Батчимэг.М Одонтуяа.С 2016.03.11 | Сайт: Polit.mn

Хоёр ихэр

Хоёр ихэр
УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Одонтуяа

УИХ-аар өнгөрсөн сарын 5-нд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгаалын тухай хуулийг сурталчлах ажлыг УИХ-ын АН-ын бүлэг дэх эмэгтэй гишүүн С.Одонтуяа, М.Батчимэг нар Эрдэнэт хотоос эхлүүллээ. Дээрх хуулийн төслүүдийг боловсруулах явцад улс орон даяар иргэдээс санал авч байсан бөгөөд нийт 24600 саналыг нэгтгэн төсөлд тусгасан байдаг. Хуулийн төслүүд батлагдсанаар хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ хэмээн тэд үзэж буй юм.

Орхоныхон бэлтгэлээ базаажээ

Орхон аймгийн хэмжээнд 28481 хүүхэд байгаагаас 18096 нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Харин 7981 хүүхэд цэцэрлэгт хүмүүждэг юм байна. Цэцэрлэгийн насны хүүхдийн 96 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдсэн нь бусад аймгаас ялгарах онцлог нь хэмээн Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нацагдорж хэллээ.

Тус аймгийн Баянцагаан багийн иргэн Д.Тунгалаг “Хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гэсэн боловч хүлээгдсээр байна. Хүүхэд харах байраа бэлдсэн. Нэг хүүхдэд 113 мянган төгрөгийн хувьсах зардалтай. Хүүхдийн эцэг эхээс төлбөр авч болно гэж байгаа ч төлбөр төлөх боломжгүй хүмүүсийн хүүхдийг харах болсон учраас хэцүүхэн л болж байна” гэв. Д.Тунгалаг хүүхэд харах үйлчилгээ үзүүлэхээр түрээсийн байр ашиглаж байгаа. Тиймээс хувьсах зардлаас гадна тодорхой хэмжээний төлбөр авахыг хүсч байгаагаа хурлын үеэр хэлж байлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Мэдээж хүүхэд харах хүнтэй болсон учраас эцэг, эхчүүд ажил хийх боломжтой болно. Цалин авч байгаа хүн хүүхдийнхээ цэцэрлэгийн төлбөрийг төвөггүйхэн төлнө шүү дээ” гэв.

Аливаа зүйлийг өргөс авсан мэтээр шийднэ хэмээн хүлээх нь буруу гэдгийг уулзалтад оролцсон нийгмийн ажилтнууд хэлж байсан юм. “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүмүүсийн санхүүгийн асуудлыг ирэх сараас шийдвэрлэж эхлэнэ” хэмээн УИХ-ын гишүүн М.Батчимэг хэлсэн. Жил бүрийн эхний улиралд улсын төсвийн бүрдэлт саардаг нь бичигдээгүй жишиг. Энэ сараас төсөвт төвлөрөх татвар хураамж орж эхэлдэг билээ. Цаг хугацаа өнгөрөхөд энэ удаагийн батлагдсан хууль олон өрхийн эдийн засгийг өсгөх хөшүүрэг болно хэмээн эмэгтэй гишүүд онцоллоо.

Хүүхдийн улсын байцаагч

Өнгөрсөн хугацаанд хүүхэд хүчирхийлэлд өртсөн сэтгэл сэртхийлгэм үйл явдал нэлээдгүй болсон нь олныг алмайруулсан юм. Хэдийгээр монголчууд хүүхдийг хатуу гараар хүмүүжүүлэх учиртай гэдэг ч хэрцгийгээр тамлан зовоох тухай хэлээгүй юм. Хууль батлагдсанаар хүүхдийн эрхийн төлөө тэмцдэг байцаагчтай болж байгаа ажээ. Улсын байцаагч нь нэлээд эрх мэдэлтэй, аль ч байгууллага руу үнэмлэхээ үзүүлээд орох эрхтэй байх юм байна. Монголд олон төрлийн байцаагч байдаг ч хүүхдийн эрхийн төлөө ажилладаг байцаагч гэж байгаагүйг УИХ-ын гишүүн С.Одонтуяа онцоллоо. Тухайн газар нутагт амьдарч буй хүн амын тооноос шалтгаалан хүүхдийн улсын байцаагч хэд байхыг тогтоох юм байна. Ингэснээр хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг нийгмийн орчинд хуулиар хориглосон. Хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудаар хариуцлага тооцохоор хуульчилжээ.

Мөн уг хуулиар насанд хүрээгүй хүүхдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалтыг гаргасан байна. Тухайлбал, төлбөрт тоглоомын газар, барилга болон хортой, хүнд нөхцөлтэй бүхий л ажлыг хийлгэхгүй байхаар тусгажээ. Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6.3.4-т хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулахуйц уралдаан, тэмцээн наадамд оруулахыг хориглоно гэж бий. Энэ заалт ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм.

УИХ-аар хэн ч мэдэхгүй өнгөрч болохоор нэлээдгүй олон хуулийг батлуулсан байдаг. Энэ нь сурталчилгаа байхгүйгээс нийтэд мэдээлэл хүрч чадахгүй байгаатай холбоотой хэмээн хууль санаачлагчид хэлдэг. Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн санаачилсан хуулийг сурталчлан таниулах ажилд ач холбогдол өгч байна. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг дээ.