тэрбишдагва.Д 2016.03.09 | Сайт: Times.mn

Д.Тэрбишдагва эмгэнэл илэрхийлжээ

Д.Тэрбишдагва эмгэнэл илэрхийлжээ
Очирбатын Чулуунбат /1958-2016/

Очирбатын Чулуунбат  /1958-2016/

Миний   дотны анд Очирбатын О.Чулуунбат  2016 оны гуравдугаар сарын 06-нд хүнд өвчний улмаас ид хийж бүтээх насан дээрээ таалал төгсч, нөхөж баршгүй хүнд гарз, уй гашуу тохиолдлоо.  Олон жил нөхөрлөж яваа андыгаа алдана гэдэг амаргүй юм байна. Хэзээ ч босч ирэхгүй, дахиад инээмсэглэхгүй, эргэцүүлж ухааруулах жинтэй үг хэлэхгүй гэж  бодохоор нүд харанхуйлж, сэтгэл өвдөж байна.   Түүнтэй нөхөрлөж явсан үе маань миний амьдралд мартагдашгүй гүн мөрөө үлдээсэн он жилүүд байлаа. Тэрээр хүнийхээ хувьд түшигтэй, нөмөртэйгээс гадна асар өргөн мэдлэгтэй, хэт туйлширдаггүй, асуудлыг олон талаас хардаг, гарц, шийдлийг олохдоо гарамгай нэгэн байсан юм. Эдийн засаг, банк, санхүүгийн талаарх төвөгтэй асуудлыг  олон улсын нөхцөл байдалтай уялдуулан голыг олж оночтой тайлбарладаг нэгэн байв. Тэрээр  Валют-санхүүгийн эдийн засагч мэргэжилтэй.  ОХУ-ын Шинжлэх Ухааны Академид “Шилжилтийн үеийн санхүү мөнгөний онцлог” сэдвээр Эдийн засгийн ухааны ДОКТОР-ын зэрэг хамгаалсан Монголын чадварлаг  эдийн засагчдын нэг, шилдэг банкир.  Эх орондоо хэрэгтэй олон ч зүйлийг бүтээсэн гавьяатай хүн. Монгол банкны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, Ерөнхий сайдын  зөвлөх зэрэг  хариуцлага өндөртэй албан тушаалыг нэр төртэйгээ хашиж явсан Монголын урдаа барьдаг оюунлагсэхээтнүүдийн төлөөлөл байлаа. Түүний оюуны болон ажлын  чадварыг зөвхөн дотооддоо ч гэлтгүй гадаадад хүлээн зөвшөөрдөг байсан гэдэг. Нью-Иорк хотноо “Салес Капитал маркет пүүс”-д ахлах трейдерээр хүртэл ажиллаж явсан түүх бий.

 Түүнтэй олон жил хамтран ажиллаж, нэг танхимд ч  сайдын албыг мөр зэрэгцэн хашиж байлаа. МАХН-ын гишүүнчлэлээ сэргээхийг  санал болгоход ч тэрээр эргэлзэж тээнэгэлдэлгүй, шулуухан шийдэж,    нэг зорилгын төлөө хамтдаа алхаж, бэрхшээлийг үл ажран зүтгэж явсан анд минь. Хүнд өвчнөөр өвдсөн найзыгаа  гадаадад эмчлүүлж байхад очиж эргээд ирэхдээ  удахгүй бие нь  илааршина, эдгэнэ гэсэн итгэл дүүрэн байлаа.  Эх орондоо ирсний хойно ч хэдэнтээ уулзаж, ярилцаж байхад   бие нь  нэг л базаахгүй байгааг анзаарч байсан ч нэг л өглөө  биднийгээ орхин  одно гэж төсөөлж байсангүй.  Монголын нэг сор хүү тэнгэрт харвалаа.

Талийгаачийн ажилч хичээнгүй, эгэл даруу, нөхөрсөг, тууштай зан чанар миний   зүрх сэтгэлд  үүрд хоногшин үлдэх болно. 

Ум сайн амгалан болтугай.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва