Даваадорж.Г 2016.03.09 | Сайт: Vip76.mn

Сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан бол эрүүл мэндийн даатгалын багцад оруулж тооцно

Сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан бол эрүүл мэндийн даатгалын багцад оруулж тооцно

Хуулийн нэр: Сэтгэцийн эрүүл мэндийн тухай

Санаачлагч: Засгийн газар

Батлагдсан он.сар.өдөр: 2013.01.03

Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр:

Хуулийн бүтэц: 6 бүлэг 15 зүйлтэй

Сэтгэцийн эрүүл мэнд гэхээр олон нийт сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүст хамааралтай гэж ойлгодог бөгөөд зөвхөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, тэнд ажиллагсадын асуудал гэж үзэх нь бий. Харин Сэтгэцийн эрүүл мэндийн тухай шинэчилсэн хуульд тусгаснаар энэ ойлголт бүх хүнд хамааралтай болж байна. Өөрөөр хэлбэл сэтгэцийн эмгэг туссан хүмүүсийг эмчлэхээс гадна гэр бүл, ажлын орчин, нийгэмдээ сэтгэцийн эрүүл мэндийн асуудалгүй амьдрах орчныг бүрдүүлэх хэрэгтэй болж байна. 

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд сэтгэцийн эмгэгийн анхдагч, хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлт гэсэн гурван үе шаттай тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.  Хэрэв иргэд, хамт олны дунд сэтгэц-зан үйлийн эмгэгтэй холбоотой тандалт, хяналт, урьдчилан сэргийлэлт хийж байгаа бол анхдагч урьдчилан сэргийлэлт болно. Харин сум, тосгоны эрүүл мэндийн төвд сэтгэцийн эрүүл мэндийн хяналт, лавлагаа, анхны тусламжийн үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд хоёрдогч урьдчилан сэргийлэлт болно. Сэтгэцийн эмгэгийн гуравдагч урьдчилан сэргийлэлтэд аймаг, дүүргийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд сэтгэцийн эмгэг архагшихаас сэргийлэхэд зориулсан үйлчилгээнүүд хамаарна.

Түүнчлэн сэтгэцийн эмгэгтэй хүн орчин тойрондоо аюул учруулахаар бол эмчийн магадлагааг үндэслэн албадан эмчлэх бөгөөд энэ тухай журмыг Засгийн газар батална.

Сэтгэцийн эмгэгтэй хүнийг нийгэмшүүлэх хэрэгтэй

Хуульд оруулсан нэгэн шинэ зохицуулалт бол хэрэв сэтгэцийн эмгэгтэй хүн орчин тойрондоо аюул учруулахааргүй бол түүнийг заавал тусгаарлах гэхээсээ хамт олон, гэр бүлийн орчинд нь нийгэмшүүлэх ажлыг түлхүү зохион байгуулах юм байна. Үүнийг хуульд “нийгэм, хамт олонд түшиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” хэмээн томъёолжээ.

... Сэтгэцийн эмгэгтэй хүнд туслах, түүнийг дэмжих үүргийг тухайн байгууллага, гэр бүлийн гишүүд хүлээнэ. Тухайлбал, байгууллага нь үндсэн болон гэрээт сэтгэл зүйч ажиллуулж, ажилчдаа тайван орчинд ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх үүрэг хүлээж байна ...

Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх байгууллагын үүрэг

Энэ хуулиар төрийн байгууллага хэд хэдэн үүрэг хүлээнэ. Тухайлбал сэтгэцийн асуудалтай хүнийг хэвтүүлэн эмчлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээг сэтгэцийн эмнэлэг, аймаг, дүүргийн эмнэлэгт бий болгож, сургууль, хамт олны түвшинд сэтгэл зүйч, нийгмийн ажилтны баг ажиллуулна. Мөн сэтгэцийн эмгэгтэй хүн сургалтад хамрагдах, чадамжийнхаа түвшинд хөдөлмөр эрхлэх боломжтой байхын тулд үүнд шаардлагатай материаллаг болон оюуны дэмжлэгийг үзүүлэх ёстой.

Хувийн байгууллагууд хамт олныхоо сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, эсвэл оролцох байдлаар хамт олноо тайван ажиллах орчинг бүрдүүлэх үүрэг хүлээж байна .

... Тухайн байгууллага магадлан итгэмжлэгдсэн хувийн эмнэлгийн байгууллагын сэтгэлзүйч, сэтгэл засалчдаас зөвлөгөө авсан бол тус үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний багцад оруулж тооцох юм байна ...

Харин иргэн хүн сэтгэцийн эмгэгтэй хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох хориотой. Хуулийн уг заалтыг зөрчвөл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгоно.

Олон нийтийг сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн өөрчлөлтөд орсон иргэнийг эмчлэх, зөвлөгөө өгөх зорилгоор аймаг, дүүрэгт сэтгэцийн эмнэлэг, төв байгуулж болно. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулах төсөв, энэ чиглэлийн ажлын байрыг нэмэхээр болж байна.

Сэтгэцийн эмгэгтэй хүн бусдын л адил эрхтэй

Шинэ хуульд сэтгэцийн эмгэгтэй хүний эдлэх эрхийг олон улсын жишгийн дагуу тусгаж өгсөн байна. Сэтгэцийн эмгэгтэй хүн эрх зүйн чадамжтай эсэхээс үл хамаарч шаардлагатай тусламж, үйлчилгээ авах эрхтэй.

Эрх зүйн чадамжтай тохиолдолд халдварт өвчин тусаагүй бол эмчилгээ, оношилгоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах, эмнэлгийн үйл ажиллагааны талаар санал, гомдол гаргах, эмчилгээ, шинжилгээний үеэр хууль ёсны төлөөлөгчөө байлцуулах эрхтэй.

Нэг үгээр хэлбэл иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын гэх мэт бүх эрхийг эдэлнэ. Харин эрх зүйн чадамжгүй сэтгэцийн эмгэгтэй хүн хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан эдгээр эрхээ хэрэгжүүлнэ.