Жадамбаа.Ц 2016.03.16 | Сонин: Өнөөдөр сонин

Хөдөөд интернетийн хурд нэмэгдэж, үнэ буурав

Хөдөөд интернетийн хурд нэмэгдэж, үнэ буурав

Монгол Улсын интернэтийн нийт хэрэглээний 84 хувь нь Улаанбаатарт төвлөрдөг.

Хэдийгээр орон нутгийн иргэд нийт хэрэглээний 20 хүрэхгүй хувьд хамаатай ч хотынхны хэрэглэж буйгаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр хэрэглэж байгаа нь шударга гэж үү. Чухам энэ зөрүүг арилгах даалгаврыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр долоо хоногийн өмнө, “Шийдлийн цаг”-аар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт ажиллах үеэрээ тус газрын дарга Ц.Жадамбаад даалгасан.

Энэ дагуу орон нутагт интернэтийг ижил унэ, тэгш хурдаар өгөх боломж бүрдсэнийг өчигдөр тэрбээр зарлалаа. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК орон нутгийн өгөгдлийн сүлжээг өргөтгөж, аймаг бүрийн сулжээг 1 Гбит/с хурд бүхий багтаамжтай болгох ажлыг шат дараатайгаар гүйцэтгэн, 16 аймгийн төвийг холбожээ. Үлдсэн Баян- Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн сүлжээг ирэх сарын 1 гэхэд өргөтгөх юм байна.

Ингэснээр орон нутагт интернэтийн хурд гурав дахин нэмэгдэж, хэрэглэгчдэд хүргэх үнэ тариф хотынхтой адил болж буй аж. Тодруулбал, орон нутгийн иргэд 1Mbps интернэтийг өмнө нь 55 мянган төгрөгөөр хэрэглэдэг байсан бол 13 мянган төгрөг болж байна.

Энгийнээр хэлбэл, хэрэглэгч нэг цахим хуудсыг нээхэд 40 сөкунд зарцуулдаг байсан нь 11, гурван минут үргэлжлэх дуу сонсохын тулд 120 секунд “уншуулдаг” байсан нь 32 секунд болж, youtube-ээс юуг ч төвөггүй үзэх нь.

Ингэснээр орон нутагт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, чанар дээшлэх нөхцөл бүрдэж, газар зүйн байршлаас үл хамааран интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэх боломж нээгдэж буйг Мэдээллийн төхнологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа онцолсон. Хамгийн ойрын жишээ татахад, удахгүй болох сонгуулийн өмнө иргэдэд мэдээллийг жигд, хүртээмжтэй болгоход ч энэхүү ажил үр дүнгээ өгнө хэмээн найдаж буйгаа албаныхан хэлж байсан юм. Дашрамд дурдахад, өнөөгийн байдлаар үндсэн сүлжээгээр өгөгдөл дамжуулах хүчин чадал нь нийт 2.5 Гбит/с байгаа аж.

Ирэх сарын 1-нээс тоон гарын үсэг олгоно

Интернат иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсноор цахим орчинд төрийн, санхүүгийн зэрэг төрөл бүрийн үйлчилгээ авах, гэрээ хэлцэл хийх болон албан бичиг илгээх, хүлээн авах зэрэг хэрэгцээ шаардлага үүсэж буй. Цахим орчинд итгэлцэл бий болгох, мэдээллийг аюулгүй дамжуулах, нууцлан хамгаалахад тоон гарын үсэг шаарддаг. Тиймээс ч Засгийн газрын ээлжит хуралдаанаар тоон гарын үсгийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан Мэдээллийн төхнологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа зарим мэдээллийг тодруулан, тайлбарласан.

Засгийн газрын хуралдаанаас тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хамтран ирэх сарын 1-нээс тоон гарын үсэг, түүний гэрчилгээг иргэний үнэмлэхэд бичиж олгохыг холбогдох хүмүүст даалгаад буй. Тус байгууллага төрийн албан хаагчдад ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс тоон гарын үсэг, түүний гэрчилгээг олгож, холбогдох мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах үүрэг хүлээсэн.

Тоон гарын үсгийн гэрчилгээг төрийн албан хаагчийн иргэний үнэмлэхэд бичиж олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханд даалгажээ. Цахим гарын үсгийн тухай хуульд тоон гарын үсгийн гэрчилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд иргэн, аж ахуйн нэгжид олгохоор заасан. Энэ дагуу гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Интөрактив” болон “СССК” ХХК-ийн түншлэлд олгожээ. Уг туншлэл дэд бутцээ байгуулан “Мон пасс” нэрийн дор зах зээлд үйлчилгээгээ танилцуулж, тоон гарын үсгийн хэрэглээг түгээхэд бэлэн болсон байна.