Энхтуул.Б 2016.03.11 | Сайт: Vip76.mn

Тэсрэх бодисыг хувь хүн ашиглаж болохгүй

Тэсрэх  бодисыг  хувь хүн ашиглаж болохгүй

Хуулийн нэр: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай

Өргөн барьсан он, сар, өдөр: 2010.03.23

Батлагдсан он, сар, өдөр: 2013.01.31

Тэсрэх бодис гэдэг зориулалтыг  нь бага зэрэг өөрчлөхөд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц зэвсэг болдог. 2004-2009 оны хооронд  гэхэд дэлбэрэлтэнд өртөн нас барсан, гэмтсэн, дэлбэрэх бодистой буруу харьцсан, тэсэрч дэлбэрэх бодис хулгайлсан, иргэдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг зориудаар хэрэглэсэн, хууль бусаар борлуулсан, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 32 тохиолдол бүртгэгджээ.

Жил ирэх тусам дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эрэлт, хэрэгцээ улам нэмэгдэж байгаагаас хуулийн орчинг илүү чангатгах шаардлага тулгарчээ.

Тиймээс Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг  2012 онд баталсан юм.

Уул уурхайн зориулалттай тэсэлгээний хэрэгслээр өдөөгдөж тэсэрдэг бодисыг уг хуулиар зохицуулна.

Хууль цэргийнхээс бусад зориулалттай тэсэрч, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих хүрээнд үйлчлэх аж. Хуульд тэсрэх бодистой холбоотойгоор дараах байгууллагуудын бүрэн эрхийг зааж өгчээ.

Засгийн газрын бүрэн эрх: Засгийн газар энэ талаар төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг батлах, Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон түүхий эдийн жагсаалтыг батална.

Төрийн захиргааны төв байгууллага: Тэсэрч, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахын аюулгүйн бүс, түүний дэглэмийг хамтран тооцох, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн олгоно.

Мэргэжлийн зөвлөл: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр, агуулахын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэх, дүгнэлт гаргах, тогтоомж, дүрэм, заавар зөрчсөн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал гаргана.

Харин аймаг, нийслэлийн Засаг дарга нар тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахын газрын байнгын байршлыг дүрмийн дагуу тогтоож мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх, аюулгүйн бүсийн хил хязгаарт иргэд болон ААН, байгууллагад газар олгохгүй байх зэрэг үүрэг хүлээнэ.

Бодисыг импортлох, экспортлох, хилийн боомтыг Засгийн газар тогтооно 

Аюулгүй ажиллагааг хангахын тулд бодисыг үйлдвэрлэх үйлдвэр болон хадгалах байр, агуулах нь аюулгүйн бүстэй байх ёстой. Бодисыг импортлох, экспортлох, хилийн боомтыг Засгийн газар тогтооно гэж хуульд заажээ. Харин хилээр нэвтрүүлэх үед хилийн мэргэжлийн хяналтын албанаас хяналт тавина.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх хуулийн этгээдэд  дараах шаардлагыг тавина. Үүнд:

- Аюулгүй ажиллагааны техникийн шаардлага хангасан зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, лаборатори, туршилтын талбайтай байна.

- Зориулалтын агуулах, ачиж буулгах тусгай зориулалтын тоног төхөөрөмж, дотоодын тээврийн хэрэгсэлтэй байх

-Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн чанарын үзүүлэлт нь үндэсний болон ОУ-ын стандартын шаардлага хангасан байна

-  Шинэ төрлийн бодис, хэрэгсэл үйлдвэрлэхэд туршилт хийлгэн, мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын дүгнэлт гаргуулж, стандартаа баталгаажуулсан байх

-  Мэргэжлийн ажиллах хүчинтэй

- Бодисыг үйлдвэрлэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан болон эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байх

- Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн сав, баглаа боодлын гадна талд үйлдвэрийн нэр, үйлдвэрлэсэн болон хадгалах баталгаат хугацаа, тэсэрч дэлбэрэх аюултайг анхааруулсан таних тэмдэгтэй байх ёстой зэргийг хуульд зааж өгчээ.

Хэрэв тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хуулбар, Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын тодорхойлолт, экспортлох тоо хэмжээ, худалдан авагчтай байгуулсан гэрээ, Цагдаагийн болон Тагнуулын төв байгууллагын санал зэрэг баримт бичгийг бүрдүүлснээр экспортлох боломжтой.

Тэсэрч дэлбэрэх бодис, тээврийн хэрэгслийг зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу аюулгүй байдлыг хангаж, харуул хамгаалалттай тээвэрлэнэ

Харин хуулийн этгээд хэрэгцээнээс илүүдэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг худалдан авах эрх бүхий байгууллагад мэргэжлийн хяналтын төв байгууллагын зөвшөөрлөөр худалдаж болно. Тэсэрч дэлбэрэх бодис, тээврийн хэрэгслийг зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу аюулгүй байдлыг хангаж, харуул хамгаалалттай тээвэрлэнэ. Харин тээврийн хэрэгслийн зөвшөөрөл, тээвэрлэлтийн маршрут харуул хамгаалалтыг цагдаагийн байгууллага олгож, аюулгүй байдалд нь хяналт тавих юм байна. Гэхдээ тэсэрч дэлбэрэх бодисыг тэсэлгээний хэрэгслийн хамт тээвэрлэхийг хориглоно.

Хуульд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хадгалж, хамгаалахад дараах шаардлагуудыг тавихаар заажээ.

-  Тэсэрч дэлбэрэх бодис болон тэсэлгээний хэрэгслийг тус тусад нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зориулалтын агуулахад хадгална.

- Тухайн бодисыг хадгалж буй агуулахыг гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар хамгаалуулна.

-  Тэсэрч дэлбэрэх бодис алдсан эсвэл үрэгдсэн тохиолдолд цагдаа болон тагнуулын байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэх ёстой.

Мөн хуульд заасан нэгэн онцгой заалт бол даатгалын тухай заалт юм. Хуульд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд оролцож байгаа хуулийн этгээд нь үйл ажиллагааны эрсдэл, иргэний амь нас, эрүүл мэндийг заавал даатгуулсан байх ёстой гэж заажээ.

Харин дараах зүйлс уг хуулиар хориотой. Тухайлбал

- өөрийн эзэмшлийн газар, зориулалтын байр, тээврийн хэрэгсэл, мэргэжлийн ажиллах хүчин, харуул хамгаалалтгүй хуулийн этгээдэд бодис үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах тусгай зөвшөөрөл олгох

- Зориулалтын бус газар хадгалж, тээвэрлэх

- Тэсэрч, дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийг олон нийтийн ХМХ-ээр сурталчлах

-  Уг бодисыг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг тэсэлгээний ажлын удирдагч болон хамгаалалтын ажилтнаас бусад хүн дагалдан явах

-  Хувь хүн уг бодисыг олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах зэргийг хориглоно.

Харин чанарын шаардлага хангахгүй болон ашиглах хугацаа нь дууссан тэсрэх бодисыг мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын дүгнэлтийг үндэслэн холбогдох байгууллагуудын хяналтанд устгалд оруулна гэж заасан байна.