Л.Эрдэнэчимэг гишүүн СХД-ийн долдугаар хороонд ажиллав
2016.03.17

Л.Эрдэнэчимэг гишүүн СХД-ийн долдугаар хороонд ажиллав

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэдтэй уулзаж, шар усны үерт автсан айл өрхийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.

418 өрхтэй тус хорооны 300 гаруй нь шар усны үерт автсаныг тус хорооны Засаг дарга Б.Сэлэнгэ хэллээ. Нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай 10 гаруй өрх байгааг дуулгасан юм.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэд шар усны үерт автаж байна гэсэн гомдол сүүлийн хоёр жил надад ирсэн. Өнгөрсөн жилийн төсөвт 100 сая төгрөг суулгуулсан ч энэ мөнгөөр нь далан, шуудуу барих ажлыг хийх компани алга. Энэ орчмыг үерээс хамгаалахын тулд гудамж бүрт ус зайлуулах далан барих шаардлагатай. Гэвч үүнийг хийхэд 500-600 сая төгрөг хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдлыг шийдэх арга нь Онцгой байдлын ерөнхий газар болон дүүрэг, хороодтой хамтарч элсээр дүүргэж, усыг нь соруулж авах зэрэг арга хэмжээ авна. Цаашид нийслэл болон улсын төсөвт дээрх мөнгийг суулгуулж байж асуудал шийдэгдэнэ гэж хэллээ. Тэрээр энэ орчимд дахин төлөвлөлт хийх боломжтой ч одоогийн байдлаар компаниуд шалгараагүй, иргэдтэй тохиролцоонд хүрээгүй учраас орон сууцжуулж чадахгүй байгааг мөн ярьсан юм.