Залууст ажлын байр гаргаж өгөхийг хүсч байна
2016.03.16

Залууст ажлын байр гаргаж өгөхийг хүсч байна

Манай улсын ид ажиллах насны залуус илүү сайн цалин, ирээдүйн амьдралын баталгааныхаа төлөө гадаадад гарч ажиллаад удлаа.

Энэ үйл явцыг ахмадууд буруу зүйл хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын иргэдтэй хийх уулзалтын үеэр шүүмжлэн илэрхийлж байв. Тэд “Залуучууд ихээр гадагшаа гарч ажиллаж байгаа нь төр, засгийн зүгээс тэдэнд чиглэсэн ажлын байр бий болгохгүй, байгаа нь цалин хөлс муу, цагтаа өгдөггүй зэргээс болж байна. Тиймээс залуус хөдөлмөрөө зүй ёсоор үнэлүүлэхийн тулд гадны орныг зорьж байгаа.

Гэхдээ эрүүл мэндээрээ хохирч байна. Мөн энэ асуудлаас үүдэн залуу гэр бүлүүд маш ихээр салж байна. Энэ мэтчилэн байдлаар хохирохгүйн тулд Монголдоо үлдэж байгаа хэсэг нь барилгын ажил хийх юм. Харамсалтай нь нөгөө компаниуд нь цалин хөлсийг нь өгөхгүй байна” хэмээн өөрсдийн амьдрал дээрх жишээг ярьж байсан юм. Түүнчлэн МоАХ-ын анхдагч гишүүн эмэгтэй “Гишүүд талцаж, хуваагдахаа больмоор байна. Ер нь монголд нам гэдэг зүйл хэрэггүй юм байна. Сонгууль болохоор иргэд биднийг ашиглачихаад хаячихаж байна. Манай намаас сонгогдсон гишүүн дүүрэгт ажил хийх нь битгий хэл бидэнтэй ирж уулздаггүй. Харин Д.Сумъяабазар ирээд байх юм. Одооноос эхлээд намыг биш хүнийг нь харж сонгоцгооё” хэмээн хорооныхоо иргэдийг уриалж байв.