Сумъяабазар.Д 2016.03.11 | Сонин: Засгийн газрын мэдээ

"Дүүрэг өөртөөтөсөв төвлөрүүлэх боломжийг хайж байна"

"Дүүрэг өөртөөтөсөв төвлөрүүлэх боломжийг хайж байна"
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас дараах тодруулгыг авлаа. Тэрбээр чуулганы завсарлагааны хугацаанд өөрийн сонгогдсон тойрог болох СХД-т ажиллаж байгаа юм.

-СХД нийслэлийн төсвөөс тусламж авч байж, төрийн албан хаагчдынхаа цалинг тавьдаг гэж та иргэдтэй уулзах үеэрээ хэллээ. Энэ нь нийслэлийн дүүргүүдээс ганц танай тойрог дээр байдаг үзэгдэл үү?

-Тийм. СХД санхүүгийн хувьд маш хүнд. Зөвхөн манай дүүрэг л нийслэлийн төсвөөс тусламж авч, төрийн албан хаагчдын цалин болон ус, дулаан, цахилгааныхаа төлбөрийг төлдөг. Баянзүрх дүүрэг гэхэд томоохон зах, худалдааны төвүүдийнхээ татвараар санхүүждэг бол Хан-Уулд үйлдвэр олон. Харин Баянгол дүүрэг  бүхлээрээ худалдаа, үйлчилгээний төвлөрөл шүү дээ. Түүнээс гадна Сүхбаатар дүүрэгт бүх яам, тамгын газар, шүүх, прокурор зэрэг төрийн байгууллагууд байрладаг учир тэмдэгтийн хурамжаар санхүүждэг. Харин манай СХД-т энэ мэт эх үүсвэр алга.

-Ер нь СХД-нйн жилийн төсөв хэд байдаг юм бэ?

-СХД 24 жилийн турш л жилийн төсвөө 11.5 тэрбум байхаар батлаад, 3.5 тэрбум төгрөгийг нийслэлээс тусламж болгон авдаг. Угаасаа тэгж тусгадаг л даа.

-Төсөв, мөнгөний хүрэлцээгүй энэ байдлаа шийдэх ямар арга байна?

-Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд саналаа С.Баярцогт сайдад хэлсэн. Гэвч нааштай хариу аваагүй. Тиймээс ирэх хаврын чуулганаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл болгон өргөн барихаар ажиллаж байна.

-Асуудлыг шийдэх боловсруулсан хувилбар нь юу юм бэ?

-СХД хамгийн том нутаг дэвсгэртэйн хэрээрээ нийслэлд жилдээ дөрвөн тэрбум төгрөг татан төвлөрүүлж өгдөг. Гэхдээ түүнээсээ буцааж нэг ч төгрөг авдаггүй. Тиймээс л дүүрэг орон нутаг өөртөө төсөв татан төвлөрүүлэх боломжийг хайгаад байгаа юм. Энэ нь газрын төлбөр, ХАОАТ зэргийг орон нутагт үлдээе гэж байгаа юм. Шуудхан хэлэхэд өнгөрсөн хугацаанд СХД-ийг хэдэн жижиг ТҮЦ, найман нэрийн дэлгүүрүүд л авч явлаа шүү дээ.