Сургууль, цэцэрлэгийн хангамжийг сайжруулж өгөхийг хүсчээ
2016.03.11

Сургууль, цэцэрлэгийн хангамжийг сайжруулж өгөхийг хүсчээ

 Намрын чуулганы завсарлагаагаар гишүүд тойрогтоо ажиллаж, УИХ-аас баталсан хууль, тогтоомжийг танилцуулж буй.

Мөн баталсан хууль нь амьдралд хэр нийцтэй байгааг судалж, иргэдийн санал бодлыг сонсдог билээ. Үүний дагуу  УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт ажилласан байна. Тэрбээр тус дүүргийн 12 дугаар хорооны иргэдтэй уулзахдаа “Намрын чуулганаар Хамтын тэтгэврийн болон Сонгуулийн тухай зэрэг хэд хэдэн чухал хууль баталсан. Бид  Сонгуулийн тухай хуульд саналын хуудасны  50 хувийг гараар тоолох заалт тусгуулсан.  Эдийн засаг хүнд, ам.долларын ханш өндөр байгаа энэ үед дүүрэг, орон нутгийн төсөвт шаардлагатай санхүүг суулгах ажлыг цаг тухайд нь хийж байна. Үүний үр дүнд Баянхошуунд нэг шинэ сургууль ашиглалтад орлоо” гэв.

Сонгинохайрхан дүүрэгт хүн ам олон, гэр хорооллын өрх ихтэй. Тиймээс гэрэлтүүлэг шийдэх шаардлага их гардаг аж. Үүнд найман тэрбум төгрөг шаардлагатайг  дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар онцлов. Иргэд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгааг хэлж, үүнийг шийдэх, хуучин барилгыг нэг давхраар нэмэх байдлаар ч болов зохицуулж, хөрөнгийг нь шийдүүлж өгөхийг Д.Сумъяабазар гишүүнээс хүссэн байна.